ЕТГ-ын дарга З.Энхболд ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон байна. Энэ талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Би өнөөдөртөө ажлаа өгнө, өргөдлөө бичнэ. Гурван сарын дараа сонгуулийн кампанит ажил эхэлнэ. Тиймээс тэр ажилдаа төвлөрөх хэрэгтэй байна. Ерөнхийлөгч хүлээж авна гэж амласан байгаа. Янз бүрийн мэдээлэл гараад байгаа учраас албан ёсны тайлбар өгөхөөр мэдээлэл хийж байна. Зарим нь ор үндэсгүй мэдээлэл ч нийтэлж байгаа. Харин зарим сэтгүүлч сонгуульдаа төвлөрөх гэж байгаа учраас ажлаа өгч байгаа гэж зөв мэдээлсэн байсан. Түүнээс бусад нь бүгд худлаа гэсэн юм. Тэрээр Ч.Сайханбилэгийн тухай Гадны орноос иргэншил хүсээд, манайд байгаа Элчин сайдын яаманд нь хандсан гэсэн мэдээлэл бий. Уг нь Ч.Сайханбилэг зугтаж явах биш ирээд, хуулийн байгууллагаар шалгуулаад, үнэн мөнөө олчих хэрэгтэй юм гэлээ.
Ч.Сайханбилэг ерөнхий сайд байхдаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг УИХ-д танилцуулалгүйгээр хууль зөрчин ХХБ-д зарсан хэргээр хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байхдаа гадаадад оргон зугтаасан. Түүнийг интерполоор эрэн сурвалжилж буй, ОХУ-аас маш үнэтэй өмгөөлөгч хөлсөлсөн зэрэг мэдээлэл цацагдаж байсан. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэг нь гадны улсаас иргэншил хүссэн мэдээлэл гарсан. Үнэн гэдгийг ЕТГ-ын газрын дарга З. Энхболд баталлаа.
Шуурхай.мн