Манайхан л ардчилсан нийгмийг тайван замаар байгуулсан, бид ардчилсан улс оронд амьдарч байна гэх зэргээр хөөрдөг болохоос биш бид чинь зэрлэгдүү капиталист нийгэмд амьдардаг юм шүү дээ. “Ардчиллын алтан хараацай”, “Ардчиллын анхдагчид” гээд мэдэх мэдэхгүй нөхөд сүрхий өөрсдийгөө тунхаглана. Үхсэн хатсны ардчилал вэ. Өнөөдөр ардчиллын утга алдагдсан, үнэ цэнэ гэж хаана юу оршиж байдгийг ч анхдагч хэмээгчид нь мэдэхгүй. Өнөөдрийн энэ арчаагүй байдалд авчирсан хүмүүс бол ардчилагчид хэмээн цээжээ дэлдэгчид. Ардчилсан нийгэм байгуулсан, бид хөгжүүлнэ хэмээн 27 жил хөөрцөглөөд Монгол Улсыг ямар байдалд авчирсныг хараарай та нар.
Тийм байтал “Далайн горхины дээрэмчин” С.Эрдэнэ ардчиллын анхдагчдад байр өгч мөнгө тараах тухай хууль санаачилж байгааг юу гэж үзэх вэ. С.Эрдэнэ мэтийн дээрэмчинд нийгэмд үүсээд байгаа байдал, эдийн засгийн хямрал ямар ч хамаагүй учраас ийнхүү сонгууль угтсан, АН-ын даргын байр сууриа хадгалж үлдэх гэсэн арчаагүй зүйл санаачилж суугаа байх даа. УИХ-д иргэдээ төлөөлж байгаа Төрийн түшээ хүн ийм хүнд цагт ингэж хийрхэж суугааг юу гэж ойлгох вэ. С.Эрдэнэ мэтийн анархизмын санаачилсан хууль арай ч өнөөдөртөө УИХ-ын босго даваад гарчихгүй байх. Хамгийн гол нь ийм хүнд цагт энэ мэтхэн хууль санаачилж суугаа нь дэндүү эмэгнэлтэй хэрэг.
Хэрвээ ийм хууль батлагдлаа гэхэд “Ардчиллын алтан хараацай”, “Ардчиллын анхдагчид”-ын тоо эрс өснө. Магадгүй ардчиллын салхи сэвэлзэж байхад өлгийтэй байсан нөхөр “Би анхдагч” гээд явж байхыг үгүйсгэх аргагүй тийм үед бид амьдарч байна.
Х.Баатар
Шуурхай.мн