“Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна


ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ШУА-ийн Философийн хүрээлэн,  ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гаригт Дэлхийн философийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд 9:00-14:00 цагт зохион байгуулахаар болжээ.

2015 онд НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг баталсан бөгөөд  2016 онд Монгол улсын их хурал “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг баталсан. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд философичдын оролцоо нэн чухал бөгөөд философийн мэдлэг ухаан, арга, зарчмыг хэрэглэх шаардлага байгаа юм. Энэ хүрээнд уг эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь Монголын өнөөгийн нийгмийн бодит байдал, цаашдын тогтвортой хөгжлийн асуудлыг оюуны соёлын өв уламжлалын хүрээнд авч үзэн, тус чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг хэлэлцүүлж, санал солилцон философийн ач холбогдлыг сурталчлан дэлгэрүүлэхэд оршиж байгаа аж.  

Хуралд доктор (Sc.D), профессор Д.Дашпүрэв “The Mongolian mind: principal ideas of Mongolian historiography”, доктор (Sc.D), профессор С.Дулам “Монголчуудын үндэсний ижилсэл-ондоошлын тэмдэг бэлгэдлийн судалгаа”, доктор (Sc.D), профессор А.Энхбаатар “Монгол дахь философийн хөгжил: индигенизаци” сэдвээр мөн доктор (Ph.D), профессор Б.Галиндэв, доктор (Sc.D), профессор С.Одхүү, доктор (Sc.D), профессор Ш.Ариунаа, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Д.Гоомарал Б.Шаравын бүтээлүүдийг бүтээлчээр тайлбарлах нь сэдэвт илтгэл, Монголын философийн холбооны ерөнхийлөгч доктор (Ph.D) Д.Гантөмөр Монголын оюун санааны тогтвортой хөгжлийн асуудалд зэрэг илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Хуралд тавигдах илтгэлүүд нь урлагийн философи, соёлын философи, ёс зүй, шашны философи, улс төрийн философи, хүний тухай философи, техникийн философи зэрэг философийн бүх чиглэлийг хамарч буй бөгөөд тогтвортой хөгжлийн асуудлыг философийн үүднээс шинжилж, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг Монголын оюуны соёлын үнэт зүйлс, үндэсний онцлог, сэтгэлгээний өв уламжлалдаа нийцүүлэн бүтээлчээр хэрэглэх боломж, арга замыг эрэлхийлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. Хурлын үеэр тавигдсан илтгэлүүдийн эмхтгэлийг хэвлүүлж холбогдох байгууллагууд түгээхээр болсон байна.

Мөн хурлын үеэр хамтран зохион байгуулагч Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс “Монгол дарханы урлахуй ухааны дээжис” үзэсгэлэн дэлгэх бөгөөд энэ үйл ажиллагаатай зэрэгцэн “World Philosophy day -2019” нийгэм хүмүүнлэгийн ухааны номын хямдралтай худалдаа явагдаж өөр хоорондоо ном солилцох, бэлэглэх боломжтой байх юм.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД


Энэ мэдээ таалагдаж байвал: