Үндсэн хуульдаа байгалийн баялаг төрийн өмч гээд заачихаар төрд байгаа хэдхэн хүний гэр бүлийн өмч болж, нийгэмд баян ядуугийн ялгаа хэтэрч, тэгш бус байдал ноёрхон, иргэдийн ядуурал гамшгийн хэмжээнд хүрдэг юм байна гэдгийг яс махандаа тултал ойлгож, мэдсэн учир Монголчууд бид байгалийн баялгийг төрийн болон нийтийн өмч болгож “Эцэг хууль"-даа өөрчлөлт оруулсан нь саяхан.
Өнөөдөр Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтийн дагуу “Байгаль орчныг хамгаалах тухай” хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна.
Гэтэл энэ өөрчлөлтөд зөвхөн газрын хэвлийн баялгийн тухай хэдхэн заалт оруулж газрын дээрх баялаг буюу өөрсдийнх нь хууль бус орлогын эх үүсвэр-байгалийн нөхөгддөг баялгийг БОАЖЯ-ны авлигачид санаатайгаар орхигдуулан УИХ-аар хэлэлцүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ХЗДХЯ, Сангийн яамыг аргалсан шигээ та нарыг хүүхэд адил хуурч, өөдөөс чинь инээмсэглэж байгаад нүүр рүү чинь нулимж байна.
Өөрөөр хэлбэл, тэд энэ хуулийн авлигадаа ашигладаг бүх хуучин заалтуудыг, ялангуяа Байгалийн баялгийг өмчлөх, байгаль орчныг хамгаалах гэсэн 6 дугаар зүйлийн 1 дэх “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг төрийн өмч мөн бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээр ашиглахаас бусад тохиолдолд халдашгүй байна" гэсэн заалтыг яг тэр хэвээр нь үлдээж, сурсан зангаараа хуулийн хулгай хийж байна. Маш танил заалт, бүр ч танил арга барил байгаа биз! Чухамхүү энэ хуулийн авлигажсан заалтуудыг ашиглан БОАЖЯ-ны түшмэдүүд манай иргэдийн өөдөөс хэрхэн хаад ноёд царайлж, авлигаар баяжин монголчууд биднийг түүхэндээ байгаагүй цөөн амьтан, ургамал, цэвэр усны нөөцтэй болгож, газар нутгийг минь бүхэлд нь яаж цөлжүүлж байгааг бид “Өдрийн сонин”-ы 2021 оны аравдугаар сарын 27-ны дугаарт “Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд ээ! Өвөг дээдсээс өвлүүлсэн үнэт баялаг-Байгаль орчноо авлигачдаас хамгаалж хойч үедээ бүрэн бүтнээр нь үлдээе” гэсэн бүтэн тал нүүр нийтлэл бичиж та бүхэнд анхааруулсан.
Гэтэл өнөөдөр БОАЖЯ-ны авлигачид инээж байгаад та нарын нүүр рүү нулиман бидэнд ямар хүчтэй байгаагаа гайхуулж байна. Эдгээр авлигачид та нараар дамжуулан иргэдийн дунд “Бага Үндсэн хууль” гэгддэг болсон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3.1-ийн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ”, 3.2-ийн “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын чиг үүрэг, бүрэн эрхийг бусад хуулиар тодорхойлохдоо энэ хуульд заасан зарчим, нийтлэг зохицуулалтыг баримтална” гэснийг болон Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1.,6.2 дахь заалтуудыг нулимж байна. Авлигачид үнэхээр хүчтэй байна!
Иймээс Үндсэн хуулийг уландаа гишгэн, нийтийн эрх ашиг, хүний эрх, эрх чөлөөг парламентын гишүүдийнх нь нүдэн дээр дэвсэлж байгаа эдгээр эрээгээ алдсан авлигачдад шинээр мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын Их Хурлын Хяналт Шалгалтын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, УИХ-аар хэлэлцэж байгаа “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийг “Эцэг хууль” болон “Бага Үндсэн хууль” -д нийцүүлэн өөрчилж, өвөг дээдсээс минь өвлүүлж үлдээсэн юугаар ч сольшгүй үнэт баялаг болох байгаль орчноо яамны авлигачдаас хамгаалж хойч үедээ бүрэн бүтнээр нь үлдээхэд том тус болооч гэж та бүхнээс хичээнгүйлэн хүсч байгааг хүлээн авч ажил хэрэг болгож өгнө үү.
Гэхдээ албан тушаалд нь бус авлигачдад өөрсдөд нь хуулийн хариуцлага тооцдог болох цаг болсон гэдгийг онцгойлон анхааруулмаар байна. Ганцхан жишээ л гэхэд, үхэр гоньд/Saposhnik-ovia divaricata Turz.Schischk./- ыг орон нутагт хонин шүүр, шүхэргэнэ, хонин шүхэргэнэ, зэгнэ хэмээн янз бүрээр нэрлэдгийн нэг нь дэрвэгэр жиргэрүү юм.
Хаа сайгүй ургадаг, хүн болгон мэддэг, давсалж савласан ногоон дотор хүртэл “давхиж явдаг” гоньдыг мэдэхгүй нэрээр нь нэрлэж Монгол Улсын хууль, олон улсын гэрээг санаатай зөрчин урд байсан сайдынхаа тушаалыг хүчингүй болгон энэ ургамалд зөвшөөрөл олгож, явахдаа буцаан хорих тушаал гаргаж байсан авлигачид болох Д.Оюунхорол, Н.Цэрэнбат нар өнөөдөр төрд ажиллан бидний нүүр рүү нулимсаар байгааг эрхбиш анхаарах байх гэж та бүхэнд найдаж байна.
Ер нь Монгол Улсын Ерөнхий сайд үнэхээр улс эх орон, газар нутаг, ард иргэдээ гэж бодож байгаа бол “Байгалийг оршуулан ашиглаж жаргах яам” буюу БОАЖЯ гэх энэ авлигын үүр, уурхайг татан буулгаж чиг үүргийг нь холбогдох оюуны өмч бүхий мэргэжлийн холбоодод шилжүүлэх цаг болсон. Ингэж байж л улсын төсөв гэгдэх хүүхэд, хөгшид, эмч, багш нарт зориулагдах ёстой мөнгөнөөс нэг ч төгрөг зарцуулахгүйгээр эх орон цөлжилт, иргэд ядуурлаас ангижран амьтан, ургамал, цэвэр усны нөөц өсч, аялал жуулчлал цэцэглэн хотын түгжрэл, утаа, бохирдол жинхэнэ утгаараа арилна.
Монгол Улсын шинжлэх ухаан, байгаль орчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Амарсанаа