Сар хагас орчим хугацаанд бүслэлтэд байгаа Мариуполь хотыг хамгаалан тулалдаж байсан Украины 1,000 гаруй тэнгисийн явган цэрэг зэвсгээ хаян бууж өгсөн тухай ОХУ-ын батлан хамгаалах яам Лхагва гарагт мэдээлжээ.
Азовын тэнгисийн гол боомт Мариуполь хотыг эзлэх нь Оросын талд чухал байгаа. Ингэвэл Крымийн хойгийг Украины дорнод хэсэгтэй хуурай замаар холбож чадах юм.
Одоогоор Мариуполийн Азовстал аж үйлдвэрийн дүүргийг Украины цэргүүд хамгаалан тулалдаж буй. Хэрвээ энэ дүүргийг эзэлж авбал Оросууд Мариуполь хотыг бүхэлд нь хяналтдаа авах юм.
Ингэвэл Мариуполь нь эзлэн түрэмгийлэл эхэлсэн хоёрдугаар сарын 24-нөөс хойш Оросын цэрэгт эзлэгдсэн Украины анхны том хот болно.
Украины батлан хамгаалах яам ОХУ-ын талаас тараасан мэдээг няцааж, одоогоор цэргүүд бууж өгсөн тухай мэдээ ирээгүй байгааг зарлажээ.
Оросын талын мэдээлснээр Украины тэнгисийн явган цэргийн 36 дугаар бригадын 1,026 цэрэг бууж өгсөн гэнэ.
Өчигдөр Киевийн ойролцоох Буча тосгонд хүрэлцэн очсон Олон Улсын Эрүүгийн Шүүхийн ахлах прокурор Карим Хан “Украин улс гэмт хэргийн талбар болжээ” хэмээн мэдэгдсэн байна.
Тэрбээр Оросын цэргүүдийн үйлдсэн дайны гэмт хэргийн баримтуудыг цуглуулж яваа юм.
Оросын цэргийн орхиж явсан Киев орчмын тосгон сууринуудаас энгийн иргэдийн амийг бүрэлгэсэн, эрүүдэн шүүсэн, хүчиндсэн баримтууд олдсоор байна.
Киевийн цагдаагийн албаны өчигдөр мэдээлснээр нийслэлийн ойр орчмын бүсээс нийтдээ 720 цогцос олдож, 200 гаруй хүн сураггүй болжээ.
Мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн үгэндээ Украинд явуулж буй ажиллагаа нь төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг дурдаад зорилгоо биелүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байгааг илэрхийлсэн юм.
Харин Лхагва гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Сар гаруйхан хугацаанд хэдэн арван мянган цэргээ алддаг ямар төлөвлөгөө байдаг юм бэ?” хэмээн тохуурхсан байна.
Донбассын бүс нутагт удахгүй эхлэх тулаан аль аль талдаа асар их хохирол авчирч, дайны хувь заяаг эцэслэн шийднэ гэж шинжээчид дүгнэж байгаа.
Украины батлан хамгаалахын дэд сайд Ханна Маляр өчигдөр хийсэн мэдэгдэлдээ энэ тулаанд Оросын тал химийн зэвсэг хэрэглэж болзошгүй байгааг анхааруулжээ.
Эх сурвалж: Reuters