Токиогийн олимпын наадам эхлэхэд 66 хоног үлдлээ. Хэдий цар тахлын хүнд үе тохиож байгаа ч олимпын бамбар аян замдаа гарсан байгаа.
Бамбар Японы нийт 47 мужаар айлчлан зочлоод 7 дугаар сарын 23-нд Токиод хүрч, олимпын наадам дуустал Токиод мандах болно.
Тэгвэл Тоттори мужийн Тоттори хотын олимпын бамбарын буухианд монгол залуу оролцохоор болжээ.
“Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш, сумо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгсийг энэхүү нэр хүндтэй буухианд томилсноо Тоттори мужаас зарлалаа.
Тэрбээр “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулж, нэрийг нь улс орон даяар мандуулж байгаа. Мөн Монгол Улсын нэрийн өмнөөс сумо бөхийн Дэлхийн болон Азийн аваргын тэмцээнд оролцож байсан нь ийнхүү үнэлэгджээ.