УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо дөнгөж сая шийдвэрээ гаргаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжлээ. Ингэснээр холбогдох байнгын хороод болон УИХ-ын чуулганаар асуудлыг эцэслэн шийдэх юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Халдашгүй байдлын дэд хороо шийдвэрээ гаргалаа. Ерөнхий прокурор асуултад хариулсан. Н.Номтойбаяр гишүүн өөрөө асуудлаа тайлбарласан. Бид санал нэгтэйгээр Ерөнхий прокурорын шийдвэрийг дэмжиж, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Мөрдөн байцаалтын нууцтай холбоотойгоор үүнээс өөр мэдээлэл өгч чадахгүй.
Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой олон асуудал, хэл ам гарч байна. Түүнийг шалгах гэхээр бүрэн эрх нь саад болоод байна гэсэн. Тиймээс бид бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн нь зөв гэж үзсэн. Одоо байнгын хороод хуралдах ёстой. Ерөнхий прокурор түүнийг мөрдөн байцаалтын нууц задруулсан, мөрдөн байцаалтад саад болж байна гэсэн. Дотор нь байгаа бусад асуудлыг бол хэлээгүй. Хариуцаж байгаа Ерөнхий прокурор асуудал оруулж ирсэн учраас бид бүрэн дүүрэн дэмжих ёстой л гэж үзсэн. Ерөнхий прокурор түдгэлзүүлэх санал оруулж ирсэн учраас асуудлаа өөрөө хариуцах байх" хэмээлээ.
Шуурхай.мн