Дэлхийн анхны төмөр болон авто зам дээр зэрэг зорчих чадвартай тээврийн хэрэгсэл ирэх сараас Японы дөрвөн гол арлын хамгийн жижиг нь болох Шикокуд явж эхлэхээр болжээ.
Япон улсын засгийн газраас аюулгүй байдлын зөвшөөрлөө авсан энэхүү тээврийн хэрэгслийг арванхоёрдугаар сарын 25-ны өдөр үйлчилгээнд явуулах болсноо Asa Seaside Railway Corp компани зарласан байна.
DMV (dual mode vehicle) гэж нэрлэж байгаа шинэ унаа нь Токушима мужийн Кайёо хотыг Кочи мужийн Мурото хоттой холбох 50 км замд үйлчлэх ажээ. Энэ замын 10 км нь төмөр зам юм байна.
Тус бүр нь 23 зорчигчийн багтаамжтай нийт гурван DMV үйлчилгээнд гарах гэнэ.
Дизель хөдөлгүүртэй шинэ тээврийн хэрэгсэл нь авто зам, төмөр замын хооронд дугуй сольж шилжихдээ 15 секундийн хугацаа зарцуулдаг ажээ.
Asa Seaside Railway Corp компанийн 35 хувийг Токушима, 10 хувийг Кочи мужийн захиргаа эзэмшдэг. DMV тээврийн хэрэгсэл эдгээр мужуудад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа орон нутгийн удирдлагууд мэдэгджээ.
Үүнээс гадна газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгийн үед төмөр зам эвдрэхэд ийм тээврийн хэрэгсэл ашигтай гэж үзэж байна.
Бас уламжлалт галт тэрэгнээс хөнгөн тул шатахуун зарцуулалт бага, засвар үйлчилгээ хийхэд хялбар гэж зохион бүтээгчид нь дүгнэжээ.
Эх сурвалж: Kyodo News