Бямба гарагт Манчестер Юнайтед болон Эвертон клубүүдийн хооронд болсон тоглолтын дараа хөл бөмбөгийн супер од Кристиан Рональдогийн гаргасан зохисгүй үйлдлийг мөрдөн шалгаж эхэлснээ Мерсисайд хотын цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.
Уг тоглолтод Манчестер Юнайтед өрсөлдөгчдөө 1:0 харьцаагаар хожигдсон юм.
Тоглолтын дараа талбайгаас гарч явахдаа Рональдо нэгэн хөгжөөн дэмжигч хүүгийн гар утсыг цохин унагаж байгаа нь дүрс бичлэгт үлдсэн байна.
“14:30 цагт тоглогчид талбайгаас гарч явах үед нэг тоглогч өсвөр насны хүүгийн биед халдсан гэх мэдээлэл хүлээж авсан. Одоо мөрдөгчид Эвертон клубтэй хамтран ажиллаж, хяналтын камерын бичлэгийг шалгах, гэрчүүдээс мэдүүлэг авах ажлыг зохион байгуулж байна” гэж Мерсисайдын цагдаагийн газар мэдэгджээ.
Манчестер Юнайтед клуб болсон явдлын талаар мэдэж байгаа бөгөөд цагдаа нартай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.
Португалийн хөл бөмбөгчин Кристиан Рональдо зохисгүй үйлдлээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйсан мэдэгдлийг сошиал хуудсандаа нийтэлжээ.
“Бидэнд тохиолдсон шиг хүнд хэцүү цаг үед сэтгэл хөдлөлөө барих үргэлж хэцүү байдаг. Гэхдээ бид энэхүү гайхамшигтай спортод хайртай хүүхэд залуучуудад үргэлж хүндэтгэлтэй, тэвчээртэй хандах ёстой. Би гаргасан үйлдлийнхээ төлөө уучлал гуйж, хэрвээ зөвшөөрвөл энэ хөгжөөн дэмжигчийг Оулд Траффордод болох тоглолтдоо урьж байна” гэж тэр бичсэн байна.
Эвертонд хожигдсоноор Манчестер Юнайтед клуб Аваргуудын Лигийн тоглолтод шалгарах боломжоо алдсан юм.