fbpx АНУ-ыг зорьсон дүрвэгчдийг тээвэрлэж явсан ачааны машин Мексикийн нутагт онхолдсоны улмаас 54 хүн амь үрэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2021/12/11
Унших
2 минут 26 секунд

АНУ-ыг зорьсон дүрвэгчдийг тээвэрлэж явсан ачааны машин Мексикийн нутагт онхолдсоны улмаас 54 хүн амь үрэгджээ

Төв Америкийн орнуудын дүрвэгчдийг АНУ-ын хил рүү тээвэрлэж явсан ачааны машин онхолдсон томоохон осол өчигдөр Гватемалын хилийн ойролцоох Мексикийн өмнөд нутагт гарчээ.

Ослын улмаас ачааны чингэлэгт зорчиж явсан 54 хүн амь үрэгдэж, 105 хүн бэртэж гэмтсэн байна.

Амиа алдсан дүрвэгчдийн цогцсыг зам дээр эгнүүлж тавьсан аймшигтай дүр зургийг Мексикийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулжээ.

Ачааны машинд Гватемал, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Эквадор, Эль Сальвадор, Хондурас улсын иргэд байсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Бэртэж гэмтсэн 105 дүрвэгчийн 83 нь эрэгтэй, 22 нь эмэгтэй байснаас гадна хэд хэдэн хүүхэд байжээ.

Замын эргэлт дээр хэт өндөр хурдтай явснаас машин онхолдсон гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна. Бас машины тоормос ажиллахгүй болсноос осолдсон гэх хувилбар ч яригдаж байна.

Дүрвэгчдийг хууль бусаар тээвэрлэж явсан жолооч ослын газраас зугтжээ.

Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор эмгэнэл илэрхийлсэн мэдэгдлийг сошиал хуудсандаа гаргасан байна.

Мексик улс дахь АНУ-ын элчин сайд Кен Салазар “Хууль бусаар дүрвүүлэх ажиллагааг зохион байгуулагчид хүний аминаас ашиг орлогоо илүүд тавьж байна. Хууль бус дүрвэгч болж, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Цар тахалтай холбоотой эдийн засгийн хямралын улмаас Латин Америкаас АНУ-ыг зорих дүрвэгчдийн урсгал огцом нэмэгдээд байгаа.

Сүүлийн нэг жилийн хугацаанд 1.7 сая хил зөрчигчийг саатуулснаа АНУ-ын хил хамгаалалтын алба мэдээлсэн байна. Энэ нь 1960-аад оны үеэс хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм.

Хууль бус дүрвэгчдийн ихэнх хэсгийг Мексик, Гватемал, Хондурас, Эль Сальвадор улсуудын иргэд бүрдүүлж байна. Эдгээрээс гадна Карибын тэнгисийн сав газрын орнууд, Бразил, Эквадор, Хайти, Венесуэлийн иргэд АНУ-ын өмнөд хилийг зорьсон дүрвэгчдийн урсгалыг бүрдүүлж байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Эцэг, эхийн зөвшөөрлөөр 4-5 настай хүүхдийг цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ