Тавдугаар сарын 21-нд Мариуполь хотыг бүрэн эзэлсний дараа Оросын зэвсэгт хүчин бүх хүчээ Донбассын фронтод төвлөрүүлэх боломжтой болсон юм.
Үүний үр дүнд дайн эхэлснээс хойш гурван сар орчмын дараа Оросын цэрэг тулааны талбарт анх удаа ахиц дэвшил гаргасан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Одоо тус улсын арми Донбассын хойд хэсгийн Изюм, төв хэсгийн Северодонецк, өмнөд хэсгийн Попасна гурван хотын чиглэлд довтолж байгаа юм.
Сүүлийн өдрүүдэд Попасна хотын орчимд Оросын цэрэг амжилттай довтолж, хэд хэдэн сууриныг эзлэн авсан байна. Попасна, Изюм хотуудыг эзэлж чадвал Донбассын фронтод тулалдаж байгаа Украины армийн 50,000 орчим хүнтэй хүчийг төвөөс нь салгаж, бүслэх боломжтой болох юм.
Украины мэдэлд байгаа хамгийн зүүн захын хот болох Северодонецкийг Оросын арми сүүлийн өдрүүдэд тасралтгүй бөмбөгдөж байна. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский уг бөмбөгдөлт Донбассыг “там” болгож байгааг өмнө нь хэлж байсан юм.
Северодонецк хотод 1,500 орчим хүн амиа алдаад буйг тус хотын захиргаа өчигдөр мэдээлжээ.
Гэхдээ Украины зэвсэгт хүчин Өрнөдийн орнуудын илгээсэн зэвсэг техникийг эзэмших сургалт дадлага дуусаагүй байгаа үед Оросын довтолгоо хэсэг хугацаанд эрчимжих нь тодорхой гэж НАТО-гийн мэргэжилтнүүд үзэж байна.
“Танк болон хуягт тэрэгнүүдийг эзэмших хувийн болон багийн сургалт дуусах болоогүй байна. Тактикийн сургалтыг хэдхэн долоо хоногийн дотор дуусгах боломжгүй. Сургалтын нэг ээлжид хамгийн багадаа зургаан сарын хугацаа шаардагдана. Дайны үед ч үүнийг богиносгох боломжгүй” гэж НАТО-гийн чөлөөнд гарсан генерал Константинос Лукопулос ярьжээ.
Тэрбээр цааш нь тайлбарлахдаа “Өрнөдийн илгээсэн зэр зэвсгийг бүрэн эзэмшиж, ашиглаж эхлэх хүртэл Украины талд наймаас есөн сарын хугацаа шаардагдана. Одоо байлдаж байгаа анги нэгтгэлүүдийг фронтоос татаж аваад сургах боломжгүй” гэсэн байна.
“Одоогийн хүчний харьцаа ерөнхийдөө Оросын талд ашигтай байна. Яг одоо үүнийг өөрчлөх арга байхгүй. Хэдхэн сарын дараа бэлтгэгдсэн нөөц хүч шинэ зэвсэгтэй фронтод ирэхэд Украины тал Оросын эсрэг сөрөг довтолгоо эхлэх боломжтой болно” гэж тэр ярьжээ.
Энэ зурвас хугацаанд Оросууд ялалт байгуулж чадахгүй бол дахин ийм боломж гарах магадлал бага гэж генерал Лукопулос дүгнэсэн байна.
Эх сурвалж: Aljazeera