fbpx УИХ-ын нөхөн сонгууль 10 удаа болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Манай 76
Хэзээ
2021/10/01
Унших
5 минут 14 секунд

УИХ-ын нөхөн сонгууль 10 удаа болжээ

Н.БАГАБАНДИЙН ОРОНД Н.ЭНХБАЯР, Н.ЭНХБАЯРЫН ОРОНД М.ЭНХБОЛД, Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ОРОНД Д.ЗОРИГТ

УИХ-ын нөхөн сонгуулийн 18 дугаар тойрогт Хэнтий аймагт нэр дэвшсэн зургаан улстөрч СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ есдүгээр сарын 18-нд гардан авсан. Тухайн өдрөөс аравдугаар сарын 8-ны орой шөнийн 00.00 цаг хүртэл 21 хоног үргэлжлэх Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Нөхөн сонгууль" гэж УИХ-ын гишүүний орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг ойлгоно” гэж заасан. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 18 дугаар тойргоос гишүүнээр сонгогдсон У.Хүрэлсүх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулж Төрийн тэргүүн болсон учраас түүний “орон гарсан суудлыг нөхөх” сонгуулийн санал хураалт Хэнтий аймагт аравдугаар сарын 10-ны ням гарагт болно. УИХ-ын гишүүн улстөрч Ерөнхийлөгчөөр сонгогдож түүний “орон гарсан суудлыг нөхөх” нөхөн сонгууль манай парламентын түүхэнд урьд өмнө нь гурван удаа болсон.

1997 он. Н.Энхбаяр Завхан аймагт УИХ-ын 21-р тойргоос шинэ Ерөнхийлөгч Н.Багабандийн оронд,

2005 он. Миеэгомбын Энхболд Баянгол дүүрэгт 65-р тойргоос шинэ Ерөнхийлөгч Н.Энхбаярын оронд,

2009 он. Д.Зоригт Чингэлтэй дүүрэгт 24-р тойргоос шинэ Ерөнхийлөгч Ц„Элбэгдоржийн оронд УИХ-ын гишүүнээр сонгогдож байв.

Ташрамд онцлоход, Ерөнхийлөгчийн оронд хэн гэдэг улстөрч сонгогдохыг шийдсэн гурван удаагийн нөхөн сонгуульд одоогийн эрх баригч МАН-аас нэр дэвшигч бүгдэд нь ялалт байгуулж парламентын гишүүн болж байжээ.

ХҮСЭЛТЭЭРЭЭ ЧӨЛӨӨЛӨГДСӨН ГИШҮҮНИЙ ОРОНД ТӨРИЙН ТҮШЭЭГ СОНГОХ АНХНЫ НӨХӨН СОНГУУЛЬ

УИХ-ын ээлжит сонгууль 1992 оноос эхлэн нийт найман удаа болсон. Харин УИХ- ын нөхөн сонгууль 10 удаа болсон. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх бүрэн эрхийнхээ хугацаанд Ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын орны Төрийн түшээ парламентын гишүүнийг тодруулах нөхөн сонгууль гурван удаа 1997, 2005, 2009 онд болжээ.

Харин УИХ-ын бүрэн эрхийнхээ хугацаанд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн эрхэм гишүүн С.Гончиг, М.Чимидцэрэн, С.Зориг, Ш.Отгонбилэг, Л.Энэбиш, М.Зэнээ, О.Энхсайхан нарын орны төрийн түшээ парламентын гишүүнийг тодруулах нөхөн сонгууль 1998 онд гурав, 2001 онд нэг, 2002 онд хоёр, 2006 онд нэг, нийт долоон удаа болсон. Талийгаач эрхэм гишүүдийн оронд нөхөн сонгуулиар гишүүн болсон улстөрчдийг танилцуулъя.

УИХ-ын гишүүн Ц.Өөлд. Нөхөн сонгууль-1998.V.31. Төв аймаг, 37 дугаар тойрог.

УИХ-ын гишүүн Д.Цэвээнжав. Нөхөн сонгууль-1998.XII.5. Дархан-Уул, 53 дугаар тойрог.

УИХ-ын гишүүн С.Оюун. Нөхөн сонгууль-1998.XII.20. Дорнод аймаг, 17 дугаар тойрог.

УИХ-ын гишүүн Д.Туяа. Нөхөн сонгууль-2001.V.20. Завхан аймаг, 22 дугаар тойрог.

УИХ-ын гишүүн Б.Өвгөнхүү. Нөхөн сонгууль-2002.1.6. Булган аймаг, 11 дүгээр тойрог.

УИХ-ын гишүүн Су.Батболд. Нөхөн сонгууль-2002.IХ.8. Төв аймаг, 36 дугаар тойрог.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин. Нөхөн сонгууль-2006.IХ.7.Хөвсгөл, 46 дугаар тойрог.

Эдгээр долоон удаагийн нөхөн сонгуулийн зургаад нь, С.Оюунаас бусад, МАН-аас нэр дэвшигч ялалт байгуулсан түүхтэй.

Энэ удаагийн Сонгинохайрхан дүүрэг, УИХ-ын 28-р тойрогт болох нөхөн сонгууль нь талийгаач гишүүний оронд төрийн түшээг тодруулах бус, өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс татгалзсан улстөрчийн орны эрхэм гишүүнийг сонгох санал хураалт болохоороо онцлог, манай парламентын түүхэнд анхных юм.

Тус тойрогт 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр Н.Учрал, П.Анужин нарын хамт сонгогдсон Д.Сумъяабазар нь өөрийг нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох гэж байгаатай холбогдуулан гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлтийг 2020 оны аравдугаар сарын 23-нд УИХ-д өргөн барьсан. Тухайн өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн олонхын саналаар түүний хүсэлтийг ёсоор болгож парламентын гишүүнээс чөлөөлсөн юм.

Энд онцлоход, Хэнтийн УИХ-ын 18 дугаар тойргийн нөхөн сонгууль нь шинээр Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүхийн орны гишүүнийг, Сонгинохайрханы 28 дугаар тойргийн нөхөн сонгууль нь шинээр Нийслэлийн Засаг дарга болсон Д.Сумъяабазарын орны гишүүнийг тус тус сонгох үйл ажиллагаа юм.

Б.Доржсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Англид хийн үнэ нэмэгдсэнээр дампуурлын давалгаа эхлээд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ