Оросын явуулж буй дайны улмаас ерөнхийлөгч Володимир Зеленский амь үрэгдсэн тохиолдолд Украины засгийн газарт үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулах төлөвлөгөө байгааг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ.
Зеленскийн амь насанд халдах оролдлого гарсан тухай, Украины ерөнхийлөгчийн ордны ойролцоо бөмбөг дэлбэрсэн тухай мэдээнүүд сүүлийн үед ирсээр байгаа.
“Украинчуудад засгийн газрынхаа үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах төлөвлөгөө байгаа. Би энэ талаар дэлгэрэнгүй яримааргүй байна” гэж Энтони Блинкен өчигдөр CBS News сувгийн “Face the Nation” нэвтрүүлэгт оролцохдоо ярьжээ.
Өнгөрсөн долоо хоногт Зеленскийн амь насанд халдах оролдлогыг Оросын аюулгүй байдлын албаны ажилтнуудын өгсөн мэдээллийн тусламжтай таслан зогсоосон тухай Украины тал мэдээлж байв.
Сүүлд Киев дэх ерөнхийлөгчийн ордны ойролцоо пуужингийн хэлтэрхий унасныг Украины аюулаас хамгаалахынхан бас мэдээлсэн юм.
Өрнөдийн орнуудын зарласан эдийн засгийн хориг арга хэмжээнүүд үр дүнгээ өгөхөд тодорхой хугацаа шаардлагатай ба үүнд дэлхий нийтээрээ бэлтгэлтэй байх ёстойг Блинкен ярьжээ.
“Ерөнхийлөгч Путиний Украинд явуулж буй түрэмгийлэл гүнзгийрч буйг бид харж байна. Харамсалтай нь энэ байдал хэсэг хугацаанд үргэлжилнэ. Бид үүнд бэлтгэлтэй байх ёстой” гэж тэр хэлсэн юм.
ОХУ-ын цэрэг Украинд халдан довтолсноосоо хойш Херсон хот, Запорожье дэх атомын цахилгаан станцыг эзлээд байна.
Эх сурвалж: Business Insider