Мөрдөгч, хэсгийн төлөөлөгчөө ХӨСӨР ХАЯСАН Монголын ЦАГДАА


"Орон гэртээ харилгүй cap болж байна. Аймгийнхаа долоо, найман суманд болж байгаа хэрэг, осол аваар бүхэн дээр очих ёстой. Нэг сумаас нөгөө сум руу давхина. Хулгай дээрмээс эхлээд очихгүй, орхиж болдоггүй хэрэг, зөрчил нэгээхэн ч үгүй. Хоолгүй, нойргүй явах өдрүүд олон. Өвдөх эрхгүй, хувийн амьдралынхаа зовлон гачаалыг яриад төрийн ажлыг хойшлуулах ямар ч боломжгүй. Үр хүүхэд, эхнэр, орон гэрийнхээ барааг харахгүй хоёр, гурван cap болох ч үе бий" хэмээн ажлынхаа онцлогийг ярьж суусан залуухан мөрдөгчийн яриа өнөөдрийн сэдвийг хөндөхөд хүргэлээ.

Цагдаа олон нийтийн газарт бие зассан, өөрийн эзэмшлийн орон сууцаа мартсан... гэх мэт мэдээлэл нийгмийн нэг хэсгийг цахим орчинд багагүй бухимдуулсан. Энэ бүхнийг зөвтгөх гэсэнгүй гэдгийг энд тодруулъя.

Хөдөө хөхөрч гадаа гандсан эгэлхэн амьдралтай зуу зуун эрчүүд орон нутаг, аймаг, сум, багт хэсгийн төлөөлөгч, мөрдөгчөөр томилогдон ажилладаг. Гэвч тэдний унтах, амрах, байрлах өрөө тасалгаанаас эхлээд унаа тэрэг, бензин тос хөсөр хаягдсан нөхцөл олон байна. Тухайлбал, цагдаагийн алба хаагчийн хувцас, хэрэгслийг бүрэн хангахад жилд 20 орчим тэрбум төгрөг шаардлагатай ч улсын төсвөөс үүний дөрөвний нэгийг л өгдөг гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Ялангуяа, замын зохицуулагчаас эхлээд орон нутгийн цагдаа, мөрдөгчдийн хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, машин хангамж муугаас болж нэг сумаас нөгөө рүү очиж чадахгүй байх, хүний унаанд дайгдах тохиолдол гардаг гэнэ.

Тэр бүү хэл цалингаасаа албаны ажил бүтээхийн тулд бензин, шатахуун хийх ч үе байдгийг хэлж байгаа юм. Бид мөрдөгчийн амьдралын жаргал зовлонг ойлгохын тулд долоон сумын хэрэг, зөрчил хариуцаж ажилладаг гэх залуухан мөрдөгчтэй холбогдож уулзсан юм. Түүний нэр, харьяалсан орон нутгийг тодорхой бичихгүй байхаар тохиролцсоны дагуу эх сурвалжаа нууцаллаа.

Учир нь цагдаагийн албанд зүтгэж байгаа хэн ч тушаалын дагуу ам нээх онцгой эрх, үүрэг хүлээдгийг нь хүндэтгэх ёстой билээ.

Бид цагдаа гэхээр яагаад ч юм тушаасан, заавардсан, хатуу чанга эрс хэмээн төсөөлдөг. "Цагдаа цагийн найз" хэмээн муутгадаг. Гэтэл мөрдэстэй, тангараг өргөсөн эдгээр эрсийн нийгмийн асуудал орхигджээ. Ялангуяа, сум, орон нутгийн цагдаа нарт хэрэг зөрчлийн мэдээ хүлээн авсан даруйдаа аваад гарах унах тэрэг ч байхгүй тохиолдол бий гэнэ. Манай улс 21 аймаг, 330 сумтай.

Сум бүрт ихэвчлэн хоёр цагдаа үүрэг гүйцэтгэдэг, энхийг сахиулдаг. Гэтэл сумын хэсгийн цагдаа, төлөөлөгч гэх хоёр хүн монголын цагдаагийн байгууллагын хийх ёстой ажил, иргэнд үзүүлэх бүхий л үйлчилгээг үзүүлэх нийтлэг үүрэгтэй. Энэ нь цухасхан харахад өргөсөн тангаргаасаа няцахгүй байх ёс болон тогтсон цагдаагийн ажлын загвар мөн ч нөгөө талаас нь бодвол хэрээс хэтэрсэн ачааллыг хоёрхон хүний нуруунд үүрүүлсэн дарангуйлал мөн аж.

Дарангуйлал хэмээсний учир нь тухайлбал, Төв аймгийн сумдад өрнөж бай-гаа бүхий л осол аваар, хэрэг, зөрчлийг хоёрхон цагдаа бүртгэж, албажуулна гэсэн үг. Ийм байхад орон гэртээ очиж амрах, халуун хоол цайгаа тогтсон цагтаа идэж уух, ядаргаа, ачааллаа арилтал унтаж амрах, эхнэр хүүхдэдээ цаг гаргах, халамжлан анхаарах боломж эдгээр цагдаа нарт олдох уу. Ямар сайндаа л гурван cap орон гэр, эхнэр хүүхдийнхээ барааг хараагүй сумаас сум дамнаад явна гэх яриаг сонсох вэ дээ.

ЦАГДААГҮЙ ГУРАВ ХОНОВОЛ БИДНИЙ АЖЛЫГ ОЙЛГОНО

"Цагдаа нарыг тойрсон асуудал олон нийтийг бухимдуулж байна" хэмээн дараагийн асуулт тавьж амжаагүй шахам суутал "Монгол Улс цагдаагүй 72 цаг болоход л эмх замбараагүй болно.

Гурав хоног цагдаагүй байлгахсан гэж заримдаа боддог. Бидний ажлыг яг энэ үед л ойлгох байх. Мэдээж мянга мянган цагдаа дунд ганц хоёр хүн нь хазгай гишгэх, хэн нэг өөнтөгч хүний нүдэнд буруу үйлдэл хийж харагдах л байх.

Гэхдээ бид хамгийн болохгүй, бүтэхгүй бүх харилцааг зохицуулдаг хүмүүс. Маш хүнд нөхцөлд ажиллана. Уур бухимдалтай, уй гашуудалтай хэцүү бүхний өөдөөс тулдаг. Энэ бүхнийг ойлгох хүн бараг байхгүй.

Гэр бүлийнхэн л ойлгодог" хэмээн даруухан хариулсан. Сумаас сум дамнаж, зөрчлөөс зөрчил рүү давхиж, хэргээс хэрэг рүү шилжиж явсаар залуу насаа дуусгадаг бололтой. "Биднийг улаан дохиураа бариад л халаас нь түнтийж ахуй нь дээшилдэг хэмээх буруу ойлголт олон хүнд байдаг юм шиг. Гэтэл бид чинь зарим үед утсандаа ч нэгжгүй, машиндаа ч бензингүй болох үе зөндөө.

Зарим үед мачийж мачийж олсон сарынхаа цалингаар бензин хийнэ, дуудлагаар очсон айлдаа талх, мах авч өгсөн жишээ ч бий. Гэлээ гээд бид тус дэм болсноо яриад явдаггүй. Тэгж ажил, мэргэжлээ сурталчлах, өөрийгөө тодруулах үүрэг чиглэл ч байдаггүй" гэсэн. Цагдаа, мөрдөгч, хэсгийн байцаагч нар авто замын осол болон хүний амь нас эрсдсэн үйл явдал л битгий гараасай хэмээн залбирдаг гэдгийг тэрбээр онцолсон.

Хүүхэд насны мөрөөдлөөрөө жигүүрлэж цагдаа болсон эрчүүд цөөнгүй байдаг. Гэтэл эрүүл мэнд, нийгмийн асуудал, хувийн амьдралын бүхий л хэрэгцээ, шаардлага нь хөсөр орхигдож сум, сууринд ажлын таатай нөхцөлгүй орхигдсон мөрдөгч, хэсгийн байцаагч нараа Монголын цагдаа харах цаг болжээ. Орчин нөхцөлийг нь сайжруулахаас эхлээд ачааллыг нь бууруулах чиглэлд боловсон хүчний бодлого хөндөх цаг болжээ.

Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааны шинэчлэл ярьж эхлэхгүй бол хуучирсан арга барилаар сум, орон нутаг дахь цагдаа, мөрдөгчийн ажил урагшлахгүй байгааг анхаараач.

Хэдийгээр монголын цагдаагийн бодлого, үйл ажиллагааг сүүлийн арваад жилтэй харьцуулбал, гэрэл гэгээтэй, олон нийтийг соён гэгээрүүлсэн, зөвд уриалан дуудсан ажлууд бишгүй өрнөж байгаа. Өөрөөр хэлбэл, цагдаа, олон нийтийн хамтын ажиллагаа нягт болж байна гэчихвэл буруутахгүй ээ. Энэ нь иргэд рүү хандсан олон ч ажлыг хийж ирсэнтэй холбоотой.

Ингэхдээ олон нийт рүү хандсан, цагдаагийн байгууллага өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилсан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхдээ иргэдийн дэмжлэгийг татан оролцуулсан бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн нь өдгөө цагдаагийн алба нээлттэй болж байна гэсэн үнэлгээг авсан.

Жишээлбэл, олон нийтийн цагдааг сонгон шалгаруулж, оюутан эргүүл, нийтийн болон урамшуулалт эргүүлүүдийг ажиллуулдаг болсон, "School police"-oop дамжуулан эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахад оролцоод эхэлсэн гээд цагдаагийн ажилтай иргэний үүрэг нэг юм гэдгийг ойлгуулсан нь сайшаалтай олон ажлыг нэрлэж болно.

Үүгээр нийт цагдаагийн ажлыг харлуулах гэсэнгүй, сум, орон нутагт ажиллаж амьдарч байгаа мөрдөгч, хэсгийн төлөөлөгчийнхөө нийгмийн асуудлыг бүхий л түвшинд нь анхаараач гэдгийг л дуулгах гэв.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Би · [103.9.90.98] · 2019/10/21

    зөв асуудал хөндсөн байна, энэ яг үнэн шүү