Д.Сумъяабазар: "Эрдэнэс Тавантолгой" ХК анх удаа ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ


Өнөөдөр Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотой Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийнТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл мэдээлэл өглөө. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ны 1072 ширхэг хувьцаа эзэмшигч иргэдийн нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд нийт 96480 төгрөг олгохоор болсон байна.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хуралдаанаас тус компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа. 

Тус компани 10 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа ногдол ашиг хуваарилж байсан түүх байхгүй. Өнөөдөр анх удаа хуулийн хүрээнд ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаж байна. 

Өмнө нь тодорхой хэмжээнд төр давуу эрхээрээ зарим иргэний хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авч байсан. Энэ удаагийнх бол бэлэн мөнгө тараалт биш. Жилийн өмнө нэгж хувьцаанд 25 төгрөг буюу нийт 26 мянга орчим төгрөг хуваарилахаар байсныг бүтээн байгуулалтын ажилд үүнийг зарцуулах байсан. 

Тус компани 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Тиймээс нэгж хувьцааны ногдол ашгийг 90 төгрөгөөр тооцож, 1,072 ширхэг хувьцаанд 96 мянган төгрөг хуваарилахаар шийдсэн. 

Цаашдаа компанийн орлого нэмэгдсэн тохиолдолд ногдол ашиг ч нэмэгдэнэ. 2014 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэдэд хувьцаа эзэмшүүлсэн. Харин түүнээс хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд 600 мянга гаруй хүүхэд шинээр төрсөн. Бидэнд шинээр төрсөн хүүхдүүдэд ногдол ашиг тараах бүрэн боломж бий. Бид энэ асуудлыг Засгийн газарт танилцуулж, тухай бүрт нь мэдээлэл өгнө гэв

Мэдээллийн үеэр  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдийн тавьсан  асуултад  хариуллаа.  


-Иргэдийн дээд тал нь 94 мянган төгрөг  авах юм байна. Иргэдэд шуудай гурилны мөнгө тараахаар шийдвэрлэсэн нь улстөрийн өнгө аястай харагдаж байна.  Үүнд шаардлагатай 200 орчим тэрбум төгрөгийг сургууль, цэцэрлэг ч юмуу  чухал шаардлагатай  зүйлд зарцуулах ёстой юм биш үү? 


-Улстөржсөн асуулт байна.  Компаниийн  14.75 хувь нь  иргэдэд оногдож байгаа. Энэ бол компанийн тухай хуулийн дагуу хийж буй ажил. Иргэдээс ч энэ талаар хүсэлт ирж байна. Бодитоор хувь хүнд нь хөрөнгө оруулалт хэлбэрээр олгож байгаа гэж ойлгох хэрэгтэй. Төр ногдол ашгаа хуваарилах үүрэгтэй. Хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж байгаа. Төмөр замын ажлууд явж байна. Компани иргэдэд ногдол ашиг олгох хэмжээнд хүрсэн, ашигтай ажиллаж байгаа учир анх удаа иргэн хүндээ хөрөнгө оруулалт хийж байна. 


-Өмнөх жилүүдэд ашгаасаа иргэдэд  хүртээж болоогүй юмуу? 


-2017 онд ашигтай ажилласан. Гэхдээ Чалко, Хөгжлийн банкинд өр төлбөртэй байсан. 2018 онд  мөн ашигтай ажилласан ч  Хөгжлийн банкны хүү, хүүгийн төлбөрийг төлж барагдуулсан. Энэ удаагийнх мөнгө тарааж юмуу хувьцааг нь худалдаж авч байгаа хэлбэр биш.  Ашгийн дараах үр ашгийг иргэддээ хүртээж байна гэж хүлээж авахыг  хүсч байна. 
 2016 оны сайн хувьцаа бол Засгийн газар иргэдийн хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авсан. Энэ бол мөнгө тараасан гэдэг хэлбэр рүү орно. Энэ удаагийнх Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж Засгийн газарт танилцуулаад өнөөдөр ТУЗ-ийн шийдвэрээ албан ёсоор танилцуулж байгаа юм. 


-Эрдэнэс ТТ  олон улсын  хөрөнгийн зах зээлд IPO гаргах  гэж байгаа. Хувьцаа хүртээх энэ үйл явцтай хэрхэн холбогдож байна вэ? 


-Ярьж болохгүй хэм хэмжээ гэж байдаг. Өгч болох болохгүй мэдээлэл гэж бий. 

-Цаашид нүүрсний зах зээл хүндрэх төлөвтэй байгаа. Энэ эрсдлийг яаж тооцсон бэ? 

-Нүүрсний борлуулалтыг бид тооцож байгаа. Эрсдлитйн менежмент хийгээд болзошгүй эрдслийг тооцож байна. Олон улсын зах зээлд нүүрсний ханш тогтвортой байгаа. Энэ  халдварын дэгдэлт намжвал нүүрсний борлуулалт олон улсын зах  зээл дээр нэмэгдэнэ. 

"Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: "Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олсон. Нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 670 тэрбум төргөг төвлөрүүлсэн. Компани 2016 оноос хойш ашигтай ажиллаж, их хэмжээний гадаад дотоод төлбөрийг барагдууллаа. 

Өнөөдрийн байдлаар 580 мянган иргэн хувьцааны бүртгэлээ хийлгээгүй байна. Голдуу хүүхдүүд, гадаадад амьдардаг иргэд бүртгүүлээгүй байна. Эдгээр иргэдийн бүртгэлийг хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл явуулна. Ногдол ашгаа авахын тулд иргэд бүртгүүлэх ёстой. Бид хувьцаа эзэмшигчдийн хурлыг дөрөвдүгээр сарын 17-ны үед төлөвлөж байгаа. Тус хуралд өнөөдрийн ТУЗ-ийн хурлыг шийдвэрийг танилцуулснаар ногдол ашиг хуваарилах эрх нээгдэнэ. Ногдол ашгийг тавдугаар сараас олгож эхэлнэ.  

Энэ үйл явдалтай холбоотойгоор нийгэмд маш олон мэдээлэл цацагдаж эхэлнэ. Тиймээс албан бус хаягнаас мэдээлэл битгий аваарай. “1,072” нэг цонхны мэдээллийг өнөөдрөөс ажиллуулж байгаа. Мөн 1800 1072 гэдэг дугаараас иргэд мэдээлэл авч болно. Манай албан ёсны пэйж хаягуудаас мэдээлэл авах боломжтой. 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан иргэний ногдол ашгийг өв залгамжлалын дагуу олгох юм байна. 

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал: