Монгол Улсаа төлөөлөхөөр томилогдсон дипломатууд сүүлийн үед янз бүрийн асуудалд ихээхэн холбогдож байна. Хамгийн сүүлд, Франц улсад суух Элчин сайд Ө.Баттөр мөнгө угаасан хэрэгт холбогдон, шүүхээс нэг сар хорих захирамж гарч, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм.
Тэгвэл Франц дахь Элчин сайдын яамтай холбоотой бас нэгэн асуудал гарчээ. Тодруулбал, тус улсын Элчин сайдын яаманд Элчингийн зөвлөхөөр томилогдсон М.Батсайхан нь Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байгаа нэгэн аж. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан Польшийн цагдаагийн газраас "Тамхи хууль бусаар тээвэрлэсэн, борлуулсан" гэмт хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байгаа албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулах үүргийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнд өгсөн. Гэтэл ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн нь түүний өгсөн үүргийг үл тоон, Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж буй М.Батсайханыг Элчинд зөвлөхөөр томилж, бүр өөрт нь болон эхнэрт нь дипломат паспорт олгосон байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар М.Батсайхан, Д.Даваасүрэн нар нь найзууд гэнэ. Тиймээс Д.Даваасүрэнгийн эл үйлдлийг найзыгаа хаацайлах бус Монгол Улсын нэр төрийг хилийн чанадад унагасан үйлдэл хэмээн яамныхан ихэд эгдүүцэж байгаа аж.
Б.Аз
Эх сурвалж: ZALUU.COM