fbpx Монгол үндэсний аж төрөх ёс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/26
Унших
15 минут 37 секунд

Монгол үндэсний аж төрөх ёс

Үзээгүй сонин сайхныг үзэхсэн гэж, сонсоогүй сонин сайхныг сонсохсон гэж, олоогүй ховор сайхныг олохсон гэж, бүтээгээгүй гоц сайхныг бүтээхсэн гэж, жаргаагүй үлэмжийн сайхнаар жаргахсан гэж, амьдраагүй эрхэмсэг сайхнаар амьдрахсан гэж хүсэмжлэн тэмүүлж явдаг нь хүмүүн хэмээх өөдрөг сэргэлэн амьтны насан заяаны хувь тавилан нь юм байна аа. Хэрэглээгүй сайхныг хэрэглэх сэн гэж, жаргаагүй жаргалаар жаргахсан гэж, амьдраагүй сайхнаар амьдрах сан гэж тийнхүү айл саахалт, нутаг ус, хотол түмнээрээ амь санаа нэгтэй нөхөрсөг нигүүлсэнгүй амьдардаг ариун журамт зан суртахуунтай нэгэн бүлэг хүмүүс энэ бөөрөнхий алаг дэлхийн нарлаг сайхан өвөр энгэрт нь ээнэгшин амьдарч эрин зуун олныг элээсэн нь эдүгээ цагийн эрх танхил бидний монгол түмэн юм санжээ. Тэгээд л хэн нэгнийгээ гадуурхаж алагчлахгүй, айл саахалт, нутаг ус, хотол олноороо амь санаа нэгтэй амьдарч, тэр тоолон амьдрал ахуй нь улам улам дээшлэн сайжраад л тийнхүү дээшлэн сайжрах тусмаа улам улмаар сайжрахсан гэж бүх нийтээрээ зэрэг зэрэг хүсэмжлэн тэмүүлээд л, тэр хэрээрээ шамдан хичээж ажиллаад л ажиллах тусмаа сайжраад л тийнхүү монгол хүний хүсэл ажил хоёр нь нарт хорвоогийн өдөр шөнө хоёр мэт ээлжлэн хөөцөлдөж олон арав, зуу, мянга, түм дахин эргэлдсээр нэг л мэдэхэд хүн төрөлхтний нэн содон эрхэмсэг оршихуйн анхны өндөр алтан босгыг нийтээрээ даваад орчихжээ. Тэр нь төв Азийн тэгш өндөрлөг дэх хангай, говь, тал хээрээр эрх дураараа сэлгэн нутаглаж амьдардаг монгол угсааны малчин хүмүүсийн нүүдэлчин соёл иргэншигтэй өвөрмөц нэгэн гүрэн улс байжээ.

Үнэхээр тийм болохоор тэрхүү Монгол Улсын дэлхийд одоо улам ховорхон дуулддаг болсон нүүдлийн соёл иргэншил хэмээгч нь амьдрал ахуйнхаа хувьд чухам үнэндээ юу билээ гэж өөрөөсөө асуулаа. Бэлэн зэхээний хариулах үг энэ удаа надад эл хульхан байв.

Яана гэхэв дэмий л дэвэн дэлхийн эсэн бусын элдэв зүйлийг хаман бодож баахан эргүүтэж үзлээ. Тэгтэл тэртээ нэгэн үед “социалист аж төрөх ёсыг нэвтрүүлэх тухай” Ардын намын XVII их хурлаас дэвшүүлсэн шийдвэрийг сурталчлахад зориулсан товхимол бичих даалгавар дарга нараас албан ажлын шугамаар аваад аж төрөх ёс хэмээх ойлголтын тухай ном, сонин сэтгүүл нэлээдийг уншиж байсан минь санаанд орлоо.Аж төрөх ёс гэдэг чинь юу билээ гээд сэргээн санах гэж оролдлоо. Нийгэм бүр заавал даган мөрдөж явдаг өөр өөрийн амьдрал ахуйд таарсан өвөрмөц үзэл санаа, хэв загвартай байдаг агаад түүнийг монгол хэллэгээр аж төрөх ёс гэж нэрлэдгийг бүүр түүрхэн сэргээж саналаа. Тэрхүү ахуй амьдралдаа хэний ч албадлагагүй зөнгөөрөө дагаж явдаг үзэл санаа, хэв загварыг (аж төрөх ёсыг) төлөвшүүлэхэд тухайн тодорхой түүхэн үеийн төр засаг, түүний нэрт удирдагчид шууд нөлөөлдөг гэж мэргэд нотолсон байдаг юм билээ. Жишээ нь манай нүүдэлчний аж төрөх ёсыг улам хүмүүнлэг энэрэнгүй, эгэл шудрага, цагаан цайлган болгон төлөвшүүлэхэд манай эзэн богд Чингис хаан болон Өгөөдэй тэргүүтэн чухал нөлөө үзүүлсэн тухай олон баримт Монголын нууц товчоо, Лу. Алтан товч зэрэг сурвалж бичгүүдэд үлдсэн байдаг юм байна. Үүний тодосгохын тулд өөрийн бичсэн “Анир” номондоо иш татаж байсан зарим баримтыг ахин толилуулмаар санагдлаа.

“Буурал түүхийн нэгээхэн чөлөөнд Тэмүүжин-Чингис хэмээх хүмүүн төрсөн байжээ. Түүний ач буянаар монгол угсааны хүмүүс эвлэлдэн нэгдэж Их монгол улсаа байгуулсан түүхтэй байдаг.

Чингис харин чухам ямар гээчийн гойд содон чанараараа дэлхийн нүүдэлчдийн түүхэнд урьд өмнө үзэгдэж дуулдаагүй тийм аугаа их гарамгай үйл хэргийг бүтээж чадсан хүн байв аа. Эр зориг, бяр чадлаараа тийм онц гарамгай байв уу. Эсбэл мэргэн ухаанаараан уу. гэвэл тэдгээрийн аль нь ч биш гэж түүх авга хариу өгдөг гэж байна.

Түүнийг гарамгай болгосон хамаг гол чанар нь тэр хүний зүрх сэтгэлд шингэсэн хүмүүнлэг энэрэнгүй хүмүүжил мөн байсан гэж тэрхүү түүхэн цаг үеийн баримтууд хариу хэлж өгдөг юм байна. Тухайлбал, 1. Нэгэн удаа хүү Өгөөдэй нь “ Та хүмүүсийг өрөвдөөд бас л нулимс унагааж байна уу” гэж түүнээс асуусан тухай мэдээ “Чингис хааныхны монголчууд” номонд үлджээ. “Бас л нулимс унагаж сууна уу” гэснийг бодвоос Чингис бусад хүний төлөө уйлдаг уян зүрхтэй усан нүдтэй нөхөр байжээ. Чингэхлээр Чингисийн хойчийг залгамжимлъя хэмээн хүсэж байгаа нь үнэн бол зовж зүдэрсэн хүний төлөө одоо цагийн монгол улсаар зүйроэвэл нэг сая тооны ядуусын төлөө халуун нулимсаа унагах сэтгэл зүрхний хүмүүжилтэй байх учиртай байна. 2. Чингис хаанд алдарт Чан Чунг дагалдан бараа бололцож явсан лам Ли Че-чан гэгч бээр ” Хятдуудын хэт тансаг амьдралаас тэнгэр бурхан залхжээ. Би (Чингис) умар зүгийн атар онгон нутгийн хүн. Энгийн борог орчиндоо очиж сэтгэл амар суумаар байна. Миний өмсдөг хувцас иддэг хоол бол үхэрчин адуучныхтайгаа адилхан. Цэргүүдийг дүү нар шигээ үздэг. Хэдэн зуун тулалдаанд ямагт өөрийн биеэр түрүүлж оров” хэмээн өгүүлж байсан гэж бумбын шашны гүн ухааны толь бичигт тэмдэглэн үлдээсэн байдаг гэнэ ээ. 3.1885-1952 онд амьдарч байсан Франц улсын ШУА-ын гишүүн зохиолч, сэтгүүлч судлаач Рене Груссет бээр “Чингис хааныхны монголчууд” номондоо “Тэдний ирэх буцах, явах суух нь үзэгдэж харагдахгүй түргэн бөгөөд өгөршиж хуучирсан соёл иргэншлийг гэсгээн цээрлүүлэхээр бурхнаас илгээсэн ташуур гэж өтгөс мэргэдийн өгүүлдэг нь үнэнд дөхсөн болов уу гэлтэй” гэж үнэлжээ. Тэр цааш нь “Аж төрөх ёс, орчин нөхцөл, үндэс угсааны үүднээс авч үзвэл Чингис хааны бодол уужуу, санаа сайн, ер бусын амгалан, үг дуу цөөн, үнэнч нөхөрсөг, хатуу чанга ч гэсэн сэтгэл зөөлөн, захиран хошуучлах гойд чанар бүрдсэнээр нүүдэлчин олныг байтугай, суурьшмал хүн зоныг ч дагуулах чадамжтай хүн байсан гэж бидэнд төсөөлөгддөг гэж лалын нэгэн бичгийн их хүний “Модит” хэмээх судартаа өгүүлснийг дамжуулан уламжилсан байна” гэснийг уламжилъя.

Эзэн Чингисийн оюун сэтгэлээс рашаан булаг мэт ундарч их Монгол улсаар дамжин дэлхийд танигдсан эдгээр цөөн баримт нь зөвхөн тэр хүнээр үл барам бүх Монголын нүүдлийн соёл иргэншлийн хамгийн үнэ цэнтэй аугаа гайхамшигт дотоод мөн чанарыг харуулсан байна. Тансаглах, чамирхах, гайхуулах зэрэг хийрхлээс ангид байдаг нь манай чингисч аж төрөх ёсны нэн содон гайхамшиг мөн биз. Эндээс цаашлаад монголын нүүдлийн соёл иргэншил гэдэг нь яалт ч үгүй Чингис хааны сэтгэл зүрхний хүмүүжлийг дээжлэн авч шингээсэн шилмэл аж төрөх ёс мөн гэмээ нь мөн гэж дүгнэн хэлж болох байна. Үнэхээр Чингисийн монгол хүмүүн гэдгээрээ бахархаж явахыг хүсдэг л бол элдэв илүү зан суртахууныг тэвчих хэрэгтэй байгаа юм аа. Ямарч атугай хэнд ч хэрэггүй тансаглаж төр түмний хамаг үнэт баялгийг үрэн таран хийхгүй эгэл даруухан ухамсарт амьдралыг бүхнээс илүү чухалчилмаар санагдана.

Миний төсөөлж байгаагаар орчин үед аж төрөх ёсны гурван томоохон загварчлал зонхилж байх шиг байгаа юм. Тухайлбал “Чи өөрийнхөө чадлаар амьдар, эс чадваас чамайг хэн ч тэжээхгүй” гэсэн дотоод агуулга бүхий аж төрөх ёс гэж байх шиг байна. Энэ бол хувийн өмчит зах зээлийн нийгмийн амьдралыг хөтөлж явдаг аж төрөх ёс буюу сэтгэл оюуны дотоод дэглэм журам юм. “Нэг нь нийтийнхээ төлөө, нийтээрээ нэгнийхээ төлөө” гэсэн агуулга бүхий аж төрөх ёс гэж байна. Энэ бол социалист нийгмийн аж төрөх ёс юм.Өнөөнийн Хятад, Вьетнам, Кубад ингэж л амьдарч байгаа. Тэд нийтээр тэгш дүүрэн, сайхан л амьдарч байна. Бас нэг ихээхэн өвөрмөц аж төрөх ёс бол “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэсэн агуулга бүхий аж төрөх ёс байна. Энэ бол энд миний ярих гэж хорхойсоод байгаа мөнөөх нүүдлийн соёл иргэншил бүхий нийгмийн аж төрөх ёс гэгч мөн.

Тэр нь хүмүүс харилцан бие биенээ дэмжин тусалж, аливаа бэрхшээл саадыг амь санаа нэгтэй даван туулдаг, ерөөсөө байнга тийм байхыг шаарддаг, эс дагавал монголчууд нүүдлийн соёл иргэншлээ алдах тийм л холын урхагтай аж төрөх ёс мөн байна. Монголчуудын нүүдлийн аж төрөх ёсны нэг содон онцлог бол тэнгэр шүтэх үзэл дээр тулгуурлаж тогтдог явдал юм.Энэ бол зөвхөн бөөгийн онгодоор үл хязгаарлагдах их өргөн цар хүрээтэй ойлголт байх. Тэр бол зөвхөн мөнх тэнгэрийг бус байгаль ертөнцийн юм бүхнийг цаанаа далдын эзэнтэй хэмээн итгэж түүнийг аргадан биширч амьдардаг ногоон аж төрөх ёс мөн биз ээ. Тэгээд харахаар нүүдэлчний аж төрөх ёс гэдэгт хэдэн содон онцлог харагдаад байдаг юм. Нэгдүгээрт тэр бол яалт ч үгүй хүн хүндээ итгэдэг чин үнэнч итгэл үнэмшил дээр тогтдог юм. Хоёрдугаарт, харилцан нэгнийгээ дэмжиж тусалдаг, нөхрийн хэрэг бүтвэл миний хэрэг бүтнэ гэж итгэж амьдардаг нигүүлсэнгүй цайлган үзэл санаан дээр тулгуурлаж тогтдог Гуравдугаарт, тэр бол хүнийг бүхний түрүүнд тавьдаг зүүний ардчилсан үзэл санаан дээр тулгуурлан тогтдог аж төрөх ёс мөн байгаа юм. Энэхүү нүүдэлчдийн аж төрөх ёсны энэ бүх онцлог чанарыг нэгтгэн харах аваас, нүүдэлчний аж төрөх ёс гэдэг нь байгаль дэлхий, хүн ба амьд ертөнцийг хайрлан хамгаалж аж төрдөг зүүний ногоон аж төрөх ёс мөн байна. Тэгвэл нүүдлийн соёл иргэншилт монголчуудын шүтэн дээдлээд байгаа тэр зүүн тал гэдэг чинь чухам үнэндээ ямар учиртай зүг чиг юм бэ? гэсэн асуулт тодорхой хариу нэхэж байна. Зүүн тал гэдгийг тодосгож ойлгоход холбогдох олон баримт сэлт монгол түмний ахуй амьдралд байдаг юм байна аа. Наад зах нь гэхэд хүмүүн бидний халуун амийг тээж явдаг хамгийн чухал эрхтэн болох зүрх гэхэд хүний цээжний зүүн талд байрладаг аж.

Тэгэхлээр тэрхүү зүүн тал бол ямар ч атугай амин тал буюу зүрхэн тал болдог учиртай юм байна. Хорвоо дэлхийн хэмжээнд томруулж харваас зүүн тал бол үүр хаяарч нар мандаж, гэгээн өдөр айлчлан ирдэг наран зүг юм. Ямартай ч гэсэн манай монголчууд гэрийнхээ хаалганы зүүн талын сэжүүрийг зөв хатавч буюу зөв тал хэмээн эрхэмлэж заншжээ. Унаа малынхаа зүүн талыг зөв тал хэмээн үздэг болсон нь маш эртний уламжлал мөн байж таарна. Манайхан хамгийн хүндтэй зочноо зүүн гар талдаа авч явдаг ёс байдаг. Хүн, түүний амьдралыг нэгдүгээрт тавьдаг үзлийг зүүний үзэл, тийм нам хөдөлгөөнийг зүүний нам хөдөлгөөн гэх ажээ.Чингэхлээр Наран манддаг зүүн зүгээ дагаж амьдардаг нь монгол үндэсний аж төрөх ёсны дотоод нэгэн онцлог чанар мөн биз ээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахыг санал болгов
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ