fbpx Ц.Элбэгдорж: Баттулга “Миний хулгайг чи хаацайлсангүй бас олонд илчилсэн” гэж надад ял тулгадаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
57 минут 37 секунд

Ц.Элбэгдорж: Баттулга “Миний хулгайг чи хаацайлсангүй бас олонд илчилсэн” гэж надад ял тулгадаг

(Гурвыг харьцах Гурав)

Халтмаагийн Баттулга бид хоёрын тухай яриа олон хүний сонирхол татахгүй нь лавтай. Харин зарим хүн асууж сонирхсоор л байх юм. Бид хоёрыг уулзуулах гэж сэтгэлээ чилээх нэгэн байх. Уулзсан гэж ч ярилцах. Сайдлаа гэж тайтгарах, муудлаа гэж хямрах хэсэг ч байна. Та хоёр учраа ололцвол “олон юмны зангилаа тайлагдах гээд байна” гэж бичсэн ч байх шиг. “Учиртай гурван толгой” гэдэг шиг учиртай хоёр толгойн тухай ихэд түдсэний эцэст бичихээр шийдлээ. Аль болох товчхон байхыг хичээе.

Бид хоёр сайхан андалж, нөхөрлөж явсан. Хүний зам юм хойно. Андын нөхөрлөл янз бүр. Харин өдгөө Тулгаа бид хоёр өөр, өөрийнхөө замаар хорвоогийн наранд халж хөрч явна. 

Баттулгыг анх “сайн залуу” гэж надад хүн танилцуулсан. Бид хоёр бие биенээ муугүй мэддэг болоод удаж дээ. Заримдаа зам нийлнэ, заримдаа сална. Баттулга надтай зам нийлэхгүй болсон шалтгаанаа илэн далангүй илэрхийлдэг. Бас бусдад төлж нэг, хэлж нэг илэрхийлнэ. Байнгын урландаа намайг хадгалдаг юм. Тэр надад гэхээс илүү, түүнд би хэрэгтэй байгаадаа талархахаас өөр яахав. 

Надад Баттулгын үйлдлээс зөрөх шалтгаанууд бас гардаг. Сургамжтай, тэнцвэртэй, нийтлэг талыг нь бодож гурав, гурван шалтгааныг өөрийн болон түүний талаас энд дурдсу. 

Энэ бол миний Баттулгад бичиж байгаа зурвас биш. Хувийн ч асуудал биш. Олон жил түүнд хэлж сануулж байсан үнэн юм. Нийтэд зах зухаас нь илэрхийлж ч явлаа. Ажилтай байхдаа ч, албаа өгөөд ч. Гэхдээ нэг талаас миний хөндөх хамгийн дургүй сэдэв. Нөгөөтэйгүүр улсын ажил, эрх ашгийн үүднээс үүсдэг, эрх чөлөөт, нээлттэй нийгэмд байдаг л харилцаа. 

Баттулгын дараах гурван зохион байгуулалт бүхий үйл ажиллагаатай нь би үнэхээр санал нийлж чаддаггүй юм.

  1. Монголын ардчиллыг илтэд тамирдуулж, түүнд дайсагнаж хандах хандлагатай нь,
  2. Улс оронд олдсон боломжийг үгүй хийж, өөртөө болон харьд ашиг гаргасан, гаргаж байгаа үйлдэлтэй нь,
  3. Нийгэмд үзэн ядалтыг дэврээж, өөрийнхөө явцуу зорилгыг гүйцэлдүүлэхэд ашиглаж байгаатай нь.

Монголын ардчилалтай холбоотой Нэгдэх Шалтгаан:

Би ардчиллыг сонгосон ард түмнийхээ сонголтыг Монгол улстай өөртэй нь тэнцэх сонголт гэж боддог. Ардчилал үгүй бол Монгол үгүй, Монгол үгүй бол ардчилал үгүй гэж итгэдэг. Ардчилал бол Монгол Улсын хувьд амин сонголт юм. Ард түмэн маань эрх, эрх чөлөөгөө бүрэн эдлэж байвал улс гэр маань жинхэнэ ёсоор тусгаар, бие даасан байх болно. 

Халтмаагийн Баттулгын Монголын ардчилал руу дайрах дайралтыг би тэвчиж чаддаггүй юм. Ардчиллыг гутаах атлаа коммунист дарангуйлагчдыг магтан дуулахтай нь би санал нийлдэггүй юм. Монголын өнгө болсон хүмүүс, алтан ургийнхан, эх орончдыг хэлмэгдүүлсэн, аймаглан хүйс тэмтэрсэнийг би ямар ч шалтгаар зөвтгөж чаддаггүй юм. 

Монголын ардчилалаас, ардчилсан боломжоос хамгийн их хувьдаа хожоо гаргасан хүн бол Баттулга. Хожоо гаргаж яваа хүн бол бас л Баттулга. Гэтэл ардчилал руу хамгийн ихээр дайрахыг нь хараад би гайхшаа бардаг. Монгол улсад хайртай хүн бол хэзээ ч ийм үйлдэл хийх ёсгүй. Монголын ардчиллыг гутаах ажлыг зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй, дэс дараатай хийж байгаа хүн бол энэ хүн. Би Баттулгын ийм хорон үйлдэлтэй санал хэрхэв ч нийлж чадахгүй. Тэр тусмаа түүнтэй энэ асуудлаар зам хорших тухай яриа бүр ч байх үндэсгүй юм. 

Монголд ардчилал нялх, хувь заяа нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан өдрүүд олон байсан. Зүгээр яваад өгдөг эрх мэдэл, зүгээр солигддог төр нийгмийн тогтолцоо гэж үгүй. Тэр тусмаа коммунист эрх мэдэл. Зөвлөлт гүрэнд хуучнаа санагалзсан төрийн эргэлт гарч, танкаар төрийн ордоноо буудаж, урд хөршид төв талбай нь хүний цусаар будагдаж “massacre” болж байлаа. 

Монголд ардчилал амь тавих нь уу, цус хүчирхийлэл үзэх нь үү, тээж төрүүлсэн үрээ барьж идэх нь үү гэмээр үеүүд тохиож байлаа. Эвэршсэн гар, цоохор цаас, чанга яригчтай ардчиллынхан олон халуун юм, хэцүү сорилт, үйл явцтай нүүр тулж явсан. Тэр тэмцэл тулааны сиймхийг ашиглагчид, завшигчид хаа сайгүй л байж дээ, одоо харахад. Тэглээ гээд тэдэнд Монголын ардчилал муу зүйл санаагүй юм. Харин улааныг улаан, харыг хар, хөхийг хөх гэхгүй гээд тэдэнд тэгш үйлчилж ирсэн юм. 

Хараад байхад Монгол улс ардчилал, эрх чөлөөтэй болсныг хувийн өмч, зах зээлийн замыг сонгосныг ашиглаж хамгийн их завшсан цөөн хүмүүс л ардчилал руу хамгийн их довтлох юм. Хүн бие биендээ дайсагнах, өс хонзон санах, түүнийгээ гүйцэлдүүлэх гэж элдвээр чичрэх бол хүний нийгэмд гардаг, гарч байсан л үзэгдэл. Харин ардчилал үүнд буруугүй. Гэтэл ардчиллын амин сүнсийг сүйдлэх ажлыг санаатайгаар, алхам алхамаар, барьцаа ахиулан ахиулан хийх нь маш хорлонтой. Энэ бол Монголын зам, хувь заяатай хэзээ ч нийцэхгүй. 

Ардчиллыг Монголд өөрөө ирсэн юм шиг ярих юм. Түүний төлөө хатуу ширүүн, амь дүйсэн тэмцэлд орж яваагүй хүн бол тэгж ярьж магадгүй. Өөрөө хүрээд ирдэг юм бол Хятадад, Орост, Казахстанд өөрөө хүрээд ирэхгүй яасан их удна вэ? Хойд Солонгос, Кубад өөрөө хүрээд ирэхгүй яав. Ардчилал ирдэггүй, ардчиллыг сонгодог юм. Амиа золиослон тэмцэж сонгодог юм. Харин ардчиллыг зовж ядарч бүтээдэг, хичээж зүтгэж хамгаалдаг юм. 

Ардчилал бол бүхнээр магтуулах гэж эсвэл бүхний талархал хайрыг хүлээх гэж сонгосон сонголт биш. Харин ардчилал бол Таны шүүмжлэх эрхийг, бухимдах эрхийг, муу хэлэх эрхийг хамгаалахын төлөө байдаг тогтолцоо. Гэхдээ ардчиллыг муу бүх юмтай хутгах хэрэггүй. Өөрийнхөө арчаагүй байдалтай холбож хараах хэрэггүй. Арчаагүй байх эрхийг чинь хүртэл ардчилал хамгаалдаг юм шүү. Ардчилал бол нэг талаас их хүч юм шиг, нөгөө талаасаа арчаагүй эмзэг эд шүү дээ. Ардчилалд үргэлж тордлого, цэвэрлэгээ хэрэгтэй байдаг.

Монгол улс ардчиллыг гоё учраас эсвэл моодорхож, маяг хөөж сонгоогүй юм. Аргагүйн эрхэнд, тэсэж үлдэхийн тулд сонгосон юм. Монгол бол хүнлэг бус тогтолцоо, их хэлмэгдүүлэлтийн туршилтын талбар байсан юм. Ардчилал бол монголчуудын хувьд их зовсоны эцэст сонгосон сонголт. Зовсон ч өөрийнхөөрөө зовъё, эзэн хичээвэл заяа хичээнэ гэж сонгосон юм.

Ардчиллыг монголчууд боломж гэж харсан. Монгол бол баян, нөөц баялаг ихтэй орон. Гэхдээ түүнийгээ юм болгох, чулуу болгох, ашиглах боломжоор хомс орон. Оросууд биднийг бухал сахисан нохой гэдэг. Хятадууд Монголыг алтан дээр суусан гуйлгачин гэж хардаг. Биднийг байршил хавчдаг. Биднийг цаг, орон зай хавчдаг. Биднийг хөрш хавчдаг. Ардчиллыг монголчууд хавчилгаас ангид, өөрийнхөөрөө амьдрах гэж сонгосон юм. Ардчиллын ачаар монголчууд өөр болсон юм. Өөр байгаа юм. Том, их болдог юм. 

Нэг ерөнхий хулгайчтай, хэсэг хамжигчтай, Mafia state = Дээрмийн төр Монголд тогтох нь манай ард түмний сонголт яавч биш. Би ийм үйлдлийг ямагт эсэргүүцнэ. Ямагт буруу гэж үзнэ. Би Баттулгатай тэмцээд байгаа юм биш. Яг үнэндээ ардчиллыг Баттулгаас өмөөрөөд байгаа юм. Ард түмнийхээ сонголтыг хамгаалаад байгаа юм. Араатан шиг хаагуур нь орж ирж хүү татах бол гэж хүмүүс түүнээс айдаг болж. Тиймээс би өөрийгөө бодож биш, ард олноо бодож ярихаас аргагүй болоод байгаа юм.

Би хулгай худалтай насаараа тэмцэж ирсэн. Энэ бол миний араншин. Унаган багын хүмүүжил. “Энэ хүнд идсэн уусан тодорхой юм алга. Ямар учраас энэ хүнийг үзэн ядаад байнаа” гэж хүмүүс гайхаж, бичсэн харагддаг. Намайг гэмгүй Монгол хүн үзэн яддаггүй. Намайг ямар хүн, хүчин, хэн үзэн ядаад байгааг ихэнх нь мэддэг юм.

Намайг юун түрүүн, миний тэмцэж явсан, сөрж яваа хулгайч, авлигачид үзэж чаддаггүй юм. Тэд надаас үхтэлээ айдаг юм. Тэдний багийг хуулж, үнэнийг нь хэлнэ гэж тэр хүмүүс мэднэ. Тэд намайг төрд ажилтай, албатай явахад алийгаа алдаж байсан. Хүний араар орж, айж ичдэг байсан юм. Одоо бол хаданд гарч. Төрийн ажил, хувийн хулгай хоёроо ялгахгүй болтлоо оодорч байна. 

Баттулгад зовлон бий. Би ойлгож байна. Шоронд орохоос зугтаж ордонд түр орогнож байгаа хүн. Цагдаагийн ажилтан Баттулгыг харахаар бариад шалгачихмаар этгээд шиг. Прокурор хүний нүдэнд тэр торвол гарцаагүй ял төлөвлөмөөр. Шүүгчид бол шүүх хуралд уулзмаар, тийм л өнгөөр Баттулга тэдний нүдэнд харагдаад байгаа. Тиймээс Баттулга Монголын шүүх, хууль, төрийг толгойд нь гарсан өдрөөсөө өшигчиж байгаа юм. 

Тэр өөрийн сэжиглэгдэж байсан, оролцсон гэж үздэг гэмт үйлдлээ, ул мөрөө дарах, хүчингүй болгох гэж хуулийнханыг дарамталдаг нь түүний хувийн шалтгаан гэж харъя. “Мөнгө хаана байна” гэж өрөөндөө халаасандаа гараа хийж, орж ирсэн нэгнээс асуухыг түүний бодит дүр төрх гэж бодъё. Бас хүн хараагүй сонсоогүй гэж үзье. 

Харин түүнд Монгол хүний эрх чөлөөт, бие даасан байдал руу дайрах хувийн болоод хөндлөнгийн сонирхол оршдог. Түүнийгээ өөрийн үйлдэл, кино, нэвтрүүлгээрээ түмэнд олонтой толилуулсныг Монголын төлөө нүд чих бүхэн үзсэн, сонссон. Зарим нь бүр дасал болжээ. Түүнд нь амташсан, донтсон хэсэг ч бий. 

Харин одоогоор тэр Монгол улсад дараах эмгэнэлт, бас хорон харш үйлдлийг гүйцэлдүүлээд байгааг дурьдахгүй байж болохгүй юм. 

Нэг: Хууль шүүхийн бүрдэж ядаж байсан бие даасан байдлыг устгах бол Монголын ардчиллын амийг таслахтай агаар нэг, эмгэнэлтэй үйл явдал. 

Хоёр: Монголын идэвхтэй, нээлттэй гадаад бодлогыг боймлох, аль нэг талын явцуу ашиг сонирхолд нийцүүлэх гэж оролдох нь улс орноо ганцаардуулан доройтоход хүргэж болзошгүй хорон үйл ажиллагаа юм. 

Гурав: Монгол улсын хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн нэр хүндийг зориудаар унагаж, эрүүжүүлэн барьцаалах, улмаар түүгээр дамжуулан хувийн харалган бодлоо гүйцэлдүүлэх гэж оролдох нь манай улс орны язгуур эрх ашиг, Монгол түмний сонголтод нэн харш үйлдэл юм. 

Дээрхийг тоймлон бичих нь мэдээж надад амар байгаагүй. Бичихэд биш бодоход хүртэл цээртэй санагдах үе бий. Гэвч дээрхи дүгнэлтүүд Ерөнхийлөгч Баттулгын үйл ажиллагааны бодит илрэл, дэс дараалал, үр дүнгээр нотлогдоод байгаа нь юутай гачлантай.

Монголын ард түмэн Эх орон, Эрх чөлөө хоёртоо зүйрлэшгүй их хайртайг би мэднэ. Монгол хүн Эх орон, Эрх чөлөө хоёр нь бүрэн байхад бусдыгаа болгоод явах чадвар, дархлаатай болж байгаа юмсан. Энэ алтан боломж завшаан, сонголтыг эвдэх, бусниулах, устгах, үйлдэл Монгол төрөөс гарах ёсгүй юм. Иймээс би ардчиллыг улангасан гутаахад чиглэсэн Баттулгын харь, хорон үйлдэлтэй санал нийлдэггүй юм. 

Миний энд одоо дурьдах Хоёрдох Шалтгаан бол Монгол улсын боломжийг үгүй хийсэн, Баттулгын олны мэдэх үйлдэлтэй холбоотой юм. 

Монгол бол тэр бүр боломж тохиогоод байдаг улс биш. “Хятадаас дэлхий баяжсан зурвас үеийг манай сайн хөрш, Монгол улс бүрэн ашиглаж чадсангүй юу даа” гэжурд хөршийн нэг удирдагч өгүүлэхэд надад гайхах сэтгэгдэл төрөөгүй. Мэдээж харамсал төрж байсан. Бидний бодит байдал, алдааг тэр хүн байгаагаар нь хэлсэн. 

Жил бүр эдийн засаг нь дэлбэрэх шахам тэлж, дээр нь хоёр оронтой тоогоор хэмжигдэх өсөлттэй байсан үе БНХАУлсад бий. Эдийн засгийнх нь мангас мэт тэр дуршил, эрэлт хэрэгцээг гүйцэлдүүлэх гэж дэлхий Хятад руу бүхнээ зөөж байсан. Түүгээр дамжиж дэлхий Хятадаас баяжиж байсан цөөхөн жил бидний ард түүхийн дурсамж болон хулжин одлоо. 

Хятад дэлхийгээс, гаднаас авахгүй юм гэж тэр үед бараг байгаагүй. Хятадын түүхий эдийн хэрэгцээ дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 хувийг дангаараа хангаж байсан үе ч бий. Хятад руу улс орон бүр зарж борлуулж болох бүхнээ нийлүүлэх гэж нэг хэсэг уралдсан, барьж гүйсэн.

Монголын хувьд хамгийн ихээр, түргэн хугацаанд зарж орлого олж болох юм нүүрс байлаа. Зөвхөн Таван Толгойн ордоос Монгол улс жилд 30 сая тонн нүүрс Хятадад борлуулна гэж тооцвол өдөрт 1000 тэвш- (манайхан вагон гэж ярьдаг) -ээр нүүрс зөөнө. Энэ бол түүхийгээр, бага үнээр зарах тооцоо. 

Хэрэв хожим ил болсноор, М.Энхсайханы удирдаж байсан төслийнх шиг. Энэ тухай УИХ-ын тогтоол, Монгол улсын бодлого ч гарч байв. Угаасан нүүрс, за дээр нь бүр кокс болгоод тэр хэмжээгээр уг мангас мэт зах зээлд борлуулсан бол Монгол улс зөвхөн нүүрснийхээ борлуултаар ашиг, орлогыг цөм хийх байсан юм. 

Энэ бүхнийг Монголын аз ивээж өдийд 60 сая тонн руу хүргэсэн бол. Нөгөө мөрөөдлийн “Азийн бар” ч атаархам, алтан боломж Монголд тэгэхэд тохиосон юм. Харамсалтай нь тэр үүлэн чөлөөний нар дахиж үзэгдэхгүй. Дэлхийд ч, Монголд ч. Зөвхөн нүүрсний экспортын хувьд ч биш. Зарим хүний онож нэрлэснээр тэр зурвас үе бүхэлдээ “үнс” болох тийш явж байна. 

Учир нь Хятад улс дэлхийн түүхий эдийг сорогч байхаа больсон. Үйлдвэрлэгч улс боллоо. Улмаар дэлхийд бараа технологоо шахагч хүчирхэг гүрэн болон босож ирж байна. Эдийн засгийх нь өсөлт ч бараг хоёр дахин багасах, тийм байдлаар үргэлжлэх төлөвтэй. Мэдээж тэр хэрээр бусад улс орноос худалдаж авах хэрэгцээ нь багасна. Хятад улс бусдаас авдаг байснаа бусдад бараагаа тулгаж байна. Худал гэвэл Хуавэйг тойрсон үйл явдлыг хар. Зүгээр нэг бараа, үйлчилгээ биш, 5G шүү.

Өдийд, 2020 он гэхэд Монгол улсын эдийн засаг багаар бодоход 3 дахин нэмэгдээд томорчихсон. Монгол хүний бодит орлого, хуримтлал, хөрөнгө одоогийнхоос дор хаяж 3 дахинаар илүү байх боломж бодитой байсан юм шүү. Тэр эх үүсвэр зөвхөн Таван Толгой тойрсон том бүтээн байгуулалтаас, Хятадад хийх экспортоос, түүнээс Монголд орох байсан үр өгөөж, орлогын үржүүлэх нөлөөнөөс гараад ирэх байв. Тархиа одоо хэд “шаагаад” ч нэмэргүй. Тархи чинь хөдлөхийн нэрмээс. 

Монголын эдийн засагт урьд хожид байгаагүйгээр түүхэн үсрэлт, их тэлэлт гарах боломж одоогоос арваад жилийн өмнө тохиосон юм. Дэлхийд хамгийн хурдтай, бүр Хятадаас хурдтай эдийн засаг нь тэлэх, өсөх орноор Монгол улс нэрлэгдэж байлаа. Монголын эдийн засгийн өсөлт, тэлэлтийн алтан үе ирж байна гэж шуугиж байв. Нуруутай, бодитой хэлдэг “Economist” сэтгүүл тэгж бичиж, уулзалт ярианд нь би хүртэл уригдаж байлаа. 

Монгол хүн, Монгол улсын орлого нугаран, нугаран нэмэгдэх түүхэн боломж бүрдсэн үе. Энэ зорилго хангагдахад ойрхон байлаа. Таван Толгойгоос Хятад руу тавигдах төмөр зам 2012 онд ашиглалтад бүрэн орох байлаа. Мөн цахилгаан станц, нүүрс угаах том үйлдвэр босох байв. Таван Толгой түүний ойролцоох бүлэг ордыг түшиглэсэн нүүрс хиймийн бүхэл бүтэн цогцолбор, дэд бүтэц баригдах нь цаг хугацааны асуудал төдий байсан юм. Энэ бүхэнд Монгол улсын төрөөс 1 ч төгрөг гаргахгүй, Монгол улс өр зээл авахгүйгээр тооцож байваа. 

Монгол, Хятад, Японы хамтарсан аварга том төсөл цааснаас газардахад яг бэлэн болсон байв. Хирийн юманд сэтгэл нь хөдөлдөггүй бас ам гардаггүй Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ “Монголын говийн нүүрс хадгалсан бор толгод, эрдэнийн авдар болох цаг ирж байна” гэж хүртэл хэлж байв. Тухайн хүлээн авалтын хойморт улсаа төлөөлөн ёстой “торгон дээлтэй” сууж байсан үе надад байсан. 

Орлого нь хүрч ядан туйлдах Монгол хүний өмнө ийм f…ing “дурсамж”-аас өөр юмгүй яваадаа одоо ч би бухимддаг юм. Хүн амынхаа орлогыг дахин, дахин өсгөж чадаагүйгээс, Монгол улс боломжоо ашиглаж чадалгүй харьд булаалгаснаас үүдсэн зовлон, өр төлөөсийн уурхай төдий миний Эх орон үлдэх гэж. Монгол боломжоо ашиглаж чадсан бол, Монгол хүний орлого хөрөнгө нэмэгдсэн бол, Монгол улсын эдийн засаг нугаран нугаран өссөн бол бид хичнээн их хэрүүл, бухимдал, популизм, түүнийг завшигчдаас ангид байх байсан бол. 

Монголын нүүрс алт болох цаг. Монголын боломж үүдээ нээх өдөр. Монголын ард түмэн үүцээ задлах мөч. Гэтэл. Гэтэл. Гэтэл. “Монголын эдийн засгийн гайхамшиг” гэгдэж байсан тэр бүтээн байгуулалт, Монгол улсад орох тэр их орлого, Монголын алтан боломж чөтгөр шуламын хорлол хүрсэн мэт нэг л мэдэхэд алга болсон юм. 

Монголчууд аманд орох байсан шар тосоо ашиглаж чадаагүй. Монголын эдийн засаг “Таван Толгойн” төсөл зогссоноос болж бодитоор 10 жил дараалан, өдөр бүр 10 сая доллар олох байсан боломжоо Говийн шороонд, хэрүүлийн бузарт алдсан юм. Таван Толгойн ордоо, одоо АТГ-аас өөр газар хэрэггүй болсон тэр аугаа том төслөө, тэр 178 хуудас цаасаа бид бүрэн ашигласан бол жил бүр эдийн засгаа 3 тэрбум 600 сая доллараар нэмж тэлсэн шигээ суух байв. Наад зах нь 8 жилээр үржвэл 30 тэрбум доллараар эдийн засгаа өдийд томруулах байв. Энэ судалгааг Монголын эдийн засагчид, инженерүүд гаргасан. Гадны, хөндлөнгийн мэргэжилтэнгүүдийн дүгнэлт ч тийм байв. 

Найман жилийн өмнө 200 доллартой тэнцэх тэтгэвэртэй байсан ахмад настан, 500 орчим долларын цалинтай байсан Монгол иргэний орлого, (АТГ-ын байцаагчийн бодит цалин хүртэл) багаар бодоход өнөөдрийнхөөс 3 дахин өндөр байх боломжтой байв. Төгрөгийн доллар, юаньтай харьцах ханш өнөөгийнхөөс дор хаяж 40 хувиар чанга байх байв. Хэдэн жилийн өмнө манай 500 мянган төгрөг 300 доллартай тэнцэж байсан нь бодит үнэн. Энэ байдал хэвээр хадгалагдах байв, байв. Харин өнөөдөр 180 доллартай тэнцэж байна даа. Бид бүгдийн амьдрал, амжиргаа өсөх биш бодит зургаар ингэж уруудан дордлоо.

Хятад улс өнгөрсөн 20 жилд жил тутам 30 сая хүнийг, нийт 600 сая хүнийг ядуурлын тойргоос мулталж чадсаныг дэлхий мэднэ. Эдийн засгийн боломжоо ашигласан, тэр нь хүн ардад нь орлого болж шингэсэн гэсэн үг. Гэтэл Монгол улсын эдийн засаг сүүлийн 10 жил бодит өсөлт нь гацаж, хатингишран хатсаар байна. Монгол түмний энэ зовлон дээр хэдэн поп л “entertainment” хийж хангалттай зоолов. Зоолсоор үлдлээ. Хүссэн бүхэндээ хүрч, сарвайсан, санасан бүрээ авлаа. Одоо олон микрофоны араас “хуцах”-аас өөр ажил хийхгүй байна тэд. 

Хүмүүсийн бодит орлогод бараг өсөлт гарсангүй. Харин бууралт эрчимтэй үргэлжилж байна. Улс орон маань бүхэлдээ уур бухимдал, улс төрийн популизмдаа шатаж бие биенээ барьж идэх нь холгүй байна. “Элбэгдорж” гэх нэг буруутан, нэг мангастай хорвоогийн бор хоногийг хэмлэж явна. 

Энэ хооронд манай хойд хөрш ОХУлс төмөр замын, зөвхөн нүүрс зөөх хоёр бүтээн байгуулалтаа бүрэн дуусгалаа. Хятад руу төмөр замаар зөөх нүүрснийх нь хэмжээ жилээс жилд сүүлийн 5 жил дараалан 2 оронтой тоогоор өссөөр байна. Хаа байсан Казакстан ч ачааны, хурдны гээд төмөр замаа Хятадтай аль хэдийн холбоод авлаа. Зарах бүхнээ вагоноор зөөж байна. “Бүс ба Зам” төсөл Монголыг хоёр талаар нь тойрлоо. Монгол хүний зарах байсан нүүрсийг Орос хүн, Оросын аж ахуйн нэгж зарж байна. Оросууд нүүрсээ хүссэнээрээ зардаг болж Монгол хүнд орох байсан орлого Орос хүнд очлоо. 

Урд хөрш маань Монгол хүний амь тавин машинаар зөөж байгаа түүхий нүүрсийг боловсруулж бэлтгэх дэд бүтцээ бүрэн бариад босгоод авлаа. Монголын нүүрсний нэмүү өртөг, орлого Хятад улсад Хятад хүнд очдог систем төгөлдөржин тогтлоо. Тэд ядуурлаас гарч байна. Хятадад Монголын нүүрсэн дээрээс тэрбумтангууд төрж байгаа тухай мэдээг монголчууд уншихаас хэтрэхгүй хэдэн жил боллоо. Цаашдаа ч умших нь. 

Монголын эдийн засагт орох байсан, Монгол хүнд ирэх байсан 30 тэрбум доллар ойролцоогоор тэг дундуураа тас хуваагдан манай хоёр хөршийн эдийн засагт цутгалаа. Монголын гэгдэх цаасан дээр үлдсэн тэр их мөнгө Орос хүний халаас руу рубль, Хятад хүний цахим карт руу юань болон хэдэн түмээрээ он жил дамжин очсоор байна. 

Бид яахав байдаг дэвжээн дээрээ, байцаалтын ширээний хоёр талд. Таван Толгойн төслийг зогсоосон манай нэг “гавъяатан” дарга ярихдаа “Таван Толгой Монголдоо үлдсэнээр жилдээ бид 1 их наядын орлого олж байна” гэв. Одоогийн ханшаар 360 орчим сая доллар юм даа. Гэтэл энэ бол уг төслөөс жилд Монгол улс, Монгол хүнд орох байсан орлогын яг 10-ны 1 нь. Ингэж тэнцэж байгаа нь хувь заяаны шоглоом гэлтэй. Жил бүр үндэснийхээ мөнгөн тэмдэгтээр, өнөөдрийн тооцоогоор 9 их наядын орлогоо, нийтдээ 72 их наядын боломжоо дарга цэрэггүй бүгд алджээ бид.

Баттулга бол ТяньАньМэнь-ий талбай дээрхи Хятадын “ардын баатрууд”-ын хөшөөнд цэцэг тавьж мөргөсөн Монгол улсын анхны Төрийн Тэргүүн юм. Гайхах юм юу байхав. Найрамдалт улсынхаа бахархалд ийн хүндэтгэл үзүүлэхэд. Гэхдээ тэр Монгол хүн манай Тулгаа байсанд зарим хүн цочирдож харагдсан. Түүний 30 мянган хонио барьж, тэвдүү явахад нь хөршдөө туслах алхам хийсэнд цөөнгүй хүн баярласан. Харин 30 тэрбум долларын экспортын боломжоо Монгол улс эгнэгт алдаж, хоёр талынхаа том тогоо руу цутгасныг одоо ч би том алдаа гэж боддог.

Хамгийн хорсолтой нь, бас хорлонтой нь энэ хооронд эдийн засгийн бодит боломжоо 8 жил дараалан шатааж байгаа манай Монгол улс өдгөө Таван Толгойгоос олох байсан орлоготой яг дүйцэхүйц хэмжээний долларын өртөй сууж байна. Ийм өр ч үгүй, харин 30 тэрбум долларын орлоготой сууж байх байсан улс шүү. Орох орлогоо алдсан улс өр тавихаас хэтэрсэнгүй. Алдсан боломж, төлөх өр хоёроо нийлүүлж тооцвол 60 тэрбум доллар. “Эдийн засаг үнэн, бусад нь худал” гэдэг шоглоомтой үг санаанд орох чинь. Үүнээс гадна хэрүүлээс үүдсэн улс төрийн хонзон, хүн ардын сэтгэл санааны хохирол, бохирдол, алдагдсан түмэн боломжоо айл гэр бүл тооцвол юу болох вэ? Жилийн 3000 хүрэхгүй долларын цалинтай эмч, багш жилийн 9000 доллар болох байв гээд тооцвол.

Нүүрсээ зараад олсон мөнгөөрөө нүүрсээ хийжүүлж утаагаа дарна. Бас хийжүүлснээ шингэрүүлж шатхуунаар өөрийгөө хангана. Ийм тооцоо, боломж ч бодитой байсан. Одоо бодоход танктай төмөр зам гэж хүний зохиосон PR-т алуулж, хөтлөгдөж, мунхаглаж байсан дор, засмал замаа эхнээс нь 4 урсгалтай хос авто зам болгодог байж. Шороо овоолсон хайран мөнгөө ийш хийдэг байж. Тэгсэн бол зардал хэрүүл бага, байгаль орчинд ээлтэй, тэгтлээ олон жолооч залуусын амь нас, амьдрал сүйдлэхгүй. 

Гэтэл эсрэгээрээ Монгол бүрхсэн хар хэрүүлтэй, эндээс хожоо хийдэг хоёр хүнтэй. Монголын эрх ашиг гэж тэмцэж явсан болохоос биш Монголыг хулгайлагчдад хөл залгуулах чинээ юм бодож байсангүй. Тэд өөр даалгавартай, өөрийн бизнесээ давхар харчихсан, тохирчихсон байдаг юм билээ дээ. Зөвхөн нэг схем нь шороо овоолох. Тэндээс нэг бас хоёр, бүр гурав, дөрөв, тав дахин мөнгө хийх. Монголын заяа их ч хүний өөрийн хос гарын өмнө хүч мөхөстөх үе байнаа, байна.

Би Монголын боломж алдагдахад дургүй. Тэр боломжийг хулгайлж бусдад өгсөн хүнд би үнэнийг нь хэлсэн.Олон хүн ийм үгийг хэлэхээс зүрхшээж байсан юм шүү. Өнөөдөр ч үүнийг би анхлан хэлж байгаа юм биш. Олон сар, жил дамжуулж, удаа дараа хэлж ярьж, учирлаж байсан. Хүмүүс хамгийн тод санадаг нэг тохиолдол бий. Тэр үйл явдал одоогоос 6 жилийн өмнө 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болсон юм. Бас л байдлыг эрт харж байж дээ. Болохгүй болоод л хийсэн оролдлого. 

Халтмаагийн Баттулгыг би албан уулзалтынхаа өрөөнд дуудсан. Олны нүдэн дээр хоёул уулзсан. Монголын боломжийг тэр хүн яаж шатааж байгааг, Монгол улс яаж хохирч байгааг түүнд би ярьж өгсөн. Хохирол нь том ч гэлээ, шалтгаан нь өчүүхэн мэт байсан юм. Хонгор нутгаас төрсөн хоёр баяны нэг нь нөгөөдөө атаархаж улсын ажил унагасан болж харагдсан. Баттулга зөвхөн Оджаргалыг хорлосон биш, хожим нь харин Монгол улсыг санаатай хохироосон болох нь тодорхой болсон. 

Би тэр үед Баттулгад, Баянгол буудлын буйдхан өрөөнд бүтээсэн “Тангаргын буг” нэртэй хүн сэжиглэм нэвтрүүлэг, гялгар ууттай элс цоолж Монголын бүтээх урам руу ус цацсан дайралт хийснийг нь “буруу” гэж хэлсэн юм. Тэгсэн атлаа Хятадын Төмөр замын дэд сайдтай Монгол улсын илэрсэн бараг бүх нөөцийг барьцаанд тавиад нууц гэрээнд гарын үсэг зурсан байсныг нь бас өөрт нь хэлсэн юм. Нарийн төмөр замаар, элс цоолсон бүх чиглэлдээ Хятад Монголыг холбох тохиролцоо хийсэн байж билээ.

Хятад гэж бусдыг хараах атлаа, мөнгөтэй нөлөөтэй, өөртэй нь наймаа тохирох Хятадад бол юугаа ч худалдахаар байсан. Юугаа ч барьж гүйж очихоор. Ерөнхий сайд нь надтай ярьж улмаар Баттулгыг загнаж тэр тохироог нь зогсоосон. С.Баяр энэ тухай номондоо бичсэн харагдана лээ. Түүнээс хойш би найзынхаа занаанд орж Баттулга болон цахим шуламуудад нь 6 жил хараалгаж, гүтгүүлж, доромжлуулж явна.Одоо тэд гүтгэлэг доромжлолоо ял болгож надад тулгаж, бах таваа багтааж ядаж байна. 

Баттулгад Монгол чухал биш, мөнгө чухал байсан юм билээ. Үүнийг улсаараа ойлгох гэж бид удсан, бас алдсан. Улсаа худалдаад улсаа хөгжүүлэх боломжгүй. Хөгжил бол олон хүний хүч оролцоогоор бүтдэг эд. Эрх биш энэ үнэнтэй Баттулга одоо нүүр тулж яваа хүн. 

Гэхдээ ашиглаж чадалгүй алдсан, ашиглуулаагүй боломжийн төлөө хэн хариуцлага хүлээх вэ! Хийх гэж зүтгэснийг нь биш, хийлгэхгүй гэж хорлосныг нь хэзээ шийтгэдэг болох вэ! Монголын төлөө бол хугарах нэр, үхэх амь хамаагүй гэж зүтгэсэн зүтгэл, тэмцсэн тэмцэл дээр Монгол улс тогтдогийг хэзээ бид ухаарах вэ! Монгол улсын хөгжил дэвшил, бие даасан байдалд хэрэгтэй, хэцүү шийдвэрийг Монгол хүн гаргахгүй бол хэн, хэзээ гаргахыг хэдий болтол бид хүлээж суух вэ!

Хүнд атаархал, мөчөөрхөл байхыг хэн ч ойлгоно. Харин Монголын “ард түмний элч төлөөлөгч” харийн сонирхлыг гүйцэлдүүлэгч, Эх Монголынхоо боломжийг шатаагч байж болохгүй. “Танай ажил яаж явах нь танай асуудал, бид ажлаа ингэж бүтээнэ” гэж улсаа өмөөрч байх хуулийн болон албаны үүрэгтэй хүн. Монголынхоо төлөө чөмгөө дундална, цамцаа урна гэж ард олондоо амлаж явдаг хүмүүс ар хударгаар нь ийм юм хийхэд би дургүй. Монгол төрийн түшмэд харь улсын төлөө зүтгэж болохгүй.

Монгол төрийн сайд “Та нарын төлөө би зөндөө ажил хийлээ. Одоо та нар надад тусал” гэж харь хүний өмнө хоолой цахиртуулах нь номонд хазгай. Баттулгын Монголд дахин олдохгүй боломжийг зөрүүдэлж санаатай шатаасантай би санал нийлдэггүй. “Чи Таван Толгой дээрхи байр сууриа өөрчил. Чамайг би хоёр сарын дотор баатар болгоод өгье, хүчтэй байгаа хөгшин чинь” гэж нүд ирмэж дохисон найзынхаа дур гутам үйлчилгээнээс татгалзаж явлаа гэж.

Тэр үед Монголоо бодох уу, найзынхаа хүслийг сонгох уу гэдэг сонголт надад ирж байсан юм. Монголоо бодохоос өөр юм хийх, өөр зам сонгох хүсэл сэтгэл надад төрөөгүй. Монгол хүний нэг төгрөг дөрвөн төгрөг болж нэмэгдээсэй гэж хүссэн. Ингэвэл хатавчны халуун, хавчигдахын зовлонд байдаг Монгол зон бага ч болов сэтгэл тэнүүн, амгалан амьдарна гэж би бодсон юм. Ийм боломжоо Монгол улс алдаж болохгүй гэж зүтгэсэн хэрэг. 

Бас “Чи Монгол төрийн сайд хүн, улс орноо бод” гэж найзаа удаа дараа шахсан. Сүүлд өнцөг таарахгүй байсаар бид хоёр хоёр тийш болсон. Тэгээд олны өмнө учрыг ярьж хоёул цайрсан. Цайрах ч юу байхав. Би харлаж, Монгол гундаж, Баттулга титэм шүүрсэн. Ингэж Тулгадаа тус болж, Женко продакшны муу дүрийн гол баатраар шалгарч үлдсэн. Өдгөө түүний дэлгэц, эвлүүлэг, нэвтрүүлгэнд нь мөнхөрч олон өдөр, хоног, сар, жил үл алгасан үзэгч, уншигч түмнээ баясгаж явна би. Таван Толгойгоос үүдсэн, хоёр толгойн түүх товчхондоо ийм буюу. 

Энэхүү бичлэг маань өөрийн эрхгүй Гуравдахь Шалтгаан руу хөтөлж байна. Уг шалтгаан бол Баттулгын цулмын үйлдвэрлэл, үйлчилгээ, түүний үр дүнтэй би ерөөсөө санал нийлэхгүй байгаад оршино. Баттулга маань дээрхи бизнесээ хамгийн амжилттай яваад тооцдог хүн. Би бол түүний энэ амжилт Монголд эмгэнэл дагуулж байна гэж үздэг талын хүн. 

Монголын ард түмний дунд үзэн ядалтын үр цацаж, түүнээс ургацаа хурааж авахыг юуных нь амжилт гэж хэлэх билээ. Сошиал гэж бидний нэрлэдэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох, нэртэйгээс нь Facebook тэргүүтэнгээс эхлээд. Энэ бүхнийг анх гарч ирж байхад хүн төрөлхтөн “технологийн гайхамшиг” гэж хүлээж авч байлаа. Би ч тэдний нэг. 

Гэтэл энэ “гайхамшиг” буруу гарт орвол, буруу зорилгод, тэр тусмаа улс төрийн халууралд, харалганд ашиглагдвал ямар “гутамшиг” болж хувирдаг талаар хүмүүний ертөнц харуусан шуугиж байна. Сошиалаас өмнө дэлхий гэгээн, цагаан байсан юм ч гэцгээж байна. 

Би энэ үзэгдлийн тухай “baabar.mn”-д байрших “Тороол” нийтлэлдээ арай дэлгэрэнгүй өгүүлснийг уншигч авхай Та юу андахав. Одоо харин энэ удаад Баттулгаас энэ талбарыг ашиглан хийж байгаа үйлдэлтэй нь яагаад санал нийлэхгүй байгаа тухайгаа цухас өгүүлсү.

Таягандаа орооцолдох шахам өвгөн Чөөрчил автобусанд орж ирэв. - Эрхэм Ерөнхий сайд Та өөрийгөө аюултай байдалд оруулж байна гэхэд “Миний аюулгүй байдал яахав, Британийн амь хайран байна”. Энэ бол Лондон хотыг өдөр шөнөгүй бөмбөгдөж байсан дэлхийн 2 дугаар дайны үеийн дурсамж. Хожим Чөөрчил “Гитлерийн бөмбөгнөөс, Гитлерийн мөнгө намайг илүү их айлгасан юм” гэж дурссан байдаг. Гитлер Английг бөмбөгдөөд, англичуудын эх орноо гэх хатан сэтгэлийг нугалж чадаагүй учир, Английн мөнгөн тэмдэгтийг хэвлэж, англичуудын дээрээс цацах төлөвлөгөө хүртэл боловсруулж байсан байдаг юм. 

Английн паунд Лондоны дээрээс шүхэрлэн бууж ирвэл, ямар ч бөмбөгнөөс илүү Британид аюул тарих болно гэдгийг тэр үед хэдэн хүн гадарлаж байсан бол. Тэнгэрээс бэлэн мөнгөтэй болсон англичууд яах байсан бол. Ар араасаа зүйрлэшгүй аюул дагуулах байсан. Гитлерийн тэр хорлол Чөөрчилийн нүдэнд юу эсийг харуулж, тархинд юу эсийг бодуулах билээ… Хүмүүс ажил хийхээ болино, амьдархын төлөө зүтгэхээ болино. Чөлөөт нийгэм, Английн сайн сайхан, ирээдүй салбайн унана. 

Хөрөнгөт нийгмийн амин сүнс бол хүнийг амьдралаа хариуцахад хөтөлдөгт оршдог. Хүн шиг амьдарна гэдэг бол амьдралаа өөрөө хариуцахын нэр. Амьдралдаа шаардлагатай бүхнийг түүний дотор мөнгийг, хөрөнгийг олно, бүтээнэ гэсэн үг. Зээлээд ч болов олохыг хэлж байгаа юм. Зээл нь эргээд түүнийг төлөх хариуцлага руу, хүнийг өөрийн эрхгүй ажиллах руу, ажил амьдралынхаа тухай бодох руу түлхдэг. “Ажил хийвэл ам тосдоно” гэдэг ардын ухаан ч үүнээс үүдэлтэй. 

Зээл бол чөлөөт нийгэм дэх иргэний хариуцлагын суурь юм. Зээлтэй байхыг урамшуулдаг. Зээл бол нийгмийн хариуцлагатай харилцааны хувьд булгийн бол ундарга нь, модны бол үндэс нь юм. Түүнийг үгүй хийх нь шударга ёсыг устгахтай ижил. Шударга ёс бол эдийн засгийн бас нийгмийн агуулгатай цогц ойлголт. Шүүх, шийтгэх бол нэг л орц нь. Бодлогын зөв бурууг шүүхээр биш түүхээр тодорхойлдгийг дашрамд хэлье. 

Капитал бол хуримтлал. Капитализм бол хуримтлалыг бий болгох хөдөлмөрийн хуваарь юм. Хэн юу хийх, хэн юу бүтээх, олохтой холбоотой харилцаа. Хүн амьдрахын төлөө, орлогын төлөө, мөнгө цалингийн төлөө ажил хийх болдог ч тэр нь нэг өдөр зүгээр ороод ирвэл утгаа алддаг. Амьдралыг утгагүй болгоё, зах зээлийг, чөлөөт сонголтыг үнэгүй утгагүй болгоё гэвэл мөнгийг үнэгүй болгохоос бүхэн эхэлдэг. Иймд улс орнууд энэ бодлогоо Төв банкаараа бариулж, хууль тогтоогчдоороо хянуулдаг, сахиулдаг. 

Тэтгэврийн зээлийг тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн бэлгийг “аюултай шийдвэр” гэсэн дуу хоолой чанга сонсогдож байгаад намжлаа. Түүнд нүд тайлсан байж магадгүй залуу үеийн голдуу төлөөлөл нэлээд эгдүүцсэн. Хамгийн гол сүйтгэл нь залуусын амьдрал, эрмэлзэл, төлөвлөгөөг утгагүй болгох хортойг тэд олж харсан. Залуу хүмүүсийн нуруу л амьдралаа хариуцлагатай төлөвлөх ачааг мэдэрч байгаа. Гэтэл он солигдох нэг шөнө тэдний ууцыг төрөлх төр нь хугалах юм гэж яахан мэдэх билээ. Тэдний бүтээх, юм хийх гэсэн гал адил дэрвэлзэх хүсэл дээрээс нь ус асгах нь Лондон хотын дээрээс хэдэн мянган бөмбөг хаяхаас ч илүү хорлонтой юм. 

Дарга нар харалган үйлдлээрээ өөрийнхөө нүд рүү хуруугаа хийж болно. Улсынхаа нүд рүү хуруугаа чихэж болохгүй. Бодохоос ч дургүй хүрэм ийм зүйлийн тухай дуугарах гэхэд бүр ч уур буцална. Гэхдээ хорлол нь тасрахгүй байгаа энэ үед зовлон үзсэн, сургамж авсан хүн би бээр чимээгүй суух нь нүгэл болчихоод байгаа юм. Миний дуу, миний үгийг юугаар хаах, миний зүрхийг хариу яаж базахыг мэдсээр байж. Гэхдээ мууг муу гэж хэлэхгүй юм бол Эх орондоо тангараг өргөсөн цэрэг яваагийн учир юусан билээ. 

Манай аюултайн зөвлөл дайсны барьцаанд орсон гэж би итгэхгүй байна. Их гээд Баттулгын барьцаанд орсон. Баттулга харин хэний барьцаанд байдаг нь бодох л асуудал. Дээрхи үе үе хийх болсон “тэглэх” алхам бол зүгээр л image-ийн тоглолт - PR. Миний бичиж байгаагаар цулам баярлуулах, сууриа урхидан барих “би дэмжлэгтэй, хүчтэй, чадаж байна” гэдгээ харуулах дохио юм. Хэнд, юунд хорлонтойг биш өөрт нь хэрхэн ашигтайг тооцсон алхам юм. Энэ жишээнээс цуламын хорлол гэдэг бол нэг хүнийг барьж аваад хараахад биш бүхэл бүтэн улс орон, тэнгэрлэг, хийморлог үндэстэнг ч барьцаалах, сөхрүүлэх аюултайг харуулж байгаа юм. 

Би Халтмаагийн Баттулгын ийм технологитой санал нийлдэггүй юм. Инээх атлаа янаглах, туслах атлаа барьцаалах, хариу нэхэх. Ахмад настанг баярлуулан хий суулгаж, залуу үеийг хорлож, улсынхаа ирээдүй, ардынхаа сонголтыг дэлбэлэн өөртөө зам гаргахыг. Зарим хүн түүнийг ийн сэтгэхэд тархи дутна гэдэг юм. Энэ бол Монгол хийц биш, энэ бол гадны бүтээл. Нэгдсэн удирдлага. Бодлогоор дэмжиж, удирдлагаар хангах арга гэх нь бий. 

Айл саахалтынхан маань ямар технологи хэрэглэдгийг Монгол хүн андахгүй л дээ. Гэхдээ биднийг гадны улс орон, харийн хүн биш дотны итгэлт нөхөр маань малилзтал инээж байгаад хийцэлсээр ирсэн. Гэрийн гадаа бол тэртээ тэргүй байсаар ирсэн аюул. Харин өрхийн тэргүүн маань түүнийг хувийн зорилгодоо ашиглавал бүр жинхэнэ аюул. 

Гаднаас өгөөш долоосон хэл Монголын төлөө гэж дуугарах ч, үйлдэл нь харь байсаар дуусдагийг бидний гашуун түүх мэднэ. Бид хүн сөрж биш, харин тэд бидэнд тааруулж бодлого, алхамаа тооцоолсоор байдаг. Гар бариад бугуй барина, улмаар тэвэрнэ. Өвөрт орно. Төрд асна. Толгойд гарна. Хүүгээр нь эцгийг нь, охиноор нь эхийг нь хөдөлгөнө. Аль нь үрийн санаа, аль нь хүний санаа болохыг үл ялгахад хүрнэ. Харь санааны орц их байх тусам амт нь нялуун, үнэр нь анхилуун. 

Гадныхан Монгол хүнийг уужим талбиун, нөхөрсөг, найрсаг гэж тодорхойлдог. Гэтэл тэр сэтгэл дотор нохой орогновол нохой, гахай орогновол гахай, чөтгөр шүглэвэл чөтгөр болох нигууртай. Баттулгын бодолд эртнээс сэдэв хайх, хүний дургүй сэдэв олох, түүнийгээ олвол бусдад тохох ёрын санаа шүглэчихээд салахгүй байгаа юм. Бас дээр нь босс ялааны зантай. Мөнгө харвал дайрна. Алуур харвал зугатна. Ажлыг бүтээж биш, нурааж орлого олох нь хамгийн кайфтай гэж үзнэ. Түүнээс таашаал төдийгүй, тоймгүй их ашгийг зөвхөн тэр л гаргууд хийнэ. Бусад нь чадахгүй дээ биш, олонд осолтойг, Монголд хортойг бодоод өөрсдийгөө татдаг юм. 

Улс төрч хүний зам бол адармаатай. Унана, босно. Дахиад босно, дахиад шороодно. Түүнийг үзэн ядах нь их, хайрлах нь өдрийн од. Өндөрт явахад сүүдрийг нь дагана. Газарт унахад нүдийг нь тоншино. Улс төрч хялбар замаар явбал олонд хортой. Хэцүү зам сонговол, Монголын төлөө зам сонговол, манай улс төр тухайн хүндээ халтай болоод ирдэг. 

Монголын улс төр бол шийдлийн биш, агуулгын биш улам бүр өнгөний, тоглолтын болоод удаж байна. Асуудал барьж, сорилт сөрж юм шийддэг биш, үзэгдэл үзэн ядалт, хагарал талцал үйлдвэрлэж суудаг боллоо. Барьц, бас барьцаалахыг илүүд үздэг боллоо. Энэ бол өнгөнөөсөө татагдам, чадаж байгаа мэт харагдавч Монголд хортой, явцгүй зам. Ирээдүйгүй арга. Өгөөжгүй бодлого.

Чөтгөр хорлох хүнийхээ тархийг эхлээд эзэмддэг. Бурхан бол шоглох хүнийхээ хэлийг түрүүлж эвддэг. Өрнө, дорны аль нь болох ийм үг бий. Тороолын үйлдвэр, үйлчилгээ бол Монголын юм биш. Монгол хүн ийм үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаагүй. Монголд нэг л хүн үүнийг төгс хийдэг болсон. Хаанаас, хэнээс үүнийг сурсан, ямар зорилгод түүнийгээ ашигладгийг нь мэдэж ч төдөх юмгүй. Мөрийг нь хөөхөд л бүгд тодорхой болно. Хувиа хичээсэн хүн хулчгар, улсаа үүрсэн хүн зоригтой байдаг. Тийм олон, ар араасаа ундрах зоригийг ямар ч хорлонтой, бохир гар дарж чаддаггүй юм.

Монгол айлын хаяа хатавчнаас хол байх нэг бузар бол хэрүүл байгаа юм. Хирдээ ийм зүйлээс хол байх гэж оролдлоо. Албан тушаал горьдож Төрийн ордон гороолсонгүй. Энд тэндэхийн компани, намын үүд сахисангүй. Сонгууль, сэг ч эргэсэнгүй. Наашаа гэсэнд нь тус болж хорвоогоор хэсэг явлаа. Гэвч тогооноосоо ангид буцлах цай гэж үгүй хойно тогоо маань чанасаар, чангаасаар өдий хүрлээ. 

Монголын хууль үгүй гэсэн юмыг хүртэл Тулгаа өөрөө бариад гүйдэг, шахдаг, дарамталдаг боллоо. Хуулиас надад зугтах шалтгаан байхгүй. Харин зохиомол хэрэг, санаатай гүтгэлгийг яах вэ! Тийм зүйлээр Танд ял тулгаад байвал Та яах вэ! Тэр бузар зохиол Засгийн хэргийг эрхлэгч, төрийн тамга дороос амилаад байвал яах вэ! Надад Монголын ард түмний эрх ашгийн эсрэг хийсэн үйлдэл байхгүй. Хууль зөрчсөн юм үгүй. Төрийн ажил яаж явах, яаж түүнийг хийх ёстойг би мэднэ. Би тэгж л төрийн хар хүний ёсоор, өөрийн зарчмаар ажилласан.

Төрийн албан хаагч, тэр тусмаа төрийн тэргүүний алба ажилтай хүн цахим шуламын үйлдвэрлэл эрхлэх, түүнийг санхүүжүүлэх, гүтгэлэг гутаалтаар тэднийг тэжээх нь байж боломгүй зүйл. монголчууд төрийнхөө ариун, нийтлэг чанарт итгэдэг хүмүүс. Нэг Монголыг нөгөө Монголоор нь үзэн ядуулах бол Монгол төрийн ажил биш. Ийм орчинд, ийм улсад бодлогын эрүүл мэтгэлцээн, үзэл бодлын чөлөөт өрсөлдөөн утгаа алддаг. 

Үргэлж дайралт доромжлол дор амьдардаг, үргэлж эрсдэлтэй аюултай, хөл хориотой нийгэм бол бидний зорьсон, зорьж байгаа зам биш. Ийм замаар Монгол хүн амжилтанд хүрч болохыг харуулах улс орны бодлого, зам мөрийг тодорхойлохгэж оролдох нь улс үндэстнийхээ өмнө үйлдэж байгаа нүгэл юм. Нүгэл гэхийн учир бол тэдний мэдээлэл худал, дүгнэлт нь өрөөсгөл, үр дүн нь эмгэнэл дагуулдаг. Тэд сэдвээ хүн харж сонгодог. Хүн нь сэтгэлийн хаттай олны танил бол дэлэнч адил шавж дайрдаг. Монгол хүн гутвал Монгол улс гутдаг. 

Монгол улс бол Монгол хүн бүрийн үр хойч, ирээдүй асаж амьдарч үлдэх цор ганц заяасан Эх орон минь шүүдээ. Монгол үзэн ядалтын цар тахлын үүр уурхай болж үлдэж болохгүй. Энэ бол Монгол хүнээс, төр олон нийтийн зүтгэлтнээс улс гэртээ үлдээж өвлүүлж байгаа хамгийн хортой, хамгийн муу өв. Иймээс би Халтмаагийн Баттулгын цахим шулам шүтсэн ажил амьдралынх нь хэв маягтай зам нийлдэггүй юм. 

Цахим шуламыг би товчлоод “Цулам” гэж ярьж бичдэг. Цуламын хорлолыг тоочиж барахгүй. Мөнгө өгвөл, тэжээвэл ээжийгээ ч гүтгэнэ, ээжийгээ ч муулна. Эхний золиос нь үнэн болдог. Ихэнхдээ цулмууд хамгийн эмзэг ариун сэтгэл, төлөвшөөгүй бодол, гэнэн эрүүл итгэл рүү довтолцгоодог. Живхнээсээ салаагүй шахам хүүхэд хүний санаанд оромгүй хараал хэлэхийг сонсоод чихэндээ итгээгүй тухай яриа байдаг. 

Эв эрүүл, зүв зүгээр хүн гэнэт л үзэн ядалтын мэсээр бусдын сэтгэл, орон зай руу довтлоод эхэлдэг. Гэр орон, албан байгууллага, хамт олноос уур бухимдал, хараал хэрүүл, атаа хорсол салахаа байдаг. Энэ бол цуламын арми, тэдний командлагчийн Эх орондоо тарьж буй гай гамшиг юм. 

Аливаа улс үндэстний сэтгэл бузартвал үйл хэрэг, үйлс нь бохирдоно гэсэн үг. Хүний нийгэм ийм доройтлоор баялаг ч цахим шулмууд галзуурах өнөөгийн эринийх шиг ийм эмгэнэлтэй байгаагүй. Монгол улс, Монголын Ерөнхийлөгч энэ муу үйлээрээ бусдаас тодорч, сайхан Монгол орон улам муухай харагдах болж байгааг уучлах аргагүй юм. 

Энгийн хүн болж даалимба өмсөх атлаа, ард түмнээсээ торго хулгайлдаг. Бусдад хууль тулгадаг атлаа, өөртөө болохоор хууль хамаагүй гэдэг. Үүнийг би ойлгодоггүй. Харин өөрийнхөө хулгайг дарахын тулд өөрөөсөө том хулгайч бүтээх гэж зовж яваа зовлонг нь үнэрээр нь таньж байна. Намайг дайсан болгож буй компанит ажил, түүнийг зохион байгуулагчид миний араас ардын “дайсан” болж, дахин бүү хохироосой. 

Би Баттулгаас Монголын түүхт төрийн тамга атгачихаад ийм бусармаг юм хийж болохгүй, энэ үйлдлээ зогсоо гэж шаардах ёс зүйн эрхтэй гэж бодож байна. Өөрөө зогсоож дийлэхгүй байгаа бол, цаад эзэддээ “арай дэндэж байна, Монголыг хэсэг тайван орхи” гэж гуйхыг хүсье. Баттулгын бүрэн эрх Монгол улсын хувьд, Монголын ардчиллын хувьд “Чернобыль” болж бүү хувираасай гэж бодсондоо үүнийг бичиглэв.

Халтмаагийн Баттулгатай миний хувьд огт санал нийлдэггүй гурван зүйлийн тухай яриагаа энэ хүргээд завсарлая. Санаж бодсоноо илэн далангүй уудлав. Би түүнийг Монголын ардчилал руу, оршин тогтнох руу довтолход дургүй. Би түүний харь орны сонирхолыг гүйцэлдүүлж, Монголын боломжийг шатаасан үйлдэлтэй санал нийлдэггүй. Би түүний улс үндэстнийхээ сэтгэлийн амар амгаланг бусниулж, үзэн ядалтыг дэврээдэгийг дэмждэггүй. 

Харин түүнд надад дургүйцэх гурван шалтгаан бас бий. Өөрөө ойр зуураа, заримдаа төлөөний хэл амаараа дамжуулан илэрхийлсээр ирсэн.

Нэг: Баттулгад би улс төр, Монгол төрөөс хол яв гэж шууд хэлдэг. Түүний улс төр хийх арга барил Монголд үргэлж гай уршиг дагуулдаг. Тэр миний энэ зөвлөгөөнд дургүй. Өнөөдөр Халтмаагийн Баттулга гэдэг хүн Монгол улсад, түүний язгуур эрх ашигт хамгийн аюултай, хортой албан тушаалтан болж хувирчихаад байна. Монголын төрөөс тэр хол байх нь Монгол улсад өлзийтэй, өөрт нь ч хал бал багатай юм.

Хоёр: Баттулга “Миний хулгайг чи хаацайлсангүй бас олонд илчилсэн” гэж надад ял тулгадаг. Өрөөндөө дуудаж олны өмнө Монголын төлөө үнэн үг хэлсэнд минь хорсдог. Түүнийг хулгай хийгээгүй бол хэлмэгдүүлж болохгүй, хууль зөрчсөн бол завшуулж болохгүй гэсэн байр суурьтай явж ирсэн. Би Баттулгыг төрийн албан тушаалтай байхад нь хэлж сануулсаар л байх болно. Түүнд ч тустай, Монголд ч тустай. 

Гурав: Таван Толгойг надад өгөөгүй гэж Баттулга өс өвөрлөдөг. Намайг тийм эрхтэй, боломжтой байсан гэж өдий болтол тэр боддог байх. Одоо тэр нүүрстэй толгойгоо авахад түүнд хэн ч саад болохгүй. Говьдоо байж л байгаа. Түүнтэй хамтрах нэр төртэй хамтрагч, хөрөнгө оруулагч хорвоод байхгүй. “БаттулGa” гэж хэн бэ гэдгийг гадна дотногүй бүгд сайн мэддэг болсон. Тэр өөрийгөө ч хэн болохоо мэдэж байгаа. 

 

2020

Элбэгдорж

​​​​​​​

 

Кети Перри анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна
Кети Перри анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​