Хил гаалийн гацаанаас үүдэж экспортын биет хэмжээ буурсан ч үнэ өндөр түвшинд байсан тул гадаад худалдааны орлого сайжирсан байна. ГЕГ-аас мэдээлснээр 4-р сарын байдлаар экспорт 2.8 орчим тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.1 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 450 сая ам.долларын ашигтай гарсан байна.
Нийт экспортын 86 хувийг зэс, нүүрс, алт гэсэн гурван түүхий эд бүрдүүлсэн. Дэлхийн зах зээлд дээрх экспортын гол бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж буй нь валютын орлого тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж буй.
Зэс: Ногоон эдийн засаг, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний технологийн гол бүрэлдэхүүн болох зэсийн үнэ сүүлийн жилд эрчимтэй өссөөр түүхэн дээд түвшиндээ хадгалагдаж буй. Зэсийн үнэ тонн тутамдаа 10 мянган ам.доллар орчимд хадгалагдсан нь 2020 онтой харьцуулахад бараг 2 дахин өндөр үзүүлэлт юм. Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцлээ үргэлжлүүлж буйтай холбоотойгоор зэсийн үнэ цаашид ч өндөр түвшинд хадгалагдах хүлээлттэй байгаа нь манай экспортын орлогыг дэмжихээр байна.
Нүүрс: Хилийн хязгаарлалтаас үүдэж Монголоос БНХАУ руу гаргаж буй нүүрс ачсан автомашины тоо хэмжээ ковид гарахаас өмнөх хэвийн үетэй харьцуулахад огцом буураад байгаа ч нүүрсний үнэ өндөр байгаа нь орлогыг дэмжиж байна. Тухайлбал, Sxcoal-ийн мэдээлснээр Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний дундаж үнэ 4-р сард тн тутамдаа 306.5 ам.доллар байсан нь өмнөх сараас 21 ам.доллар, өмнөх оны мөн үеэс 197.36 ам.доллароор өндөр үзүүлэлт байжээ. Цаашид нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлснээр орлого өсөж, гадаад худалдааны ашиг нэмэгдэх боломжтой байна.
Хүснэгт: Монголын БНХАУ-д экспортолсон нүүрсний үнэ, хэмжээ
|
2021 он |
2022 он |
Нүүрсний экспортын биет хэмжээ (эхний 4 сард) |
6.9 сая тн |
3.5 сая тн |
Нүүрсний экспортын дундаж үнэ, 1 тн (4-р сар) |
$109.1 |
$306.5 |
Эх сурвалж: Sxcoal