Дэлхийн допингийн эсрэг агентлаг өчигдөр /2019.12.09/ хуралдаж Оросын тамирчид өөрийн нэгдсэн туган доор тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болсон шийдвэрийг гаргалаа. Энэ асуудлаар Швейцарийн Лозанна хотод дэлхийн допингийн эсрэг агентлагийн гүйцэтгэх хороо хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан юм. Мөн ОХУ ирэх дөрвөн жилийн хугацаанд бүх төрлийн спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцох, зохион байгуулах эрхгүй болжээ.
Өчигдрийн хуралдаанаар дэлхийн допингийн эсрэг агентлагийн тамирчдын хорооны гишүүдийн дийлэнх нь ОХУ-ын тамирчдыг ирэх жилийн зуны Олимп болоод 2022 оны Бээжингийн өвлийн Олимпод аль ч туг далбаан дор огт оролцуулах ёсгүй гэсэн саналыг дэмжжээ. Оросын допингийн эсрэг агентлаг энэ шийдвэрийг эсэргүүцвэл 21 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Давж заалдсан тохиолдолд Дэлхийн допингийн эсрэг агентлаг асуудлыг Спортын арбитрын шүүхээр хэлэлцүүлэх ажээ. Олон улсын Олимпийн хороо өнгөрсөн жил Оросын тамирчдын допингийн хэрэгт холбогдуулан гурван жил улсынхаа туг далбаан дор олон улсын тэмцээн уралдаанд оролцохыг хориглосон юм. Өнгөрсөн жилийн Пёнчаны өвлийн Олимпод Оросын баг тамирчид ОУОХ-ны нэгдсэн туган доор өрсөлдсөн билээ.
Шуурхай.мн