fbpx АНУ-ын мэргэжилтнүүд Омикронд нэмэлт тун хангалттай, тусгай вакцин шаардлагагүй гэж үзэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2021/12/16
Унших
2 минут 15 секунд

АНУ-ын мэргэжилтнүүд Омикронд нэмэлт тун хангалттай, тусгай вакцин шаардлагагүй гэж үзэж байна

Одоо дархлаажуулалтад ашиглагдаж байгаа коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тун Омикрон хувилбарын хүндрэлээс хангалттай түвшинд хамгаалах тул тусгайлсан вакцин гаргах шаардлагагүй гэж үзэж байгаагаа АНУ-ын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн, доктор Энтони Фаучи өчигдөр илэрхийлжээ.

“Манайд хэрэглэгдэж буй вакцины нэмэлт тун Омикрон хувилбараас хангалттай түвшинд хамгаалж байна. Тиймээс энэ хувилбарт тусгайлан зориулсан вакцин гаргах шаардлага одоогоор алга” гэж тэр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Тухайлбал Модерна вакцины хос тунгийн Омикрон хувилбараас хамгаалах чадвар “нэлээд сул” байсан бол нэмэлт тунг тариулснаар дархлааны түвшин зохих хэмжээнд хүрч байгааг мэргэжилтнүүд судалж тогтоожээ.

Өөр нэг вакцин үйлдвэрлэгч Pfizer/BioNTech компаниуд бас ижил үр дүнг өнгөрсөн долоо хоногт зарласан юм.

Харин Johnson & Johnson компани энэ талаар хийсэн судалгааны дүнгээ хараахан танилцуулаагүй байна. Дээрх гурван үйлдвэрлэгчийн вакциныг АНУ хүн амынхаа дархлаажуулалтад ашиглаж байгаа юм.

Омикрон хувилбар одоогоор АНУ-ын 36 мужид илэрсэн нь нийт халдварын шинэ тохиолдлуудын 3 хувь болж байгааг тус улсын Халдварт Өвчнөөс Сэргийлэх Төвийн захирал Рочел Валенски өчигдрийн хурлын үеэр мэдээлжээ.

“АНУ-д шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдлуудад Омикрон хувилбарын эзлэх хувь хэмжээ цаашид өснө гэж бид үзэж байна. Урьдчилсан дүгнэлтээр Омикрон хувилбарын халдварлах чадвар Дельта хувилбарынхаас илүү өндөр болохыг тогтоосон. Хоёр дахин өсөх хугацаа нь дунджаар хоёр хоног байна” гэж тэр ярьсан байна.

Сүүлийн үед вакцины хос тунд хамрагдсан эрсдэлтэй бүлгийн хүн амын дунд вирусийн халдвар нэмэгдэж эхэлсэн бол нэмэлт тунд хамрагдсан хэсгийн дунд өвчлөл 10 дахин бага байгааг Валенски мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
В.Путин У.Хүрэлсүх хоёрын уулзалтыг кремл онцлов
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ