fbpx Монгол киноны хөгжил
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/12
Унших
4 минут 52 секунд

Монгол киноны хөгжил

Монгол Улсад 1935 оны аравдугаар сарын 11-ний өдөр Ардын Сайд нарын зөвлөлийн 32 дугаар тогтоолоор Улсын кино зургийн хороог улмаар уг хорооны харьяанд кино үйлдвэрийн газрыг байгуулжээ. Кино үйлдвэр 1936 оноос эхлэн "Майн 47 жилийн ой", "Эдүгээгийн Монгол" гэх мэт нэг бүлэгт баримтат кинонуудыг хийсэн бөгөөд "Монгол хүү", "Норжмаагийн зам" зэрэг анхны гэгддэг уран сайхны киног бүтээжээ.

Харин уран сайхны киноны анхдагч нь "Монгол хүү" юу "Норжмаагийн зам" уу гэдэг талаар судлаачид маргадаг. Гэхдээ монгол жүжигчдээ тоглуулж, өөрийн газар нутаг дээр зургийг авснаар "Норжмаагийн зам"-ыг түрүүнд нь гарсан гэх үзэл бодол давамгайлдаг байна.

Кино урлаг Монголд хөгжихдөө урлаг, утга зохиол бол намын ажлын нэг гол хэсэг, хөдөлмөрчин түмнийг социалист үзэл суртлаар хүмүүжүүлэх үүрэгтэй гэж үзэж байлаа. Киноны хөгжлийн эхэн үед манайд өөрийн үндэсний мэргэжилтэн дутмаг байснаас гадаадын киночид тусалж байв. Тухайлбал, "Монгол хүү" киног найруулагч Илья Трауберг гэдэг хүн бүтээсэн гэдэг.

Дараа нь найруулагч Александр Зархи, Иофиф Хейфиц нар "Сүхбаатар" киног хийж монголчуудын амьдрал, Монгол орны тухай ойлголтыг дэлхийн сонорт хүргэсэн түүх бий. Ер нь "Цахилгаан сүүдэр жүжиг"-ийн хөгжил Монголд 1930-аад оны эхтэй. Тухайн үед нийт хүн амын 80 гаруй хувь нь бичиг, үсэггүй байсан учраас социалист үзэл суртлыг ухуулж ойлгуулахад хамгийн хүртээмжтэй байж. Иймээс кино урлагийг төр, засгаас илүүтэй дэмжиж хөрөнгө нэлээд зарцуулж байсан юм билээ.

Зөвлөлтийн кинонуудыг ард олонд үнэгүй үзүүлдэг байлаа. 1934 оноос аймаг бүрт хүн амын байдлаас хамаарч үнийн ангилал тогтоон, киноноос олсон орлогын дөрөвний гурван хувийг аймгийн төсөвт төвлөрүүлж киног дэмжих санг бий болгож байв. Монгол Улсын кино урлагийн эхийг тавьсан нэг төрөл бол баримтат кино юм. Тухайн үеийн социалист орнууд буюу коминтерний холбоотон улсуудын холбоо бэхжиж энэ нь олон улсын харилцаа эхлэн хөгжиж байсантай нэгдэж тухайн үед монголчууд өөрсдийгөө танилцуулах хэрэгцээ их байв. Тиймээс эх орон, байгаль, мал аж ахуй, үйлдвэрлэлийн хувьсгал, намын хурал зэрэг сэдвүүдээр баримтат кинонууд хийж байжээ. Эдгээр кино нь ихэвчлэн үзэл суртлын шинжтэй боловч аргаль, хулан, хандгай гэх мэт Монгол орны байгаль, ховор ан амьтдын тухай баримтжуулан үлдээсэн олон кино байдаг нь манай кино урлагт үнэт өв хөрөнгө болж үлдсэн билээ.

"Норжмаагийн зам", "Монгол хүү", "Цогт тайж" зэрэг бүтээлүүдээр эхэлсэн Монголын кино урлаг өнөөдөр олон улсын кино наадмуудад өрсөлдөх хэмжээнд хүрээд байгаа юм. Монголын кинонуудаас анх олон улсын кино наадмын шагналыг "Ардын элч" киноны Ариунаагийн дүрээр гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн хүртэж байсан түүх бий. 1940-өөд оныг цаг үеийг сэдэвчилсэн киноны үе гэж ангилдаг. Гэхдээ энэ үеийг бас хоёр хувааж үздэг. Эхний хагаст дайны үеийн сэдвүүд голлосон кинонууд бүтээж байсан бол мөн оны сүүлийн хагасаас баримтат кинонд шилжсэн.

Мөн "Манай оронд" нэртэй анхны кино сэтгүүл гаргажээ. Харин 1954-1980 оныг кино урлагийн алтан үе гэдэг. Энэ жилүүдэд олон янзын найруулга, шийдэлтэй кинонууд давамгайлж байв. Киноны хөгжил гээд ярихад кино үйлдвэрийн тухайд орхиж болохгүй юм. Кино үйлдвэр анх Улсын симфони хөгжмийн (Сүүлд Чөлөөт ахмадын холбооны/ байранд байрлаж байсан бол 1950-иад оноос өөрийн гэсэн томоохон байртай, мэргэжлийн найруулагч, зохиолчидтой түүнчлэн орон тооны жүжигчидтэй болсноор өнөө үед бидний үзэх дуртай уран сайхны томоохон кинонуудыг бүтээсэн билээ.

сонин mn

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Казахстаны ерөнхийлөгч анх удаа Назарбаевыг шүүмжлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ