УИХ өнгөрөгч долоо хоногт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийг хэлэлцлээ. Монгол Улс 1999 оноос хойш 20 гаруй жил Хөдөлмөрийн хуулиа шиинэчлээгүй байсан юм. Засгийн газар хуулийн төслийг 2018 онд УИХ-д өргөн барьж байв. Ц.Мөнх-Оргилын тэргүүлсэн Ажлын хэсгийнхэн энэ хуулийн төсөл дээр үндсэндээ 3 жил ажилласан.
Хөдөлмөрийн тухай хуулийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “бизнесийн салбарын “Үндсэн хууль” гэж тодотгосон нь оновчтой зүйрлэл байв.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн хууль хэд хэдэн дутагдал байсан. Тухайлбал:
-Шилжилтийн үед тохирсон, зах зээлийн нийгэмд үйлчлэхэд хүндрэлтэй,
-Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн харилцааг зохицуулж чаддаггүй,
-Зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойшхи харилцааг зохицуулдаг нь хуулийг шинэчлэх үндэс болжээ.
Хуулийн шинэчлэлийг хэлэлцэх үед хамгийн их шүүмжлэлтай хандсан гишүүдийн нэг нь Ж.Ганбаатар. Тэрбээр хууль “Хүний хөдөлмөр эрхлэх сонирхлыг дээшлүүлдэг” байх ёстой гэсэн байр суурийг дахин дахин хэлж байв. Түүний хэлснээр “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 70-80 хувьд нь зөв зүйтэй заалтууд” байгаа ажээ.
Ингээд хуулийн төсөлд тусгасан онцлох заалтуудаас хүргэе.
Онцлох заалтууд
-Ажил олгогч хүндэтгэх шалтгаангүйгээр цалин хөлсийг заасан хугацаанд олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцож ажилтанд нөхөж олгоно.
-Ажлын дээд хязгаарыг долоо хоногт 56 цаг байлгаж, өдөрт ажиллах илүү цагийн хязгаарыг дөрвөн цагт багтаах тухай тусгажээ.
-Дагалдан ажилтны үндсэн цалинг түүний гүйцэтгэх ажил үүрэг, эзэмших ажлын дадлага, ур чадвар зэргийг өөртэй нь тохиролцож тогтоох бөгөөд ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа үндсэн ажилтны үндсэн цалингийн 70 хувиас доогуур байж болохгүй.
-Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 6 сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ. Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 25 өдөр байна.
-Зөвхөн 6 ба түүнээс дээш сар ажилласан хүнд үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно. Гэхдээ энэ тэтгэмжийг ажлаа орхиод явсан хүн, эсвэл ажилдаа тэнцэхгүй болоод, сахилгын шийтгэл хүртээд халагдсан хүнд өгөхгүй. Зөвхөн ажил олгогч өөрөө халсан, гэхдээ цомхтголд орсон, эрүүл мэнд, ажлын ур чадвараараа тэнцэхгүй болсон, тэтгэвэрт гарч байгаа хүнд өгнө.
-Жирэмсэн, хөхүүл, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно.
-Дагалдангаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлнө.
-Ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 15 өдөр байна. Харин төрийн албан хаагчийн ажилласан хугацааг харгалзан 20 жилд ажлын хоёр өдөр, 25 жилд ажлын дөрвөн өдөр, 31 жилд ажлын зургаан өдөр, 32 түүнээс дээш жилд ажлын есөн өдөр амралтын хугацаан дээр нэмнэ.
-Хөдөлмөрийн гэрээний нөхцөлд ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, ажил үүрэг гүйцэтгэх байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг агуулгыг тусгажээ.
-Ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд үл өрсөлдөх нөхцөлийг нэмэхээр ажилтантай тохирч болох зохицуулалт нэмэхээр болжээ. Энэ нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосноос хойш тодорхой хугацаанд өрсөлдөгч байгууллагад ажил эрхлэхгүй байх санал юм.
-Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна.Өөрөөр хэлбэл энэ заалт уул уурхайн ажилчдад илүү хамааралтай гэсэн үг.
-Малчин, гэрийн үйлчлэгч гээд хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа л бол хөдөлмөрийн гэрээ байгуулна.
-Хүүхдийн хөдөлмөр эрхлэх насыг эцэг, эхийн зөвшөөрөлтэйгөөр 15, хөнгөн ажил бол 13 байхаар хуульд тусгасан байна.
Шүүмжлэл дагуулж буй зохицуулалтууд
-Хөдөлмөрийн гэрээнд заагаагүй л бол ажилтнаар өөр ажил хийлгэхээр шаардаж болохгүй. Үүнийг ажил олгогч нар “Амьдрал баян. Ямар ч гэнэтийн, шуурхай ажил гарч ирж болно. Тэр болгонд ажилтан “хөдөлмөрийн гэрээнд байхгүй, би зөвшөөрөхгүй байна” гэвэл ажил хийхгүй байх нөхцөл бүрдэж байна гэж шүүмжилж буй.
- НДШ-ийг ажил олгогч тодорхой хувийг төлдөг. Төлсөн нийгмийн даатгалаасаа ажилгүйдлийн тэтгэмжээ авч байгаа ажилтанд давхар ажил олгогчоос тэтгэмж олгохоор зохицуулж байгаа нь ажил олгогч нарт санхүүгийн дарамт үзүүлэх заалт болсон.
- Энэ хуулиар ажил олгогчоос ажилтанд тэтгэмж, нөхөн олговор олгох 13 тохиолдлыг шинээр бий болгосон. Ингэж тэтгэмж, нөхөн олговор олгох тохиолдлын тоог нэмсэн нь өсч өндийх гэж байгаа ажил олгогчид хүндрэл үүсгэнэ.
-Ажлаас халагдсан хүн шүүхэд хандаад, шүүх буцаагаад ажилд нь томил гээд шийдвэр гаргадаг. Ингэвэл ажилгүй байсан хугацааных нь цалинг нөхөж өгнө. Ингээд ажил олгогч хоёр хүнд цалин өгнө гэсэн үг. Таван жилийн дараа шийдвэр гарвал таван жилийн цалинг нь олгоно. Нэгэнт ингээд цалингаа нөхөөд авчихдаг юм чинь ажил хийхдээ биш, шүүхдэх маргахдаа анхаарна.
-Ажилтан ажилдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан бол ажил олгогч зургаан сараас дээш ажилласан ажилтанд тэтгэмж олгох”-оор байгаа. Энэ хүрээнд ажилтан өөрөө ажиллах сонирхолгүй, аргацаасан байдалтай явж байгаад ажилдаа тэнцэхгүй гээдхалагдсан тохиолдолд ажил олгогч нь заавал тэтгэмж олгох үүрэг хүлээх болж байна. Энэ нь ажилд бүртгүүлээд хэсэг хугацааны дараа ажлаас гарч, тэтгэмж авдаг тогтолцоог бий болгох хуулийн заалт болоод байна.
эх сурвалж: toim.mn