Эх оронч худалдан авалтын тухай манай дарга нар их ярьдаг болсон, энэ хэрээрээ “гоё” харагддаг. Үнэхээр үг яриа нь үйл хэрэг болдогсон бол сайхан байхсан. Үүний үлгэр жишээ болж байх ёстой газрын нэг нь үндэсний хамгийн том худалдан авагч Эрдэнэт үйлдвэр баймаар. Тийм болхоор энэ үйлдвэрээс эх оронч худалдан авалт эхэлж” үнэртэнэ” гэсэн итгэл үнэмшил ямар нэг хэмжээгээр байдаг.
Харамсалтай нь бодит байдал дээр тус үйлдвэрийн удирдлагууд худалдан авалтаараа монголчуудыг биш Хятадын компаниудыг дэмжиж байгааг бүр оны өмнөөс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байв. Тухайлбал, ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах 3-р шугам ф820мм ган хоолойг угсрах бараг 100 орчим тэрбум төгрөгийн үнийн дүнтэй ажлын тендерийн урилга нь анхнаасаа хятадын компаниудад зориулсан техникийн нөхцөлтэйгөөр зарлагдсан гэж байв. Тийм ч болхоороо дөрвөн хятад компани, нэг монгол компани өрсөлджээ. Гэтэл бүр хууль журам зөрчсөний улмаас хоёр удаагийн тендерээс хасагдсан Хятад захиралтай “Синохидро Корпорейшн лимитед” ХХК-нд урилга өгч шууд гэрээ байгуулсан тухай мэдээлэл явдаг.
Шударга бус шалгаруулалтын цаана хууль бус үйлдэл, ашиг сонирхол нуугдаж байдаг нь тодорхой.
Гэхдээ энд нэг анзаарх асуудал бий. Эрдэнэтийн тендерийг Монголын эрх мэдэл, танил талтай хүмүүс авч дундаас нь мөнгө унагаж харин гүйцэтгэлийг нь хятадуудаар хийлгэдэг болсон гэдгийг үндэсний компанийн төлөөллүүд мэдэгдэж байгаа юм.
Тэгэхээр Онцгой байдал тогтоосон ч Эрдэнэт үйлдвэр онцгой байж чадсангүй гэсэн үг. Өнөө ч эрх мэдэлтнүүдийн шахаанд хэвээрээ байгаа нь тендерийн энэ мэт “гэмгүй” шалгаруулалтаас анзаарагдана.
Зөвхөн нэг удаагийн жишээг дурдахад ийм. Тус үйлдвэр жилдээ том том үнийн дүнтэй хэдэн арван тендер зарладаг. Тэдгээр тендерийг хэн авч хэрхэн гүйцэтгэв, хэний шахаас захиалга хүсэлтээр шалгаруулав гэдгийг нарийн ширийн судалж үзвэл адармаатай дүр зураг харагдах биз ээ.
Эх оронч худалдан авалтын мөнөөх уриа дуудлага Эрдэнэт үйлдвэрт хэр биеллээ олсон бэ гэдэг нь эргэлзээ төрүүлэх шалтгаан энэ мэт.
Эрдэнэт үйлдвэрийн тендерийг захирал Х.Бадамсүрэнгийн тушаалаар байгуулагдсан Тендерийн хороо шалгаруулдаг. Тендерийн хороог Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга Т.Батмөнх удирддаг аж. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн Хятадын компаниудыг ил цагаан дэмжиж, тендер нэрээр луйвар хийж байна хэмээн мэдээлж байсан нь нэг бус удаа.
Тус үйлдвэрээс зарлаж байгаа тендер хэр шударга үнэн явагдаж байгаа талаар ийм л таагүй мэдээлэл түлхүү тааралдаж байна.
Үүнээс улбаалаад Эрдэнэт үйлдвэрийн тендерийн хороонд хятад компаний гар хөл, тендерт ялуулах үүрэг хүлээсэн ашиг сонирхлын зөрчилтэй эрх мэдэлтнүүд байдаг юм биш биз гэсэн хар сэр нийгэмд бий болсон. Олон нийт, тэр дундаа үндэсний компаниудын дунд ийм ойлголт бий болох шалтгаан юу байв гэдгийг нягталж үзэх хэрэгтэй мэт.
Тэндхийн тендерийг хэн нэг эрх мэдэлтнүүд хятадын компаниудад авч өгч дундаас нь мөнгө “цавчдаг” гэж зарим эх сурвалж мэдээлдэг.
Өөрөөр хэлбэл, хэн тендерт ялах нь хэн нэгний захиалга, дарга удирдлагуудад дам утгаараа хэр өгөөжтэй байхаас хамаардаг болчихсон юм шиг байна. Тухайлбал тендерийн үнийн дүнгийн их багаасаа хамааран нэг сая хүртэл ам долларын авлига авдаг гэсэн мэдээлэл ч байдаг юм байна.
Монголынхоо ганц том үйлдвэрийн зарласан тендерт үндэсний компаниуд хуулийнхаа хүрээнд шударгаар оролцсон ч Хятадын компаниудын эрх ашгийг илэрхийлсэн албан тушаалтнуудын өмнө хүчин мөхөстөж байгаа нь мөнөөх л дарга нарын далд ашиг сонирхолоос шалтгаалж байна.
Сүүлийн үеийн нэг жишээ. Эрдэнэтээс зарласан барилга байгууламж барих тендерт “Mongolian investment corporation” гэдэг компанийг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хүчтэй лоббидож байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ компани нь барилга барих тусгай зөвшөөрөлгүй, зүгээр л нэг гадаад дотоод худалдаа эрхлэх ажил үүргийн чигтэй гэнэ.
Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр тендерт оролцож байгаа компаниудын чадвар чадавхи, санхүүгийн боломж зэрэг мэдээллийг Тагнуулын Ерөнхий газраар нягталж судлуулдаг аж. Харин тус үйлдвэрийн удирдлагууд мөнөөх “Mongolian investment corporation” компанийг ТЕГ-аас эерэг дүгнэлт гаргуулахаар зүтгүүлж байгаа гэжээ.
Эрдэнэтийг Х.Бадамсүрэн удирдаж байгаа цагт эх оронч худалдан авалт тэндээс лав “үнэртэхгүй” юм байна.
Г.Түшиг
Шуурхай.мн