fbpx АН хаачих вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Хэзээ
2022/01/04
Унших
5 минут 13 секунд

АН хаачих вэ?

АН-ын дарга хэн бэ, тус нам хаашаа яваад байна гэдэг асуулт улс төрийн хүрээнд оньсого шиг байсаар өнгөрсөн оныг үдсэн. Тэгвэл энэ асуултын хариу бүрхэг хэвээр шинэ онтой золголоо. Өчигдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нарийн бичгийн дарга нараа дагуулан, УИХ дахь намын бүлгийн дарга Д.Ганбаттай хамт Төрийн ордонд “4:11” хэвлэлийн хурал хийсэн бол “Бүлгийн хурлын шийдвэр” хэмээн О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг нар тусдаа мэдээлэл өгөв. Уг нь хамтраад нэгдсэн байдлаар хийсэн бол АН нэгдмэл, хүчтэй гэж ойлгогдох байлаа.

Иргэдийн зүгээс итгэл үнэмшил төрөх байв. Гэтэл нөгөө л тус тусдаа хурал хийж, “Энэ намыг авч явах хүн нь би шүү” гэсэн тэмцэл нь хэвээр. Ямар ч нэгдэлгүй атлаа “Бид иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаахын төлөө зүтгэнэ” гэцгээх. Үүнээс үзвэл АН олон толгойтой, одоо хүртэл хаашаа явах тухайд замаа сонгоогүй, хэн даргалах нь нэг мөр болоогүй байна. Гэхдээ тэдэнд итгэх, эсэх нь иргэдийн эрх юм. С.Эрдэнэ, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхны байр суурийг хүргэе.

С.Эрдэнэ: Энэ оныг хүний эрхийг хамгаалах жил болгоно

-Улс орон даяар үүссэн олон асуудал дотор цар тахал, нийгэм эдийн засгийн сэдэв анхаарал татаж байна. Өнгөрсөн онд хүний эрх, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх ихээхэн зөрчигдсөн. Эрх баригчид энэ талаар алдаа гаргасан. Иймд бид УИХ дахь бүлэгтээ игэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах хуулийн төслийг боловсруулж ажиллах чиглэл өглөө. Хүний эрхийн төлөө сөрөг хүчний нам гол хүчээ тавьж ажиллана.

Д.Ганбат: Иргэдтэйгээ хамтарч үүргээ гүйцэтгэнэ

-Жагсаал, цуглаантай холбоотой хууль Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нийцэхгүй байна гэдгийг АН асуудал болгон тавьсан. Хууль дээдлэх зарчим алдагдсан. Энэ хуулийг бид иргэдтэйгээ хамтран нээлттэй хэлэлцүүлж батлуулах ёстой. Бид цөөнх болсон ч иргэдтэйгээ хамтарч сөрөг хүчний үүргээ гүйцэтгэнэ.

О.Цогтгэрэл: УДШ-ийн шийдвэр манай талд гарсан

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс тусдаа мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг нар үг хэлэхдээ намын дотоод асуудлыг түлхүү илэрхийлэв. О.Цогтгэрэл “УИХ-д бүлэгтэй намын хувьд эрх баригч намын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Өнгөрсөн хоёр жилд Монгол Улс цар тахалтай тэмцэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг зарцууллаа. Үүнийг даган Монголын гадаад, дотоод өр нэмэгдэж байна. Уул уурхайн томоохон төслүүдийг барьцаалж, зээл авч, халамж тарааж, өдөр хоногийг аргацааж ирлээ. Эдийн засгаа эрчимжүүлэх бодлогоос илүүтэй өөрсдийн PR-ыг эрчимжүүлэх бодлого явуулах болсон. Арванхоёрдугаар сарын 31-нд Улсын дээд шүүх /УДШ-ээс/ 11 хуудас бүхий тогтоолыг албан ёсоор гардуулсан. Товчхон хэлэхэл арваннэгдүгээр сарын 5-нд болсон АН-ын Онц их хурлыг УДШ хүчин төгөлдөр гэж үзсэн. Тиймээс бидэнд гарц, гаргалгаа нээгдэж байгаа. АН үндсэндээ төлөөллийн төв байгууллагаараа хууль ёсны шийдвэр гаргаж ажиллана. Учир нь УДШ нөгөө талд байгаа АН-ын үндэсний бодлогын хороог хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд дээрх хорооноос гарсан бүх тогтоол, шийдвэрүүд хүчингүй гэсэн үг.

Н.Алтанхуяг: АН-ыг хуваасан мэт жүжиглүүлсэн эзэд хариуцлага хүлээх ёстой

-УДШ О.Цогтгэрэл даргатай АН-ын Их хурал, Үндэсний бодлогын хороо хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Улстөрийн намын тухай хуульд зааснаар намын бүртгэлийн асуудлыг 30 хоногийн дотор шийднэ гэж заасан. Гэтэл УДШ-ийн 20 гаруй шүүгч хуулиас давсан журам гаргаж байна. 30 хоногийг 60 болгож өөрчилсөн. Өнөөдрийг хүртэл өрнөсөн зүйлс бүгд жүжиг. АН-ыг хоёр хуваагдсан мэт жүжиглүүлсэн. Энэ хэргийн эзэд хариуцлага хүлээх ёстой.

АН-ийнхүү Төрийн ордны хоёр талд өөр, өөр мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлэв. УИХ дахь тус намын бүлгийн дарга Д.Ганбат намын дарга С.Эрдэнийн хийсэн 4:11 мэдээлэлд байлцсан . Харин бүлгийн гишүүдийн зүгээс хийсэн мэдээлэлд тэрбээр харагдсангүй.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Өнөөдөр болох үйл явдлууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ