fbpx Д.Нацагдорж “Үзэгдээгүй юм”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
26 минут 21 секунд

Д.Нацагдорж “Үзэгдээгүй юм”

Хангайн сайхан нуруунаас гарсан Идэрийн сайхан гол өндөр уулнаас буусан тул урсгал түргэн түргэн, бас л хөгжим шиг шуугина. Хажууд нь суун чагнахад үнэхээр тааламжтай. Хүний өнгөрүүлэх зам ямар болохыг юунд урьдаас тайлбарлаж үл өгнө. Энэ тунгалаг ариун мөрөн хичнээн мянган жил хэв хэвээр урссаар байтал, эрэг дагуу оршсон ёс гэтэл хүн амьтны түүх байн байн хувилсаар ирэх нь тэмцээний үр байжээ. Орчин тойрон зэрэглэсэн уулс бэрх өндөр, сэрвэн хад сэхийлцэн сахайлцан сүр жавхлан хэтэрхий, ой шугуй нягт зузаан, ус булаг хоржигнон хуржигнана.

Хавцал хаднаас асгах хархираа хүрхрээ цөмөөр Идэрийн голд цутгах бөгөөд түүний цэнхэр уснаас уухад дотор сэнгэнэн сэргэнэ. Хараахан түмэн бодис дэлгэрэхийн үес, зуны тэрүүн сарын шинэдээр дорнод уулын сэрвээ дээгүүр үүрийн шар туяа гэгээрэн тусмагц, энэтээ уулын орой дээр хөхөө шувуу яруухан донгодоход адуу манасан хүн түүний дууг сонсон баясаж, бас баясан сонсоно. Өглөөний нар оргин гарч ирэхэд голын эхэндэх саруул хөндий гэрэлтэж, ариун агаар татан, үнэхээр зуны амьсгал анхилах бөгөөд дэргэдэх цэцэг өвсөнд нимгэн цагаан хяруу гялтганаад, тэртээ ойд ногооны униар залгалдах нь даруй нүүдэлчин малчин хүний сэтгэлийг хөдөлгөнө.
Ийм нэгэн сайхан өглөө, Идэр голын өмнө этгээд нэг сэргэлэн дэнжийн дээр хэдэн цагаан гэр цэмцийн үзэгдэж, айл бүрийн тоононоос хөх утаа савсан, таван хошуу мал хаяагаар нь үргэлжилнэ.
Удалгүй хотон дотроос нь дөрөв, таван зуун хонь гарч билчин бушуу бушуу алхалж, баруун зүг зүтгэнэ. Гэтэл нэг залуу хүү баруун өмнөд гэрийн хаяанд сойсон нэг үрээгээр мордон, хонины хойноос давхиж ирээд, үүгээр түүгээр нь хашгирч зална.
Yзвэл, нас хорин гурав дөрөв хир, нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай, шавхийсэн хархүү байлаа. Хөх даалимбан дээлийг өмсөж, шар ногоон дурдан бүсийг ороосон бөгөөд гэзэггүй, орос эсгий малгайг хэлтгий тавьжээ. Бяцхан хар үрээ нь омголон тул тогтож ядан годгононо. Болд хүү тас тас гуядан, жолоог дугтран, хөндлөн сууж хонины хойноос алхуулна.
Түүнээс баруун ухаа дээр гарвал, хоньд нь тогтож, сая цухуйж байгаа ногоонд шунаж сонирхон, толгойгоо газраас үл салгана. Хажуугийн энгэрт Болд, бууж, халтар үрээгээ тушиж тавиад, хадан дээр сандайлж, ийм тийш харж, эргэх цагийн улирлыг гайхна.
Тэргүүнээ дээш хандвал, дөрвөн зүг тунгалгаар цэлмээд, тэнгэрийн хязгаар асар өв тэгш болжээ. Дөрвөн зүйлийн малууд энд тэнд сүрэглээд, өвсний соргог, усны тунгалгийг даган билчинэ.
Дөрвөн улирлын гайхамшиг, найртай сайхан зуны цаг ирэхэд үнэхээр хүн төрөлхтөн, түмэн бодисын толгой сэргэнэ. Yүнд Болдын сэтгэл бас л тэнийж, цээж дүүрэн ариун агаарыг амьсгалан, газрын байдлыг, уул ус жигдэлснийг ширтэж, хээр талын цэнгэлийн гайхамшигтай сайхныг сайшаан, аяа уудам сайхан хөдөөний газар гэгч нүүдэлчин малчин монгол хүний сэтгэлийг булаана гэж харан байхын хажууд өмнө хоолой руу байн байн ажиглана.
Юун гэвэл, Болд гадаадын сургуульд явж хэдэн жил болоод нийслэл хотоор дамжин гэртээ ирсэн бөгөөд удалгүй Улаанбаатарт буцаж албан хаах учир, өөрийн хуучин нөхөр Балгармаатай энэ өдрийн хонины хишгийг тохиолдуулан хээр тавиун газар тавтай уулзаж, сэтгэл зүрхний үгсийг солилцож, шийдвэрийг хэлэлцэх болзоо тавьсан тул мөрөөдөн хүлээж байгаа нь энэ байжээ. Тэгж, Болд нэг зэрэг уул усны сайхны гайхаж, нэг зэрэг Балгармаагийн ирэхийг санаж баярлан, бас л Балгармааг аваад хот газар явна гэж бодох тутам бахдаж, тэсч ядан суутал, өмнө зүгээс нэг морьтой хүн хатирч чиглэн ирж яваа нь үзэгдэнэ. Нарийвчилбал, морин дээр суусан нь цэмцгэр бөгөөд зайлшгүй Балгармаа мөн. Болдын магнай тэнийж, олон хоньд нь нам гүм болоход түүнийг тосъё гэж яаран ташуурыг тулан босмогц ар талаас гэнэт буун дуу тасхийж дараагаар хоёр удаа дуугарахад сочин гэдрэг харвал, гурван морьтой хүн хойд толгой дээрээс бууж ирэв.
Болд “Хулгайч юмуу, дээрэмчин юмуу, эсвэл гөрөөчин юмуу?” гэж гайхан юу ч болов мордоё гэж тушаатай морь руугаа явж хүрэхийн зуур өнөөх гурван хүн шогшин ирж хөндөлдөөд: “Зогс, гараа өрөг!” гэж зэрэг зэргээр галзуу мэт хашгирна. Болд хирдхийсэн боловч айсан байдал гаргалгүй ”Та нар юун хүн бэ? Юунд буу тавив. Надаар яах гэсэн юм бэ?” гэж асууж, тэднийг нэгд нэгнээр сайтар ажиглавал, нэг хөх царайтай хижээл хүн шар торгон дээлтэй байтлаа, хүүхэн хүний хоргой хамжаарыг өмссөн нь ший янгуунд гарагчид шиг хүзүүндээ өнгө бүрийн хив хадгийг уясан нь хэрж тэнэгч бадарчин шавираачин шиг, хүн рүү харах нь өлссөн чоно шиг бөгөөд хажуудаа нэг улаан хуйтай тахир сэлэм зүүж, бас л нэг буу мөрөвчилсөн нь хэрхэвч ерийн хүн биш. Бас нэг хөх чисчүү дээлтэй хар хүн бөмбөгөр оройтой малгай өмсөж, улаан жинс зүүсэн нь зайлшгүй хуучны түшмэд бөгөөд нэг винтов буу эгэлдэргэлж, энгэр дээрээ түвд үсэг бичсэн цагаа бүс хадсаныг үзвэл, үнэхээр сэжиглэлтэй бөгөөд гайхалтай. Нөгөө нэг хүн нас залуу, толгойг цагаан алчуураар ороожээ. Шинэхэн тав тавьсан нэг замаг буу мөрөвчилж, том ташуур барьсан нь лав шилийн хулгайч хүний шинжтэй, ийм гурван хүн бөгөөд унасан морьд нэлээд хөлөрчээ. Болдын зүг бүгдээр муухай харж лам шиг нь: “Чи маныг байцаана уу! Бид чамайг байцаана уу! Нэр чинь хэн бэ? Гэр чинь хаана вэ?” гэж зандарна. Жинстэй нь: “Аль вэ наадах малгайгаа ав, толгойг чинь харъя, халимаг үстэй юу. Юуны гишүүн бэ? хэл” гэж давшилна. Гуравдугаар нь: “Чи одоо болтол гэзэг тавихгүй яасан юм бэ. Маньд морь хүнс бэлтгэж байхгүй яасан юм бэ?” гэж загнана.
Yүнд Болд ихэд гайхан ширвэн харж: “Та нарын өмссөн зүүснийг үзвэл, өнөд үзэгдээгүй эдлэл байна. Yг хэлий чинь сонсвол өвчтэй галзуу амьтан шиг, ер нь яаж яваа юун хүмүүс вэ?” гэсэнд тэр гурав даруй буу тулган: “барина, хүлнэ, ална, тална” гэж завдалцан, хүчин хавсарч Болдыг цулбуурын сураар чанга хүлэхэд, залуу хүний царай хөхөрч зүрх догдлон хэрхэхийг нь шүд зуун хүлээнэ. Түүнээс тэр гурав: “Адуу чинь хаана байна? Гэр чинь хаана вэ? Ойр хавь хоршоо байна уу?” гэж хүлгийг чангаруулан байцаахад, Болд тэд хэн болохыг байдлыг нэгэнт мэдсэн бөгөөд залуу хүн зүрхтэй тул нэгийг ч зааж эс өгсөнд тэд морин дээр нь мордуулж, яаманд аваачина гэж хөтөлж, хүнс хийнэ гэж хонин дотроос нэгийг шилэн бөгтрөөд, баруун зүг явах үест хажуунаас Балгармаа хүрч ирж хөндөлдөн зогсож, Болд руу ирэхэд Болд дув дуугүй түүнийг ширтэнэ.
Өнөөх, гурав, хүүхний нэр усыг асууж, мөн л ийм тиймийг сураглахад хүүхэн айсан тул: “Мэдэхгүй, мэдэхгүй” гэхээс өөр хариу үл гаргана. Yүнд тэд нэг зэрэг зандран түрэмгийлсэн боловч дараагаар бяцхан номхорч мантай яв, жанжны хатан бол гэх үг эхлэн, ёсон бусчлах байдал гаргахад Балгармаа жолоог чангаа барьж холхон зогсоно. Энэ үед Болд сэмхнээр нүд дохисонд Балгармаа даруй учрыг мэдэж морио гуядаж зугтаан одсонд, Болдыг хөтөлж явсан нэг хүнээс бусад хоёр нь хойноос нь хөөсөн боловч Балгармаагийн морь сая барьж унасан тул, цахилгаан мэт гялалзан далд оров. Yд нэгэнт хэлбийж өглөөний цэлмэг тэнгэрт бараан үүл тал талаас хуралдаад бороо орох төлөвтэй болж, жихүүн салхи сэр сэр салхилна. Болд тэр гурвын дунд хөтлөгдөн явах бөгөөд хүлгийн сур нь маханд шигдэж, зүс царай нь улам улам шарлан энэлнэ. Хаана аваачих, юу болохыг мэдэхгүй галиран, хааяа хааяа тэднийг муухай харна. Харилцан ярилцахыг сонсвол, энэ жанжин, тэр жанжин, тийм хувилгаан, ийм дарь эх гэлцэх бөгөөд бас л ингэж албал бахтай, тэгж албал таатай гэж өгүүлэлдэх нь чихэнд сонсогдоход аягүй. Нар баруунтаа хэлбийх үест нэг уулын савыг өгсөн явсаар, удалгүй тэдний үүрлэсэн газар хүрэв.
Нэг бяцхан хийдийн дуган сүмийн алтан ганжир, оройн нарны гэрэлд үзэсгэлэнтэйгээр гялалзаж, мөргөлчин ардууд сэтгэлийг нэвт цацрах боловч түүний дэргэдээс амьтан хүнийг алах бузар яргачин гарна гэж хэн хэрхэн санана.
Тэр хийдийн хажууд үүдэн дээр нь шүхэр тус ба хийморь зэргийг хийсгэсэн хэдэн гэрийн хооронд эр эм, лам хар хэдэн зуун хүн ийш тийш бужигналдах ба энд тэнд хэсэг хэсгээр бүлэглэнэ.
Зүүн гэрийн хажуугаар өнгөрөхөд гав гинж хангинаж, хүн гаслах дуу гаран, бас шаахай тас нясхийж хүний ёолох холоос сонсдоно. Болд хүн болсоор ийм юм үзсэнгүй тул үнэхээр нүд халтирч сэтгэл сэржигэн, зүүд зэрэглээ, үлгэр домог мэт болж гайхна.
Өнөөх гурван хүн хамгийн баруун талын гэрийн дэргэд хүрч очсонд өмнөөс нь хоёр гурван хүн угтан морьдыг авав. Болдыг буулгаж урагш хөтлөн нэлээд хол аваачиж хүлээтэй хөгшин залуу арав гаруй хүмүүстэй нийлүүлэн хөлд нь төмөр тушаа торгон орхив.
Болд урьд таниагүй, хэн болохыг мэдээгүй боловч өөрийн шинэ нөхөд болох тэдэнтэй мэндлэн ямар юманд орсон болох учрыг асуувал, олонхи нь дуу гарч чадахгүй, нэг хоёр хүний дорой дуугаар үгүүлэх нь үхэхийг хүлээж байгаа бөгөөд бага тамлуулж алуулбал заяа тэр гэлцэнэ. Болд сочин цааш нарийвчлан асуувал, дөч гаруй настай нэг хар хүн энэ болбол, Бачирбатын яам гэгч юм гэнэ. Yзвэл, Очир там гэж ярилцдаг мөн шиг байна. Миний хүү хотод алба хаадаг тул баригдаж ирэн байцаалгасаар дөрөв хонов.
Эд болбол, саяхан хэд хоногийн дотор гараад ойр хавийн хүн малыг сүйтгэн байна. Их төлөв лам хувраг хүмүүс, алах талахаас өөр юм мэдэхгүй зэрлэг араатан шиг загнах ийм аюултай юмыг ер үзсэнгүй гэнэ. Бас нэг хорин долоо найман насны залууд, эдний жанжин гэгч нэг шийдэм адислан өгч, цэрэгт нь яв гэснийг эс хүлээсэн учир, маргааш шөрмөсий нь сугалж ална гэсэн гэнэ. Зүүн талын хацрын шарх бүхнийг асуудал, өчигдөр ная шаахайдуулсан гэж олон үг хэлэлцэж чадахгүй. Болд эдгээр байдлыг үзэж сонсох тутам мөн хүмүүсийг хайрлан энэрч нийгүүлсэхийн хамт тэдний харгис догшинг гайхаж ядах бөгөөд хоосоор сэтгэл эвдрэн байх үес баруун гэрээс өнөөх гурван хүн бас гурав дөрвөн хүний хамт гарч ирээд, нүдээ бүлтийлгэн, шүдээ ярзайлган, тэдгээр хүлэгтэй хүмүүсийг би үүнийг ингэж ална. Чи түүнийг тэгж ал гэж заан хэлэлцэх нь үнэхээр махчин мангас гэгч шиг. Гэтэл нэг ногоон дээлтэй хив хадаг барьсан хүүхэн тэдний дунд салбаганан явах бөгөөд хооронд дуугарахы нь сонсвол дарь эх гэнэ. Алцаганан Болдын дэргэд ирж би үүнийг маргааш ална гэж маузер буугаар чичих нь инээдтэй ийм өлөгчин бас явалцана.
Өнөө өглөө гарсан Болд мөн үдэш санамсаргүй буугийн аманд тохиолдоод байгааг хэн олж мэднэ.
Yдийн хонь ирсэнгүй, бас үгүй болоход Болдын гэрийн хүмүүс гайхан ядаж, морио алдав уу, юу болов гэж дэмий эргэцүүлнэ. Гэтэл нар шингэх үед Балгармаа хүрч ирээд, Болд буцаж ирсэн эсэхийг асуухад тэд ихэд сочин, эдүүгээ хүртэл ирээгүй гэх бөгөөд ямар учир болсны төлөвийг Балгармаагаас сонсоод Болдын эцэг эгч хоёр морь эмээллэн даруй эрэхээр явав.
Тэдгээр хүмүүсийг дээрэмчин буюу зандалчин гэж хэлэлцэн хүүрнэж байхад зүүн айлын Гонгор тайж суулцаж байсан билээ.
Энэ хүн бол хуучин цагийн нэг феодал, ноднин өвөл ба мөн хавар Тариатын хүрээ хэд орохдоо ихээхэн лам нартай удаа бүр учирт эсэргүү гаргахын үнэрийг бага мэдсэн боловч баахан айж дув дуугүй чагнаж суусан хүн тул, энэ мэтийг сонсоод тархинд нь гэрэл тусч, хөл дэгдэн тэсэхгүйдээ арга гаргаж, Болдын тул лам нараас төлөг үзүүлж ирье гэж шалтгаалж, хуучин янзын дээлээ өмсөн, жинсээ сэмхнээр өвөртлөн яаран мордож Хүрээний зүг явав.
Гонгор явах зам нэгэнт харанхуй болж, бүдэг бараг одны сүүмэлзэх гэрэлд бодож санаж явах нь хуучин засаг болбол, дээдсийг бялдуучлан, доодсыг дарлана гэж зүрх нь дэлдэх бөгөөд айл аймаг суугаа Болдыг туслах бус, харин тэр үрэгдвэл гэрийн хөгшид бүсгүйчүүдийг мэхэлж дарлаж, хөрөнгөнөөс нь завшина гэж шүлс цувруулж цээж нь урагш тэмүүлэн, бөгцийн шогшино. Гэтэл Болдын гэрт хоцрогсод алмайран байх үес гадна хүн “Нохой хорь!” гэхэд Болдын эх яаран гарвал, Балдан гэгч хүн мориноосоо бууж байна. Түүнийг морь их хөлөрч амьсгаа нь зогсохгүй. Балдан: “Авгай сайн уу!” гэж гэрт орж, мэнд амрын дараа нэг аяга цай уухын зуур хойд хоршоог эсэргүүчүүд ирэн дээрэмдэн түймэрдэв. Эрхлэгч байсан нэг хүн баригдав. Би арай зугтан гарав. Барьсан хүнийг бараг алдаг гэнэ. Алахдаа айхтар тамладаг гэнэ. Баруун хойд сумдаар ийм явдал гараад одоо нэлээд хоног болж байна гэхэд хөгшин залуу бүгдээр дуу алдан сандрах бөгөөд Болдын эх: “Хүү минь!” гэж хашгиран муужран унав. Балгармаа галын хажууд уйлан цухалдана. Болдын өвөг эцэг одоо дүрвэж нүүх буюу хэрхэхийг Балдантай ярилцах ба хүүгийн хойноос бачимдана. Гэрийн дотор уйлаан майлаан, үймээн сандраан болон учраа олж чадахгүй байхад Балдан өгүүлэх нь: “Уйлж сандраад ямар тус ажээ. Харин хотоос ардын цэрэг ирж байгаа тул эртхэн түүнд хэл болон газарчилбал, гагцхүү аврагдах магадгүй. Миний морь эцсэн, нүд бас муу, та ийм настай, хүүхэд багачуул байхгүй юу? Танай айлын Гонгор яасан бэ?” гэж Болдын өвөг эцэгтэй хэлэлцэхийн хамт галын хажууд уйлан суух Балгармаа “Би явъя!” гэж даруй босоход тэд зэрэг зэргээр шөнө орой болох гэж байхад газар мэдэхгүй ганц хүүхэд чи яаж чадна гэж хоригловч, Балгармаа үүнд “Би эс явбал, хэн явах вэ” гэж шууд марган гарч явав.
Балгармаа гэрээс гарахад нэгэнт бүрий барай болжээ. Хаяа тойроход замхарч бүхий цагаан гэгээний дунд түүний саарал морины хоёр чих соотгонон хөдөлж байх бөгөөд тушааг тайлан мордоход газар цавчлан явахыг тэмүүлэх нь Балгармаагийн хотоос гармагц даруй хатируулан зүүн өмнө зүг явав. Хөөрхий бяцхан охин гүн шөнө юуны тул хэрхэх, явахыг болзоход бэрх.
Хөмсөг шиг шинэ саран агшин зуураа далд оров. Эсрэг этгээдээс шөнийн салхи сэр сэр хийхэд Балгармаагийн дотор жихүүцнэ. Сэтгэлийн дотор нь уягдаж байсан Болд үе үе үзэгдэж, үе үе үгүй болно. Аяа, учирч уулзахын заяа нэн явцуу болжээ.
Өндөр давааг өгсөн гүн ойн дотор ороход хав харанхуйн дунд энхэл тонхол үргэлж тохиолдож, энд тэнд тас няс чимээ гаран, морь байн байн зог тусах бөгөөд түүнээс зам алдаж шивэр модны дотор дөрвөн зүгийг ялгахгүй, хүн олонд тусыг хүргэнэ гэсэн нь харин эзгүй хээр газар чоно араатны зууш болоход бэлтгэгдэж, цухалдан айх цочих үргэлжлэн байтал гэнэт модон дотроос буун дуу гарч түүний сум толгой дээгүүр сүнгэнэн өнгөрөхөд морь нь бусган тогтож ядан байхын зуур хажуугаас нь хоёр цэргийн хүн тулж ирэн буу сумлан Балгармааг юун хүн вэ? гэж зандрахад Балгармаа, Ардын цэрэг болохыг таниж, нэгэн зэрэг баярлаж бас сүрээс нь айн хирдхийж учир байдлыг тоочин хэлсэнд харуулын цэрэг байлдааны дүрмээр түүнийг барьж штабын газар хүргэв.
Балгармаа тэр шөнө байцаалган хянуулж, үнэн байдлаа мэдэлцсэн хойно маргааш үүрээр цэргийн хамт явах замд сэтгэл яаран, Болдын царай харагдан, амь алдсан болов уу? гэж ямагт бодогдох бөгөөд оронд одохыг орхиж мэдэх газар усны нэрийг цэргийн дарга нарт хэлж өгөн даруй айх эмээхийг мартан байлдааны газар буун дууг сонсохыг хүсэн явна.
Ирээдүйн хэргийг яахан болзоно. Юу болохыг хэн мэднэ. Арван хэдэн хүлээтэй хүн цөм энэхүү дэлхий дээр эцсийн шөнийг гаслантайгаар унтах хатуу зоригийг нэгэнт барьцгаасан бөгөөд гагцхүү хойно бэлбэсрэн өнчирч хоцрох хүүхэд ба эцэг эхийн энэлэхийн тул зовнин урт урт шүүрс алдалцсаар байтлаа өглөөний тунгалаг наран гарч ирээд бас л тэдний дээр гэрлээ тусгана.
Өнөөх жанжин манжин гэгчид нь зуурдын дэвсгэртээ цадтал унтаад өлссөн чоно шиг босож ирэн, нэг хүнийг авчран хоёр гурваараа бөөгнөрөн хонь алах гэж байгаатай адил хутга гаргаж өвчүүг хадахад мэсийн ирэнд мөгөөрс нь ширчигнэж, муухай дуугаран хавьчих бөгөөд зүрхийг сугалан авахад нэг чанга дуун алдан эцэслэв.
Yүнийг хүн төрөлхтөн нүдээрээ үзэж чадашгүй байтугай сэтгэлд бодон түвдэшгүй, хэний ээлж одоо болох бол гэж нүдээ анина.
Тэр зэрлэг араатан шиг хөлхөлдөн тэдний хажууд ирж хүнийг шилэхэд Болд олныг нүдээр үзэж гасалснаас одоо тарчилж үхвэл дээр гэж намайг аваач гэсэнд чиний дураар болдог юмуу гэж өөр нэг хүнийг хөтлөн явахад тэрхүү хүн нүдээ бүлтэлзүүлэн чичрэн дагжин шууд буудан алахыг гуйх бөгөөд үнэхээр төмөр чулуу шиг зүрхтэн боловч, тэсэшгүй байтал, тэгвэл аа бүр тарчлааж ална гэж хоёр гурван хүн дарж арьсы нь яран судас шөрмөсий нь нэг нэгээр сугалсаар гурав дөрвөн цаг гаслуулан бархируулан байж бас хагас амьтайгаар хаясандаа ханаж, энэ өдрийн зугаа энэ хоёроор бага тайтгарчээ.
Аяа зэрлэг тамын орон гэж үгүүлдэг байдаггүй юм, харин энд гардаг байжээ. Эх болсон зургаан зүйлийн амьтны тусын тулд гэсэн лам нараас ийм тиймийг харин өгүүлдэг байжээ. Хэдэн хүлээтэй хүн хэдий тус тусын амыг хорлон үхэхийг эрмэлзэвч хөдөлж чадахгүй тул шөнийн харанхуйд өдрийн аюултай тамлал нүдэнд харагдан, сэтгэлээс нь гарахгүй бас нэг шөнө тарчилна.
Хэрхэн энэлэвч хүн тул аргагүй үүр шөнийн үеэр өчүүхэн нойрт дарагдаж, агшин зуур амгалан болж байтал гэнэт их буун дуу хэдэнтээ дуугарахад бүгдээр сэрж чагнавал, тэртээ уулын хажуугаас ардын цэрийн тавих их буун дуу яруу сайхнаар дүнгэнэх нь чихэнд яруу сайхан бөгөөд бас л сэтгэл сэргэнэ. Тэдгээр хүлээстэй хүмүүс тус тус баярлан, зориг төрж, бид алагдавч яах вэ. Энэ муусайн зандалчингуудын даруй сөнөх цаг ирлээ гэж ярилцана.
Жанжин манжин нь босч сандран гүйлдэв.
Жагсаалын цэргээ бэлтгэх юм болв. Чавганц хөгшид, лам мам нар нийлж навсайж савсайлцан эрэмдэг зэрэмдэг буу сэлэм, эвэг хулсан нум сум, бялуу шийдэм хүртэл барилан, атга шороо тариндуулан өвөртөлсөөр ардын хуягт цэргийг эсэргүүцнэ гэж хэд хэдэн зуун хүмүүс болон хэдэн буутайдаа туулган одох нь инээдэмтэй.
Агаарын онгоц нисэж ирэв. Айж сандравч тархан унана. Хуягт тэрэг хүрээд ирэв. Хуйлран гүйлдэж энд тэнд үхнэ. Хоромхон зуурын дотор өөр ертөнц болов. Хойд даваан дээгүүр улаан туг хийсэн үзэгдэхэд хүлээстэй хүмүүсийн нар гарч, ардын цэргийн ура гэж хашгирахад авилгаач харгисуудын сүнс зайлан, ард түмний сүлд хөгжинө.
Балгармаа хувьсгалт цэргийг дагалдан давхиж, бахдан баярлах боловч Болд яасныг мэдэхгүйдээ бачимдан нүд тавьж, алагдсан хүний хүүр тохиолдвол ажиглаж үзэн явсаар хэдэн цэргийн хамт өнөөх хүлээстэй хүмүүсийн дэргэд ирж хоёр нүднээс нулимсыг гарган, Болдыг тэврэн унав.
Цэргүүд тэдний хүлээсийг тайлж, сувилахад, Балгармаа Болдын хүлгийг тайлж сувилна.
Нэг өглөө, үдшийн гайхамшиг ийнхүү өнгөрч, ардын улаан цэрэг олны дайсныг дарав. Болд, Балгармаа хоёр үзээгүй юмыг үзээд, буцах замдаа тарсан, хоньдыг цуглуулан тууж, баясан ярилцсаар харав.
Энэ үе Идэрийн гол мөн хэвээр урссаар.

1933 он

ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ

 

 

С.Мөнхбат: “Баасан гараг” бол архи үйлдвэрлэгчдийн бидний амьдралд суулгасан хор мэт код
С.Мөнхбат: “Баасан гараг” бол архи үйлдвэрлэгчдийн бидний амьдралд суулгасан хор мэт код
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​