Хорвоод хүн болж төрснийх удам угсаагаа залгамжлах үр хүүхэдтэй болохыг хүсэхгүй хэн байх билээ. Ийм хувь дутсан зарим нь үр шилжүүлэн суулгах мэс заслын аргыг өргөн хэрэглэх болоод байгаа юм. Дэлхийн хэмжээнд энэ төрлийн эмчилгээ нь нэлээд өндөр үнэтэй байдаг юм байна. Сүүлийн жилүүдэд манай улсад ч мөн зах зээлийн дундаж үнэ ханшаар ийм мэс засал хийдэг “RMC”, “Cи эл даблью эйч”, “Өөжин мед” зэрэг дөрөв таван эмнэлэг үүдээ нээн, үр шилжүүлэн суулгаж өрх гэрт аз жаргал бэлэглэх болжээ. Хөрөнгө мөнгө ихтэй хүмүүс тэдгээр эмнэлэгт хандан үр хүүхэдтэй болохыг хичээх нь зүйн хэрэг биз. Гэтэл тэнд нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хаанахын, ямар үйлчилгээтэй эм бэлдмэл болох нь бараг мэдэгдэхгүй шахуу юмаар үйлчилдэг ажээ.
Саяхан нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхны шалгалтаар тэдгээр бүртгэлгүй эм, тариануудыг нь “биологийн идэвхт бүтээгдэхүүн” гэж тодорхойлсон байна. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар бол гарал үүсэл нь тодорхойгүй ийм бүтээгдэхүүнийг хилээр хууль бусаар оруулж ирдэг бүлэглэл байдаг бөгөөд тэд үр шижлүүлэн суулгах эмнэлэгийн удирдлагуудтай “гар нийлж” ажилладаг аж. “RMC”, “Cи эл даблью эйч”, “Өөжин мед” зэрэг эмнэлэгүүдэд манай улсын эмийн бүртгэлд ороогүй эм, амин дэм, биологийн идэвхт бүтээгдэхүүнээс хэчнээнийг зарж борлуулсныг тоолж тогтоох аргагүй болоод байгаа юм. Тэгвэл Монголын зах зээлд одоогоор эмэгтэй хүний үргүйдлийг эмчлэх үйлчилгээтэй гээд байгаа “Прогинова”, “Цетротид” гэх мэт эм тариаг 680-750 мянган төгрөгөөр зарж борлуулж байна. Гэтэл дээрх эмнэлэгүүдээс хураагдсан “Прогинова” болон “Прогестрон”, “Диферелин” зэрэг өөр хэд хэдэн эм, тариа нь манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэл хуурамч эм, тариагаар үйлчилж байжээ. Цагдаагийн ажилтнууд сүүлийн үед эдгээр эм, тариаг гадаадаас зөөж авчирдаг бүлэг этгээдүүдийг түрүүчээс нь олж ирлүүлж байгаа бөгөөд саяхан Болд гэгч дөч гаруй настай нэгэн эрийг саатуулан, түүний ОХУ-аас Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор оруулж ирсэн тэрхүү “Прогинова”, “Прогестрон” гэх мэт хуурамч эм, тариаг илрүүлсэн байна. Мөн “RMC”, “Cи эл даблью эйч”, “Өөжин мед” эмнэлэгийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
“RMC” эмнэлэгийг үүсгэн байгуулагч, гол эзэн нь АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байхдаа бас бөөн хулгай луйврын хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан доктор Г.Батбаатар эмч ажээ. Харин “Өөжин мед” эмнэлэг нь Монгол улсын Хөдөлмөрийн баатар, олимпын аварга боксчин Э.Бадар-Ууганы эхнэр Х.Анхжаргалын нэр дээр байдаг бөгөөд “Cи эл даблью эйч” буюу “CLWH” эмнэлэгийг БНСУ-ын иргэн Чой Бум Чэ гэгч нь Монголд анх байгуулж, эмчилгээ эрхэлсэн орлогчоороо Монгол улсын иргэн Б.Цогмаа гэгчийг томилон ажиллуулж байна. Эндээс харахад үр шилжүүлэн суулгадаг эдгээр эмнэлэгүүд нь үндсэндээ Монгол талаасаа сайн, муу аль ч үйлдлээрээ нэлээд нөлөө бүхий этгээд гэгддэг Г.Батбаатар эмчээс ил далдуур ихээхэн хамааралтай гэж үзэж болохоор байгаа юм. Солонгосын Чой Бум Чэ нь түүний найз бөгөөд Г.Батбаатар эмчийн хувьд урьд нь АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байхдаа хангалт үйлчилгээний ажилтан Ц.Батхуяг нарын зэрэг хүмүүстэйгээ хуйвалдан тендер будлиантуулж, банкны баталгааг хуурамчаар хийсэн нь илэрч байсан юм. Тэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, Амгалан дахь Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газраас авч шинэ эмнэлэг-сургуулийн барилгыг барихдаа “Хай ресурс” компанитай далдуур тохиролцон 358.5 сая төгрөгийн өртөг бүхий тендерийн гэрээний материалыг хуурамчаар бүрдүүлсэн байжээ. Гэвч тэдний энэ хэрэг Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаад сүүлийн үед харин сураг чимээгүй болоод байна. Бодвол прокуророос уг хэргийг дарж хаацайлсаар хааж хаях бололтой. Тэгтэл Г.Батбаатарын дараагийн хэрэг тийнхүү үр шилжүүлэх суулгадаг “RMC” эмнэлэгээс нь босож ирээд дахиад иргэдийг бухимдуулсан шуугиан тарьж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, Үр шилжүүлэн суулгадаг эмнэлэгүүдийн хуурамч эм, тариагаар “бөмбөгдөх” хогийн бизнесийг АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар тэргүүлж байгаа ажээ.
Улсын бүртгэлд бүргэгдээгүй эм, тарианууд нь үр шилжүүлэн суулгуулахыг хүсэн үйлчлүүлж буй хүмүүст сайн нөлөө үзүүлэхгүй нь мэдээж юм. Иймд Г.Батбаатар тэргүүтэй энэ төрлийн “залилангийн бүлэглэл”-ийг тас цохиж зогсоохгүй бол олон хүн амь, амьдарлаараа хохирч болзошгүй ажээ.
О.Баяр
Шуурхай.мн