Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу 03 - 06 хүртэл Спортын төв ордоны “А” танхимд үргэлжлэн явагдана. “Токио 2020” олимпийн наадам болох хариуцлагатай жил учраас энэхүү тэмцээнд бүх бөхчүүд өндөр ач холбогдол өгч байгаа билээ. Тамирчин хүний гол зорилго нь олимп, дэлхийд нэр дуурсгах гол зорилготой байдаг учир УАШТ ширүүн өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй. Манай улсаас 2 жинд олимпийн эрхээ авсан бөгөөд үлдсэн жингүүдэд эрхээ авахын төлөө Үндэсний шигшээ баг ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн УАШТ-ий жин тус бүрийн Аваргууд Азийн аваргад оролцох эрхээ авах юм.
57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд) гол фаворит нь бөгөөд түүнтэй Болдын Түмэнцогт (Женко), Занданбудын Занабазар (Хилчин), Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС), Бямбадоржийн Хаш-Эрдэнэ, Цэвээнсүрэнгийн Цогбадрах зэрэг залуучууд хүчтэй өрсөлдөнө. Энэ жин бол Монголчуудын тогтмол амжилт үзүүлдэг ГОЛ найдвар болсон жин билээ.
65 кг: Энэ жинд Төмөр-Очирын Тулга олимпийн эрх авчирсан. Гэхдээ тэрээр шууд Токио явна гэсэн үг биш. УАШТ-д түрүүлсэн нь өөртөө том боломж үүсгэнэ. Олон жил Монгол түмнээ баярлуулж яваа хүчтэн Ганзоригийн Мандахнаран аварга энэ удаа үндсэн жиндээ хүч үзнэ. Риогийн олимпод алдсанаа нөхөх чин эрмэлзэл түүнд бий. Мөн Батбаатарын Буд (Харгант цамхаг), Олонбаярын Сүлдхүү, Батсуурийн Наранболд зэрэг залуу бөхчүүд болон Б.Батмагнай нарын бөхчүүд энэ жинд сайн барилдах учиртай.
74 кг: Олимпийн жин болох энэхүү жинд өнгөрсөн жил Занданбудын Сумъяабазар түрүүлсэн. Энэ удаад ч гэсэн тэрбээр гол өрсөлдөгчийн нэгээр нэрлэгдэнэ. Мөн Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин), Бямбадоржийн Бат-Эрдэнэ (Алдар), зэрэг шилдэгүүд бий. Энэ жинд улсаа төлөөлөн олон жил барилдаж явсан Доржваанчигийн Гомбодорж барилдвал бүр ч үзүүштэй ширүүн өрсөлдөөн гарах биз ээ.
86 кг: Энэ жингийн гол хүн нь “Алдар”-ын Оргодолын Үйтүмэн юм. Жиндээ олон жил ноёрхож буй түүнтэй Ганбаатарын Ганхуяг (МУБИС) гол өрсөлдөөнийг үзүүлэх учиртай.
97 кг: Дэлхийн чансаанд дээгүүрт эрэмбэтэй Өлзийсайханы Батзул энэ жингийнхээ гол хүн нь юм. Мөн Төмөрбатын Мөнгөншагай (Харгант цамхаг) Пүрвээгийн Өсөхбаатар, Лувсандоржийн Төртогтох нар гол өрсөлдөөний эзэд болно.
125 кг: Өнгөрсөн жилийн УАШТ-д Доржхандын Хүдэрбулга түрүүлж Нацагсүрэнгийн Золбоо удаалсан. Энэ хоёр бөх энэ жил мөн л ширүүн өрсөлдөнө. Энэ хоёрт саад учруулж мэдэх бөх нь залуу хүчтэн Мөнхтөрийн Лхагвагэрэл юм.
УАШТ-ээс эрхээ авсан бөхчүүд Энэтхэгт болох Азийн АШТ, гуравдугаар сарын 27-29 – нд БНХАУ-ын Шиань хотноо болох Азийн олимпийн эрх олгох тэмцээнд оролцох учиртай. Хэдийгээр 10 жинд УАШТ болох ч Олимпийн жингүүдийн гол бөхчүүдийн тухай дурдлаа. СТО-д 4 өдөр үргэлжлэх УАШТ-ээр хэний охины толгой ажиллаж, өөртөө байгаа бүхий ур чадвараа гаргаж чадна тэр нь Токиогийн зүг Эх орноо төлөөлж явах билээ. Бүх бөхчүүддээ амжилт хүсье
Шуурхай.мн