"Оюу толгой" компани Монгол Улсын төрийн санд өчигдөр буюу пүрэв гарагт 230 тэрбум төгрөг төлжээ. Энэ нь Монгол Улсын Татварын ерөнхий газраас тус компанид тавьсан татварын актыг эхнээс нь төлж эхэлж байгааг хэвлэлүүд онцолж байна.
Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг сүүлийн саруудад тус төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай идэвхтэй яриа хэлэлцээ хийж буй.
Энэ хүрээнд шаардлагатай бол Дубайн гэрээг цуцлах саналтай гэсэн байр суурийг ЗГХЭГ-ын дарга асан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлсээр ирсэн. Энэ нь Монгол Улсад уг төслөөс ирэх ногдол ашиг огт ирэхгүй төдийгүй 22 тэрбум ам.долларын өртэй хоцрох тооцоог "Рио Тинто" компани гаргасантай холбоотой.
ТЕГ-аас "Оюу толгой" компанид 2016-2018 оны санхүүгийн жилүүдийг хамарсан нийт 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан акт үйлдээд байсан юм. Тэгвэл "Рио Тинто" компани Монголын талын тавьсан шаардлагыг анхаарч ажиллаж эхэлжээ. Үлдсэн төлбөрийг ч мөн төлнө хэмээн төр засгийн хүрээнд яригдаж байгаа бололтой.
Үүнээс харахад хүлээлт өндөртэй байсан энэ асуудал эхнээсээ шийдэгдэж, Рио Тинто буултын эхний алхмыг хийж байна гэж харж болохоор аж.
Эх сурвалж: shuurhai.mn