Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Чингэлтэй дүүргийн 11-р хороонд байрлах “Хүчит шонхор” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар махны худалдаа эрхэлж буй худалдаа эрхлэгчдийн худалдаалж буй маханд гарал үүслийн гэрчилгээ, дагалдах төлбөрт үйлчилгээний хуудасгүй, бөөнөөр нийлүүлэхдээ бэлтгэн нийлүүлэлтийн гэрээгүй, нийлүүлсэнийг нотлох падаан баримтгүй, ул мөр тогтоох урагш, хойш шатны бүртгэл бүрэн гүйцэд хөтөлж хэвшээгүй зэрэг зөрчил илэрчээ.
Мөн зориулалтын бус тээврийн хэрэгслээр мах, махан бүтээгдэхүүнийг тээвэрлэж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай орчинд мах, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ эрхлэж байгаа иргэдэд зохих арга хэмжээ авч ажиллах тухай Хүчит шонхор ХХК-д улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгсөн байна.
Мөн эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчин нөхцөлд буюу машинаас худалдаа эрхэлж байсан 40 иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулжээ.