fbpx

Хутга мэсний дуулианы сөрсөн базаа нь “хор”-той захиа юу?!


Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлээд УИХ-ын дарга М.Энхболдыг энэ оны нэгдүгээр сарын 10-нд албан өрөөндөө байхад нь хутга барьж дайрсан гэх дуулиан дэгдлээ. М.Энхболдыг УИХ-ын дарга байхад хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байсан Б.Гүнбилэг телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “…Таван гишүүнтэй хамт Улсын харцага Г.Ганхуяг тэргүүтэй хэсэг хүмүүс орсон. 

Гэтэл тэр хүмүүс нь УИХ-ын ёслол хүндэтгэлийн өргөөнд шууд хутга гаргаад, түүн рүү дайрсан. Энэ бол Монголын түүхэнд байгаагүй үйлдэл. Дарга руу хүн ухасхийхэд комиссарууд нь шууд бүчиж аваад, дараад уначихдаг юм билээ. Тэгээд дарагдаад өнгөрсөн” гэж ярьсан юм.

2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр “МАНАН бүлэглэлийг нураах ард түмний тайван жагсаал” Сүхбаатарын талбайд болсон. Энэ жагсаалыг УИХ-ын таван гишүүн, иргэний хөдөлгөөнийхөн зохион байгуулсан байдаг.

Харин Б.Гүнбилэгийн яриад байгаа явдал нь жагсаал хийх үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нартай хамт иргэний хөдөлгөөнийхэн Төрийн ордонд нэвтэрч УИХ-ын дарга М.Энхболдтой уулзах үеэр болжээ. Тэр уулзалт хэвлэл, олон нийтэд хаалттай болсон ч тэнд болсон үйл явдлын талаар сүүлд бүдэг бадаг зүйлүүд яригдаж л байсан. Тухайн үед уулзалтын талаар сэжиг бүхий яриа, мэдээллийг зарим хүн өгч байсан юм.

Тухайлбал, тэр үед УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон “Төв талбайд болж буй жагсаалыг зохион байгуулж буй УИХ-ын таван гишүүн болон жагсагчдын төлөөллөөс бүрдсэн нийт есөн хүн УИХ-ын даргатай уулзсан. УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн сарын 27-нд болсон жагсаалд оролцогчдын шаардлагад албан ёсоор хариу өгөхөөр бэлдсэн байсан ч, гишүүдтэй хамт орж ирсэн жагсагчдын төлөөлөл УИХ-ын дарга руу дайрлаа.

Үүнийг төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид таслан зогсоосон. Жагсагчдад хүргүүлэхээр төлөвлөсөн УИХ-ын даргын тайлбарыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд танилцуулна” гэж мэдэгдэж байв. Түүнийг хэн ч сонсоогүй юм шиг өнгөрөөсөн. Одоогоос 11 сарын өмнө Ц.Цолмонгийн ингэж ярьсан дээр Хуулийн зөвлөх байсан Б.Гүнбилэг “…Хутгатай дайрсан” гэж хэлсэн нь асуудлыг нэлээд хурцатгалаа.

Өчигдөр /2019.12.4./ УИХ-ын дарга асан М.Энхболд олон нийтийн сүлжээгээр “…Над руу ухасхийсэн хүний гарт хутга байгаагүй. Харин хамгаалалтын албаныхан хутга хураасан гэж надад танилцуулж байсан. Би тэр үед ордны доторх болон гаднах нөхцөл байдлыг сайн мэдэрч байсан тул энэ асуудлыг дэвэргэх шаардлагагүй гэж хэлсэн.
Тухайн үед нь иргэд бухимдалтай байна, аргагүй бизээ амьдрал сайнгүй байна шүү дээ гэж би хэлж байсан” гэх тайлбарыг өгөв. Их л “аядуу зөөлөн” тайлбарласан байгаа юм.

Гэхдээ энэ бол ноцтой асуудал. Б.Гүнбилэгийн хэлснээр УИХ-ын ёслол хүндэтгэлийн өргөөнд, төрийн эрх барих дээд байгууллагын удирдлага руу мэс барьсан этгээд дайрсан тухай яриа гарна гэдэг л маш ноцтой.

Учир нь М.Энхболд гудамжинд гүйж яваад, эсвэл баар саваар тэнэж яваад амьтны дургүй хүргэж байж хутга тулгуулчихаагүй.

Тухайн үед УИХ-ын гишүүдтэй хамт УИХ-ын даргын өрөөнд орсон Улсын харцага Г.Ганхуяг “…УИХ-ын даргын өрөөнд шалгуулахад ДМНН-ийн Дашийн биеэс “Тактикал” загварын хутга гарч ирсэн” гэж хэлсэн тухай өдөр тутмын сонинд мэдээлжээ. Тэгэхээр ямар ч байсан Төрийн ордонд, УИХ-ын даргын өрөөний үүдэнд, эсвэл дотор нь хутга хураагджээ гэдэг тодорхой болж байна.

Ерөөс асуудлын гол нь М.Энхболдод хутга тулгасан эсэх явдал болсон эсэх ч биш тал руугаа явна. Яагаад гэвэл Б.Гүнбилэгийн мэдээлж, М.Энхболдын тайлбарласан асуудал Монгол төрийн ордонд болжээ. Төрийн ордон бол Тагнуулын ерөнхий газрын хамгаалалтад байдаг. Тэр дотроо тус газрын Төр, нийгмийн аюулгүй байдлыг хангах алба, Төрийн ордын хамгаалалтын алба бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тэдэнд хариуцлага биш юм гэхэд нэр хүндийн асуудал яригдана.

Хамгийн ойлгомжгүй юм бол хутга халаасласан этгээд Төрийн ордонд нэвтэрч УИХ-ын даргын өрөө хүртэл ямар ч саадгүй явчихсан нь гайхмаар байна. Бас үүдэнд “баригдаагүй” хутга УИХ-ын даргын өрөөний үүдэнд гэнэт гараад ирсэн нь анхаарал татах ёстой.

Хэрвээ тэр үед энэ бүхэн ил болж, хэвлэл олон нийтэд хутганы талаар мэдээлэгдсэн бол өнөөдөр Г.Занданшатар УИХ-ын дарга болохгүй, М.Энхболд огцрохгүй байх байв. Үнэн шүү. Гэтэл ийм ноцтой асуудал ингэтлээ нам дарагдана гэж байдаг л юм байна. Учир бий биз ээ.

Г.Занданшатар гэснээс хутга мэсний дуулиан дэгдээд ирэхтэй зэрэгцээд энэ долоо хоногийн эхээр бас нэг “дуулиан” гараад ирлээ. Тэр дуулиан нь экс биш өнөөгийн УИХ-ын даргатай холбоотой болж таарав.

Тодруулбал, даваа гариг /2019.12.2./-ийн орой УИХ-ын дарга Г.Занданшатарт Энэтхэгээс ирсэн захидлыг туслах нь хүлээн авчээ. Захидлыг задлаад толгой нь эргэсэн гэнэ. Улмаар эмнэлэлэг, онцгой байдал дуудаад захидлыг шинжилгээнд өгсөн гэнэ.

Төрийн ордон тэр оройжин бужигнасан гэж зарим мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Гэхдээ хортой захидлын талаар албан ёсны мэдээлэл бол алга. Хэвлэлүүдээр ч зөрүүтэй, бүдэг бадаг мэдээлэл яригдаж байгаа юм. “…УИХ-ын дарга Г.Занданшатарын туслах Хүрэлшатар хордсон” гэх зэрэг  мэдээллүүд түгсэн.

Гэхдээ үүнийг Г.Занданшатарын PR зөвлөх “…Энэ талаар юу  ч мэдэхгүй” гэсэн тайлбарыг өгсөн байна. Энэ мэтийг харахаар хардлага төрөөд явчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга асан М.Энхболд руу хутга мэс барьж дайрсан гэх дуулианы араас УИХ-ын дарга Г.Занданшатарт Энэтхэгээс хортой захидал ирсэн гэх “дуулиан” гарч ирсэн. Тиймээс үүнийг хутга мэсний дуулианы сөрсөн базаа нь “хор”-той захиа юм байна гэхээр байна.

Б.Дамдин-Очир
Эх сурвалж: www.polit.mn


Энэ мэдээ таалагдаж байвал: