Коронавирусийн Омикрон хувилбарын тархалт эрчимжсэнтэй холбогдуулан Шинэ Зеландын ерөнхий сайд хуримын товоо хойшлуулахад хүрсэн байна.
Омикроны тархалтыг хязгаарлах зорилгоор тус улс өнгөрсөн шөнө дундаас эхлэн хорио цээрийн хамгийн хатуу дэглэмд шилжсэн юм.
Шинэ хоригийн дагуу дотоод орчинд болох үйл ажиллагаанд вакцинжуулалтад хамрагдсан 100 хүртэл тооны хүн оролцох хязгаар тогтоожээ. Мөн олон нийтийн газарт амны хаалт заавал зүүх журам хэрэгжиж эхэлсэн байна. Дөрвөөс дээш насны бүх хүүхэд сургууль, цэцэрлэгт байхдаа амны хаалт заавал зүүхээр болжээ.
Хорио цээрийн дэглэм хэрэгжиж эхлэх гэж байгааг телевизээр зарлах үеэрээ Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн өөрийн хуримыг хойшлуулах болсноо бас сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Ардерн телевизийн хөтлөгч Кларк Гэйфордтой 2013 оноос хойш хамт амьдарч, нэг хүүхэдтэй болсон юм. Өнгөрсөн оны сүүлээр Шинэ Зеландад цар тахлын нөхцөл байдал сайжирсантай холбоотойгоор тэд хуримаа ойрын үед хийхээр төлөвлөж байжээ.
Гэтэл саяхан Омикрон хувилбарын халдварын голомт илэрч, одоогоор есөн хүн өвчилсөн нь тогтоогдоод байгаа. Мэргэжилтнүүд уг голомтоос үүдэлтэй халдварын тархалт маш олон хүнийг хамарсан гэж үзэж байна.
Шинэ Зеландын 12-оос дээш насны хүн амын 94 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсанаас 56 хувь нь нэмэлт вакцины тунд хамрагдаад байгаа.
Цар тахал эхэлсэн цагаас хойш тус улсад 15,104 хүн халдвараар өвчилж, 52 хүн нас барсан юм.
Эх сурвалж: BBC