Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх "Макро эдийн засгийн тогтвортой удирдлагыг хангах", "Нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх", "Эдийн засгийн өсөлтийг дэмжих" гэсэн гурван шинэчлэлийн арга хэмжээнд Япон улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэх юм.
Тус хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:
Зээлийн нөхцөл: 32 тэрбум иен
Зээлийн жилийн хүү: 0.8 хувь
Зээлийн хугацаа: 20 жил
Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 6 жил байх юм.
Хоёр улсын Засгийн газар хоорондын солилцох ноот бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулав.
-Хоёр улсын Засгийн газар хоорондын солилцох ноот бичигт гарын үсэг зурсан байна. Санхүүжилт хэзээ орж ирэх вэ?
-ОУВС-тай байгуулсан Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа санхүүжилтийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд Японы Засгийн газраас авах 850 сая долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. 1990 оноос хойш манай улс нийгэм, эдийн засгийн хүнд бэрх үетэй тулгарах бүр Японы Засгийн Газар бидэнд төсвийн дэмжлэг олгож ирсэн. Энэ удаагийн 850 сая ам.долларын хэлэлцээр 5 дахь удаагаа Японы Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт үзүүлж буй дэмжлэг юм. 850 сая ам.доллар гурав хувааж өгөгдөнө. Энэ удаагийн зээлээр нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх дэмжлэгийг эрчимжүүлэх, эдийн засгийг тогтвортой удирдлагаар хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих гэсэн чиглэлд улсын төсвийн ачааллыг хөнгөвчилж, нийгэм эдийн засгийг тогтворжуулахад дэмжлэг болно.
-Ямар шатлалаар орж ирэх вэ?
-2017-2019 оны хооронд жил болгон 283.3 сая долларын хэмжээтэйгээр төсөвт дэмжлэг олгох зорилгоор өгөгдөж байгаа зээл юм. Зээлийн эхний хэсэг энэ ондоо багтаж орж ирнэ. Өнгөрсөн хугацааны эдийн засгийн хүнд үед байнга тусалж дэмжиж ирсэн Японы Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлж байна.