ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУДЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг ням гарагт Говь-Алтай аймагт ажиллалаа. Ардын дуу, бүжгийн "Алтай" чуулгад болсон уулзалтад аймгийн төв болон Тайшир, Цогт, Дэлгэр, Халиун зэрэг сумдын багш, соёл, спортын салбарын ажилтан, албан хаагчид, Анагаах ухааны сургуулийн төлөөлөл оролцож, тулгамдсан асуудлаа салбарын сайддаа уламжиллаа.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Ж.Мягмар, Говь-Алтай аймгийн удирдлагууд оролцож, асуултад хариуллаа.

Сайд хэлсэн үгэндээ багш нарыг хичээл сургалтаас өөр ажилд дайчлахгүй байж, үндсэн ажлаа хийх, өөрийгөө хөгжүүлэх боломжоор хангахын төлөө салбарын яам тодорхой шийдвэрүүд гаргаж, орон нутагт чиглэл өгсөн гэлээ.

Мөн ерөнхий боловсролын сургалтын чанарын үнэлгээгээр Говь-Алтай аймаг тэргүүлж байгаад баяр хүргээд амжилтаа бататгахыг хүслээ.

Томилолтын бүрэлдэхүүн Алтай хотод баригдаж буй АШУҮИС-ийн хичээлийн байр, Номын сан, Усан бассейн, 100 болон 320 хүүхдийн суудал бүхий цэцэрлэгийн барилгын явцтай танилцаж, зарим байгууллагын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг ирэх төсөвт багтаахаар боллоо.

БСШУС-ын сайд Завхан аймгийг зорив.

 


Энэ мэдээ таалагдаж байвал: