Улиастай руу эргэх зам дээр нийтийн тээврийн автобус, ачааны машинтай мөргөлдсөн осол өнөөдөр гарчээ.
Энэ талаар Тээврийн Цагдаагийн Албанаас "2022.05.18-ны өдрийн 12:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 23 дугаар хороо, Улиастай руу эргэх зам дээр нийтийн тээврийн автобус, том оврын машин мөргөлдсөн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна.
Ослын нөхцөл байдлын тухайд "Daewoo" маркийн автобус Улиастайн уулзвараас хойш 200 метр орчим зайд "Киа бонго" маркийн ачааны автомашинтай мөргөлдөж, "Киа бонго" маркийн автомашины жолоочийн амь хохирсон ноцтой зам тээврийн осол гарсан.
Ослын газарт цагдаагийн болон эмнэлгийн 103, онцгой байдлын шуурхай бүлэг 105-ын бүрэлдэхүүн ажиллалаа.
Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийн өөрт холбогдох заалтыг судалж, мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна" хэмээн мэдээллээ.