Л.Мягмаржав: М-Си-Эс Групптээ холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье


Монголчууд анх удаа Олимпын наадамд багийн спортын төрлөөр оролцох эрх авсан түүхэн үйл явдал энэ сарын 1-нд боллоо. Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд ТОКИО 2020 олимпын эрх авах орнуудыг зарлах ёслолын ажиллагаа Японы Уцуномияа хотод болж, эхний багуудыг зарлалаа. Уг ёслолын ажиллагаанд Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны Удирдах Зөвлөлийн Комиссын гишүүн, Монголын 3х3 Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав оролцсон юм. Түүнтэй утсаар холбогдож цөөн хэдэн асуултад хариулт авлаа.

Сайн байна уу? Юуны өмнө танд болон танай холбооны хамт олонд, тамирчдад халуун баяр хүргэе.

Баярлалаа. Японы Уцуномияад болж буй FIBA 3x3 World Tour Final тэмцээний үеэр Токио 2020 Зуны Олимпын наадамд 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр оролцох эрх авсан эхний багуудыг зарлалаа. Эмэгтэйчүүдийн төрөлд олимпын эрх авсан эхний дөрвөн багт Монгол Улсын шигшээ баг шалгарсан нь яах аргагүй түүхэн үйл явдал. Эрэгтэй шигшээ баг маань дараагийн 3 эрхийн төлөө өрсөлдөх 20 багийн хамгийн эхэнд нэрлэгдлээ.

Эрэгтэй шигшээ баг эрхээ шууд авах болов уу гэсэн хүлээлт хөгжөөн дэмжигчдийн дунд байсан?

Эрэгтэй шигшээ баг ирэх оны гуравдугаар сард Энэтхэгт болох тэмцээнээр олимпын эрхийн төлөө хүч үзнэ. Япон зохион байгуулагч орон тул Олон Улсын Олимпын хорооны баталсан дүрмийн дагуу шууд эрхээр эрэгтэй багаа оруулж, манай баг эрхийн тэмцээнд орох боллоо. Гэсэн ч бидэнд эрэгтэй, эмэгтэй байгаараа Токиогийн Олимпод оролцох боломж бий. Монгол Улс анх 1964 онд Токиогийн Олимпод орж байсан түүхтэй. Энэ хугацаанд чөлөөт бөх, бокс, буудлага, жүдо гэсэн ганцаарчилсан төрлөөр 29 медаль авсан. Харин энэ удаа 2020 оны Токиогийн Олимпод Монгол Улс багийн төрлөөр анх удаа орох гэж байна.

Манай баг тамирчид энэ амжилтыг үзүүлэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар?

Мэдээж холбооны олон жилийн тууштай хөдөлмөр, тамирчдынхаа нөр их хичээл зүтгэлийг хамгийн түрүүнд дурдах нь зүйн хэрэг. Хэчнээн авьяас чадвар байгаад дэмжлэггүй бол амжилт үзүүлэхэд бэрх зүйл бол спорт. Энэ спортын хөгжилд оруулсан М-Си-Эс Групп, тодруулбал М-Си-Эс Кока-Кола компани, Энержи Ресурс компанийн дэмжлэг, хувь нэмрийг дурсахгүй өнгөрч болохгүй. М-Си-Эс Групп 2005 оноос 3х3 сагсан бөмбөгийн спортыг “гудамжны” хэмээн нэрийддэг байсан үеэс эхлэн тасралтгүй дэмжиж, үр дүнд нь өнөөдрийн амжилтыг хамт бүтээлцэж байгаадаа бид бүхэн баяртай байна. М-Си-Эс Кока-Кола компанийн хамт олон олон жилийн тууштай үйл ажиллагаагаараа энэ амжилтад хүргэлээ. М-Си-Эс Групптээ Сагсан бөмбөгийн 3х3 холбооны нэрийн өмнөөс болон тамирчид, хөгжөөн дэмжигчдийн зүгээс, хувиасаа гүн талархал илэрхийлмээр байна.

Япон дахь шууд дамжуулалт орон даяар цацагдаж, тамирчид, дэмжигчид “Монгол Монгол” хэмээн дуу нэгтэй уухайлж, уйлж баярласан сайхан агшныг бид бүхэн үзсэн. “Монгол” хэмээн зарлах тэр мөчид танд төрсөн сэтгэгдлээ хуваалцана уу?

Монголд манайхан “3х3 Олимп хүрэх зам” ёслолын ажиллагаа зохион байгуулж, Японд болсон үйл явдлыг орон даяар шууд дамжуулан хүргэсэн. Японд мөн адил нөр их хөдөлмөрийнхөө үр дүнг үзэж, эрхээ авч баярласан бусад улс орнуудын сагсан бөмбөгийн удирдлагууд байлаа. Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбооны ерөнхийлөгч ноён Нианг, Ерөнхий нарийн бичгийн дарга Андриас Загклис нар хүрэлцэн ирж оролцлоо. Бүгд л хөөрсөн, талархсан халуун уур амьсгал дунд байлаа. Манай Монгол Улсыг 3х3 сагсан бөмбөгийн амжилтаар нь дэлхий мэддэг болсон нь харагдлаа. Улаанбаатарт очиж үзэх хүсэлтэй маш олон орны төлөөлөл байсан.

Та тун саяхан Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны Удирдах Зөвлөлийн Комиссын гишүүнээр сонгогдсон.  Олон Улсын түвшинд Монголын баг, тамирчдын нэр хүнд өндөрт байгаагийн илрэл гэж бодож байна.

Маргаангүй. Монгол Улсын 3х3 багуудын сүүлийн жилүүдэд үзүүлж буй амжилтууд болон бидний олон улсын түвшинд зохион байгуулж байгаа тэмцээнүүдийн түвшин үнэлэгдсэн нь тодорхой. Хамгийн гол нь 3х3 сагсан бөмбөгийг бүх насны ангилалд цогцоор нь хөгжүүлэх тогтолцоог бий болгохоор зорин олон орноос тэргүүлж алхан үлгэр жишээ болж байгаа гэж үнэлэн бодлогын түвшинд оролцуулах болсон гэж ойлгож байна. Ингэснээр манайд цаашид олон боломж бий болно, хөгжлийн олон хөтөлбөр хэрэгжүүлэх хаалга нээгдэх юм.

Баярлалаа.

 


Энэ мэдээ таалагдаж байвал: