“Петро Чайна Дачин Тамсаг” компанид Монгол улсын хууль тогтоомжуудыг биелүүлэх шаардлага хүргүүлэх жагсаал Матад сумын төвд эхэллээ. Уг жагсаалд цуглааныг санаачлагч Матад сумын Түмэнхаан багийн иргэн Б.Түвшинжаргал тэргүүтэй Матад сумын уугуул болон суугуул иргэд оролцож “Петро Чайна Дачин Тамсаг” компанийг Газрын тосны тухай хуулийн 11.2.17 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллахыг шаардаж байна.
Энэхүү жагсаалд оролцож буй нэгэн иргэн ийнхүү бичжээ.
“20 жил Матад сумаас газрын тос зөөж ундны усны хомсдолд оруулж, байгаль орчныг сүйтгэж, химийн хортой хаягдал булчихаад 2020 онд суманд нь ийм хөрөнгө оруулалт л хийнэ гээд балайраад байх юм.
Бидний тэмцлийн зорилго жил бүр Матад, Халхгол сумдад 1-2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тус сумдыг хөгжүүлж нийгмийн хариуцлагатай байхыг л шаардаж байгаа.
Яг жилийн өмнө орон нутгийг хөгжүүлэх гэрээ хийхийг даалгасан шийдвэр шүүхээс гарсан учир шүүхийн шийдвэрийг биелүүлэх, энэ улс орон чинь ард түмэнтэй гэдгийг даварсан Петрочайнаад мэдрүүлэх учиртай.
2020.01.10-ны өдөр тохирсон ёсоор холбогдох гэрээгээ хийхгүй бол 2020.06.30 өдөр хүртэл газрын тосны тээвэрлэлтийн замыг хааж жагсана.
Бидэнтэй хамт нэгдээрэй ДОРНОДЧУУДАА” хэмээсэн байна.