Сонгуулийн ерөнхий хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
"Өчигдөр АН-аас санал тоолох төхөөрөмжид хөндлөнгийн нөлөөлөл ордог байж болзошгүй гэсэн мэдээлэл хийсэн. Энэ бичгийн хувийг Тагнуулын ерөнхий газарт хүргүүлж байгаа. Энэ нь цаанаа Эрүүгийн хуульд заасан сонгууль будлиантуулах зорилготой гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа байж магадгүй гэдэг үндэслэлээр нийслэлийн прокурорын газарт хандсан.
Сонгууль болохоор санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн, мэдээллийг улс төрийн нам эвсэл, сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчдийн зүгээс цацдаг.
2012 оноос хойш санал тоолох төхөөрөмж буруу ажиллалаа гэсэн бодитой нэг ч баримт гараагүй. Илт худал мэдээллийг олон нийтэд тарааж байгаа нь гэмт хэргийн шинжтэй байна" гэсэн мэдээллийг СЕХ-ноос өглөө.
"Сонгуулийн дараа бүх саналын хуудсыг гараар тоолно"
СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан "2012 оноос хойш санал тоолох төхөөрөмжийг ашиглаж байгаа. Сонгууль болгоны үеэр болон санал хураалтын дүн гарсны дараа санал тоолох төхөөрөмжтэй холбоотой худал мэдээлэл цацагддаг. Тиймээс албан ёсны мэдээлэл өгч байна.
Санал тоолох төхөөрөмжийг ашиглах тоолондоо лицензийн төлбөрийг төлөөд явдаг. Хугацаа нь дуусна гэдэг ойлголт байхгүй.
Саналын хуудас бар кодгүй болж байгаа гэх ташаа мэдээлэл тараалаа. Санал тоолох төхөөрөмж бар кодыг таньж уншдаг. 2020 онд болсон сонгуульд гэхэд 18 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдсөн. Тухайн нэр дэвшигч бүрийг нэг бүрчлэн танихын тулд бар код олгодог.
Мөн манайд ажилладаг юм шиг, гэрээгээр ажил гүйцэтгэсэн мэтээр хоёр иргэн мэдээлэл тараасан. Тэр мэдээллийг тараасан хоёр хүний хувьд манайд ажиллаж байгаагүй, мөн гэрээгээр ажил гүйцэтгэж байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Автоматжуулсан төхөөрөмж маш их баримт үлдээдэг. Тухайлбал, цаасаар саналын хуудас үлдэнэ, саналын хуудсын зургийг СD дээр хуулаад үлдээдэг. Маш олон баримт үлддэг учраас хакердах боломжгүй.
Өмнө нь хуулийн хүрээнд саналын хуудсын 50 хүртэлх хувийг гараар тоолдог байсан бөгөөд нэг ч удаа үр дүн зөрж байгаагүй. Энэ удаагийн сонгуулиар бүх саналын хуудсыг гараар тоолно. Үүнийг маш зөв гэж бодож байгаа. Сонгууль болгоны дараа хардалт үлддэг учраас 100 хувь гараар тоолоод баталгаажуулах нь зүйтэй" гэлээ.
|
|