Авлигатай тэмцэх газраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг эрэн сурвалжлуулах буюу байгаа газрыг нь тогтоолгохоор интерполд хандаад байгаа талаар мэдээллээ.
Нийслэлийн прокурорын газраас Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компани болох "TDB Capital", "Mongolian Copper Corporation"-д давуу байдал олгосон гэх үйлдэлд нь энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.
Хөх буланд зар байршуулснаар байгаа газрын байршлыг нь тогтоох боломжтой болдог байна
Мөн оффшор бүстэй холбоотой Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа ч тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан бүртгэлтэй байгаа тул холбогдох ажиллагааг хийх боломжгүй болжээ.
Тиймээс 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Интерполын Үндэсний төв товчоонд Ц.Элбэгдоржийн талаар мэдээлэл авах, байгаа газрыг нь тогтоолгохоор хөх буланд зар байршуулах хүсэлтийг гаргаад байгаа талаар АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү хэллээ.
Хөх буланд зар байршуулснаар байгаа газрын байршлыг нь тогтоох боломжтой болдог байна.
Ц.Элбэгдоржийн ар гэрийнхэнд тухай бүрт нь мэдэгдэх хуудас илгээж, холбогдох албан тушаалтнуудаас тодруулсан ч ирээгүй тул ийнхүү олон улсын байгууллагад хандаад байгааг тэрбээр онцолсон юм.
Би зугтаад хаачих вэ. Төрийн хамгаалалт нь дагаад явж байна
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хийсэн бөгөөд ингэхдээ "Ажил ихтэй явж байна. Хүлээсэн үүргийнхээ дагуу олон улсын байгууллагуудын хурал, зөвлөгөөн, уулзалтад оролцож байна. Энэ хооронд хуулийн байгууллагаас надаас асууж тодруулах зүйл гарсан бололтой. Зарим нь намайг оргож, зугтсан мэт сэтгэгдэл төрүүлэх гэж оролдож байна. Би зугтаад хаачих вэ. Төрийн хамгаалалт нь дагаад явж байна. Хуулийн байгууллагад оролцож буй хурал зөвлөгөөнийхөө урилгыг явуулсан. Монгол Улсын хууль миний хувьд дээд хүч. Монгол Улсын хууль, төрийн эсрэг хийсэн буруу зүйл байхгүй. Хуанлид туссан үйл ажиллагаандаа оролцоод очно" гэж байсан билээ.
Эх сурвалж: Gogo.mn