Монгол дахь Оросын бодит ашиг сонирхол (Шинэ хувилбар)


Судлаачийн хувийн бодол эргэцүүцэл гэж энэ өгүүлийг хүлээн авах биз ээ. Гэхдээ төр засагтаа санаа сэдэл өгөхийг зорино. Монголын төдийгүй Оросын судлаачдын сонорт ч хүрээсэй билээ. Монголчууд бид Орос оронтой харилцах гэж ардчиллын жилүүдэд хангалттай мунгинлаа. Одоо ч төөрөгдлөөсөө бүрэн гарч зүгширч чадаагүй байна. 

Орос төдийгүй гадаад түнштэйгээ ажиллахдаа монгол өнцгөөсөө хандах гээд, өөрсдийнхөө байр суурийг тулгах гээд, эсвэл олон дахин хувираад, бодлого нь олон солигдоод гадаад түншүүдээ залхаах талдаа. Харин хаа очиж оросууд тэвчээртэй, бас биднийгээ сайн таньдаг тулдаа биднийг дагаж хямрахгүй, бодлого үйл ажиллагаагаа бусниахгүй явж ирсэн. Тэр бол яалт ч үгүй үнэн.

Монгол-Оросын хамтын ажиллагааны ЗГХК гэж байна. Тэр комиссын шийдвэр Монголын талд хэрэгжихдээ тун адармаатай. Манайхан хэлсэндээ байхгүй, нэг ярьснаа хэрэгжүүлэхгүй, Оростой харилцдаг салбарынх нь удирдлага байн байн солигдоод, Оросын талыг цөхрөөх гайхшруулах явдал олонтаа. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан 2014 онд Монгол Улсад ажлын айлчлал хийснээс хойш 5 жил өнгөрч, энэ жил 80 жилийнх нь ойг тэмдэглэх болж байгаатай холбогдуулан тэрхүү айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ-ын хооронд тохиролцсон ажлууд ямар явааг би товчхон дүгнэх гэсэн юм. Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрлээ, хоёр талын харилцааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө манай Засгийн газар ажилласаар байна гэсэн сүржин мэдэгдэл энд хийх гээгүй.

Хоёр улсын цэрэг-техникийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэж тэр үед хоёр улсын Төрийн тэргүүнүүд үзсэн. Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэх, цэргийн боловсон хүчин бэлтгэх зэрэг уламжлалт хамтын ажиллагаа үр бүтээлтэй өрнөж байгааг тэмдэглэх нь зөв. Энэ салбарт харин ахицтай яваа болов уу.

Хоёр орны худалдааг эрчимжүүлэх, тэнцвэртэй хөгжүүлэх нөхцөл бүрдүүлнэ гэж зорилт тавьсан нь хүссэн үр дүндээ хүрээгүй явна. Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үүний дотор мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, нэхий эдлэл, монгол гэр зэргийг ОХУ-ын зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх зорилгоор хэлэлцээ хийж, эрх зүйн үндсийг боловсруулна гэсэн нь хэрэгжээгүй. Мөн худалдааг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх, үүний тулд холбогдох баримт бичгийг байгуулах, Монголд рублийн хэрэгцээт нөөцийг бий болгох үүднээс 50-100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах асуудал хаа байна вэ? Дэд бүтцийн чиглэлээр “Улаанбаатар төмөр зам”-ыг далайцтай шинэчлэхээр тохиролцож, үүний тулд хос төмөр зам барих, төмөр замыг цахилгаанжуулах ажлыг яаралтай эхлүүлэн, 2020 он гэхэд дуусгана гэсэн нь бас байхгүй. Монголын төмөр замын дамжин өнгөрүүлэх боломжийг бүрэн ашиглана, ОХУ, БНХАУ-ын хооронд дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийн хэмжээг дорвитой нэмэгдүүлнэ гэсэн нь бас таг. 

Монголын төмөр зам гэхэд төрөөс зүгээс бодлогоо 2012 онд маш тодорхой тогтоосон. Гагцхүү тэр бодлогоо хэрэгжүүлэлгүй нэг төр солигдоход А-аас Б хүртэл төмөр зам тавина гэдэг. Дараагийн төр “Үгүй. Б.-ээс Д рүү төмөр зам тавина” гэсээр  өнөөдөр нэг км зам ч тавьсангүй. Төрийн бодлогын залгамж чанар байхгүйн гамшгаар ийм байдалтай 10-аад жил өнгөрөх гэж байна.

Ази-Европыг, Орос-Хятадыг холбосон хамгийн дөт зам тул бүс нутгийн сүлжээнд Монголын дамжин өнгөрөх тээврийн зам өндөр ач холбогдолтой нь мэдээж, тэр ач холбогдлыг тэмдэглэхээс цаашгүй өнөө хүрчээ. Эхний ээлжинд Сүхбаатар-Сайншанд-Замын-Үүдээр жилд 100 сая тонн хүртэл ачаа нэвтрүүлэх чадамжтай цахилгаанжсан хос зам барьвал мөн ч сайхан байна. ТЭЗҮ нь эрхбиш хийгдсэн, эсвэл хийгдэж байгаасай.

В.Путины айлчлалын нэг чухал үр дүн нь “Иргэд харилцан зорчих нөхцлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан явдал байсансан. Монгол, Орос хоёрулсын иргэд ийнхүү тодорхой хугацаанд харилцан визгүй зорчдог болчихсон, тэр нь монголчуудын хувьд Орост бизнес эрхлэх хэрэгцээ сонирхолд нь маш том түлхэц болох учиртайсан. Гэтэл төдийлөн амжилт олсон юмгүй, хүнсний бараа бүтээгдэхүүн оруулж ирэх, жуулчин илгээхээс хэтрэхгүй байгаа нь худлаа биш. Монголын бизнесийнхэнд Дорнод Сибирь, наанадаж Буриад, Эрхүү нээлттэй байна.

Манайхан харилцаа, хамтын ажиллагааны асуудлаа хурдан хугацаанд, амар хялбар шийдэх хүсэлтэй, тэр хүсэл нь тэрхэн үедээ биелсэн бол цаад түншээ тэгсгээд орхидог. Оросын байгууллага, компани, бүр томроод хил орчмын бүс нутгуудтай урт хугацааны түншлэлтэй баймааж нь харилцаа хөгжинө. Монголчууд энэ тал дээр анхаарах ёстой. Орос руу мах, хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүн экспортлох тухай 5 жилийн өмнөх тэр тохиролцоо олон жилийн ярианы сэдэв боллоо. Сибирийн махны хэрэгцээг хангана, манай мах чанартай ба амттай гэж ирээд л. Орос гаднаасаа хориг тавиулаад Шинэ Зеландаас нийлүүлдэг мах нь зогсчихсон, тэгвэл түүнийг орлуулах малын мах Монголоос авъя гэж дээд түвшинд ярилцсан, түүнд нь манай мал аж ахуй бэлтгэх юм болсон. Бүр ийм тоон харьцааг ч манайхан гаргачихсан байж билээ. Шинэ Зеланд нь 40 сая хоньтой, 8 сая бод малтай юм билээ, тэгвэл 60 саяд хүрч яваа энэ их малаа эдийн засгийн, гадаад худалдааны эргэлтэд оруулна гээд л хөөрцөглөсөн. Гэтэл түүндээ хүрсэн үү?Махаа Оросын зах зээлд гаргах хүсэлтэй байлаа гэж бодоход хорио цээр, гарал үүслийн зөвшөөрөл явдаггүй. Ингээд бодоход өнгөрсөн 5 жилд Оростой ямар дорвитой хамтын ажиллагаа өрнүүлэв дээ? 

 

Дутагдлын шалтгааныг би хайж байна, зөндөө ч бичлээ. Төдөн он гэхэд тэгчихнэ, тийм тийм бүтээн байгуулалт хийхээр тохиролцов гэж айлчлалын албан бичигт бичдэг, дарга нар мэдээлдэгийг монголчууд юу гэж ойлгодогов гэхлээр оросууд орж ирээд хамаг ажлыг нь хийгээд өгчих юм байна, тэгэх нь байна гэсэн гэнэн итгэлээр хүлээн аваад хүлээгээд суучихна тэр. Хүлээлтээ больмоор байна. Оросыг харах сэтгэлгээ, соёлын мэдрэмжээ бид өөрчлөх ёстой. Нөгөө л орос хүнийг социализмын үеийн “ах нар-ахан дүүс” гэсэн уламжлалт хандлагаараа амарчлах хялбарчлах гээд, асуудлыг газар дээр нь амар хялбараар шийдэх гээд байдгийг нь шүүмжилмээр байна. Өнөөгийн оросууд чинь Зөвлөлтийн үеийн оросуудаасаа өөр болсон, Орос орон зах зээлийн харилцаанд шилжсэн гэдгийг манайхан ойлгодоггүй. 

 

Монгол-Оросын харилцаа ийн өрнөж байх явцад Оростой хамтын ажиллагааг айхтар шүүмжлэлтэй харж явдаг бизнесч нэг нөхөр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялж гарч ирээд хоёр жилийг тууллаа. Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бүр идэвхжүүлж, хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах хүслээ илэрхийллээ. Шинэ түвшин шүү. ОХУ-тай Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор, төмөр зам, эрчим хүч, хөдөө аж ахуй, рублийн зээлийн асуудлаар ярилцсаар байна. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт Оростой хамтын ажиллагаа нэмэгдүүлэхэд Ерөнхийлөгч онцгой ач холбогдол өгч байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ч тодорхой төсөл хөтөлбөрүүд дурдаж Монголтой хамтран ажиллахдаа хөдөө аж ахуй, монгол малыг эрүүлжүүлэх болон дэд бүтцийн салбарын хөгжилд ихээхэн анхаарал хандуулж цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлнэ. Транзит тээврийн хөнгөлөлттэй тарифын хэлэлцээр, хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд шинэчлэл хийх зэрэгт Орос ихээхэн анхаарал хандуулж байгаа хэмээн ярьсаар. Ихэнхи нь яриа, монголчууд нэг сонсоно, сонссоноо оросуудаар хийлгэнэ гээд горьдоно, хүлээнэ. Бахь байдгаараа.

Төр засгийн түвшинд их томоор Оросыг хэрхэн харж байна вэ? Нөгөө л гуйх, тусламж авах, Монгол-Оросын харилцааг Монголын дотоодын бэрхшээлээ шийдвэрлэхэд ашиглах, тодорхой хэлбэл монголчуудын ядуурал, ажилгүйдлийг шийдэхэд Оросыг оролцуулах гэсэн болхи сэтгэлгээн дээрээ л бууна, явж явж.

Монгол-Оросын хоорондын харилцааны түвшинг дээшлүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хоёр талын эдийн засаг, зам тээвэр, дэд бүтэц, санхүү, хилийн боомт, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаанд бодит ахиц гаргах гэх мэтөндөр, дээд түвшинд олон чухал асуудлаар тохиролцсоныг Монголын тал, манай байгууллага, иргэд идэвхийлэн хэрэгжүүлэх тал дээр тун хойрго байна уу даа гэх хардлага надад бий. Гологдох бүү хэт чамлагдаад байгаа учраас оросууд тэгсгээд орхидог.

Эдийн засгийн утгаар Оросоос яг Монголыг зориод ороод ирсэн томхон шууд хөрөнгө оруулалт алга. Том салбар руу Оросоос орж ирэх хөрөнгө оруулалтын тухай Монголын тал томоор сэтгэх хэрэгтэй болсон байна. Манай баялгийг боловсруулаад цаашаа гурав дахь орны зах зээлд (тухайлбал Хятадын) гаргах дээр шөл өөр төсөөлөл надад төрөөд байна.

Дэлхий дахин атомын эрчим хүчийг сонирхож байна, тэр сонирхол өсч байна, учир нь ашиг өгч байна, нэг доллар зарцуулаад гурван доллар олох тийм технологийг бүтээлээ, ерөөсөө тулхтай хөгжлийн үндэс нь атомын генерац болох юм байна гэдгийг би хоёр өдөр сонсож мэдэж, итгэж бишэрч яваад ирлээ. Дэлхийн түвшинд чөлөөтэй ярилцдаг сэдэв, даян дэлхийгээр атомын түншлэл явуулах дээрээ тулчихсныг би Сочид олон улсын атомын үзэглэсэн-бага хурал дээр олж харлаа. Дэлхийн 70 гаруй улсаас 3500 төлөөлөгч хоёр өдөр хуралдаж илэн далангүй ярилцлаа. Бөмбөрцөгийн гуравны нэгийн төлөөлөл нь. Уран, атомтой төдийлөн холбоогүй, өмнөх уулзалтуудад оролцдоггүй байсан олон улс төлөөлөгчөө ирүүлжээ. 

Атом, уран, цөм гээд ярихтай зэрэг монголчууд эвгүйцээд, иргэний хөдөлгөөнүүд эсэргүүцээд сүйд болдог. Би ч бас тэр өнцгөөс хардах маягтай явж ирсэн. Мардай гэж тайлагдашгүй нууц, говьд ураны цацрагт хордсон хүн мал, шар нунтаг гээд манайхан түгээмэл харддаг даа. Хардлага байхыг үгүйсгэх гээгүй. Харин эл форумд оролцоход «Nuclear for better life» гэсэн сэдэвтэй байсанд нь олзуурхаад гүнзгийрүүлж судаллаа. Ерөөсөө ядуурал гуйранчлал, өлсгөлөнг арилгах, цэвэр усны хангамж, агаарын бохирлыг арилгахад атомын технологийг ашиглаж болох юм байна. Атом, уранаас айх хэрэггүй юм байна. Цаашлаад чанартай боловсрол, сайн эрүүл мэнд, нэр төртэй ажиллах бүх нөхцөл нь атом, уранаас эхлэх юм байна гэж тэнд ярьж байх юм.

Манай улс чинь ураныхаа нөөцөөр дэлхийд 10 дугаарт явдаг, дэлхийд 5.7 сая тонн уран илэрснээс манай улсад 141.5 мянган тонн илэрсэн гэж байна. Гэхдээ бид цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулсан ганц ч алхам хийгээгүй, айж цэрвэсээр яваа, харин түүнийг нийгэм-эдийн засгийн хөгжилдөө ашиглаад толгой цохиж яваа Канад, Австрали, АНУ, ОХУ, Казахстан гээд эхний байрт явж байна. Сонирхуулахад “AREVA” гэх францын цөмийн эрчим хүчний компани 1997-1998 онд Монгол, Казахстан хоёр руу шууд зэрэг явж орсон байдаг юм билээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт шүү дээ. Манайхан “AREVA”-г юу болгож тавьчихаад, хөөж гаргачихаад байж байгааг уншигчид мэдэх тул би ярихгүй. Харин өнөөх Казахстан нь эдүгээ цөмийн эрчим хүч ба ураны дэлхийн том тоглогч болчихсон, эхний “Топ 5” дотор яваа нь энэ юм. Хорин жилийн дараа Монгол нь нойл, нөгөөх нь дэлхийн Топ 5-ын нэг болчихсон. Бид хасагуудаас дор улсууд биш шүү дээ. Тэд 20 жилийн өмнө мөн л нойл үзүүлэлттэй байсан байж таарна. Иймд бид дэлхийд 10 дугаарт ордог нөөцөө эдийн засгийн эргэлтэд нэн яаралтай оруулах ёстой. Дэлхий дахины хандлагыг ч тусгаж авах хэрэгтэй. Хүн төрөлхтөний мөнхийн хэрэглээ нь эрчим хүч, бид тийм их эрчим хүчний нөөцтэй, том тоглогч байх бүрэн бололцоотой.

Шинээр цөмийн эрчим хүчний станцаа барьж байгуулж байгаа улсууд бидэнд бодит жишээ сургамж болно. ОАЭ, Беларусь, Литва, Турк, Вьетнам, Иордан, Польш, Бангладеш, Малайз, Индонез гээд жагсаалт бий юм билээ. Тэдний төлөөлөгчид Сочид уригдаж Оросын цөмийн технологийг их сонирхож байна. Оросыг түшсэн буюу түших сонирхолтой гэж ойлгогдлоо. Цөмийн эрчим хүчний салбарт Орос хошуучилж яваа гэж Сочид бидэнд ойлгуулсан. ОХУ-д 35 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, улсынхаа нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 18.59 хувийг үйлдвэрлэж, шинээр 8 реактор барьж байгаа юм билээ. Цаашид 25 реактор барихаар төлөвлөж, дахиад 23 реактор нэмж барихаар зорьж, цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг 2020 онд 23 хувь, 2030 онд 25 хувьд хүргэхээр бодлого, төлөвлөгөөндөө тусгажээ. Түүнээс гадна Хятадад байгуулж өгсөн, Энэтхэгт байгуулж байгаа гээд гадаадын том улс гүрнүүд Оросыг түшиж түншилж байна.

Тиймээс би ингэж үзлээ. Юу гэвэл Монгол-Оросын хамтын ажиллагаанд цөмийн эрчим хүч шинэ хуудас болж орж болно хэмээн би үзэж байна. Оросыг сайтар судалдагийн хувьд би харж байна. Оросын Монгол дахь бодит сонирхол юу вэ гэхэд л цөм-атомын эрчим хүчний салбар болж тунаж үлдэнэ дээ. Орос хэрэв хүссэн бол манай уул уурхайн бүх салбарууд үнэндээ нээлттэй байна шүү дээ. Зэс, нүүрс, алт, бусад байгалийн түүхий эд рүү гадаадын бусад хөрөнгө оруулагчидтай өрсөлдөөд ороод ирэхэд манайхан Орос руу илүү хандах нь ойлгомжтой. Гэтэл Орос өөрөө тэгээгүй. Оюутолгой, Тавантолгойд Орос хувь эзэмшинэ, ашиг орлого хүртэнэ гэж хөндлөнгөөс дайрсангүй, тэр ч бүү хэл Эрдэнэтээсээ ч татгалзаад байх шиг. Төмөр зам, дэд бүтэц, хийн хоолой, газрын тосны хоолой гээд манайхан тэргүүлэх ач холбогдол өгөөд байдаг боловч тэр салбарууд нь Монгол дахь Оросын бодит ашиг сонирхол мөн үү гэж асуулт тулгаж тавибал биш болж л таарах гээд байдаг. Тэгвэл яг тэр бодит ашиг сонирхол нь юу вэ гэвэл цөмийн эрчим хүч л болж таарах болов уу. 

Бид энэ талаар сэтгэж бодож, бодлого боловсруулж хамтран ажиллахыг нэн даруй зорих хэрэгтэй. 

 

2019.06.13

Судлаач, профессор Д.Баярхүү

Baabar.mn сайтаас зохиогчийн зөвшөөрлөөр авч нийтлэв.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [202.179.27.229] · 2019/09/30

    Оролстой харилцаа бол бидний хамгийн чухал харьцаа. Энэ харилцааг барууны гар хөл болсон тэднээс хахуул авч эх орноо худалдсан урвагчид төөрөгдөлд оруулж бузарласан. Монголын нийгэм бол түүний 2200 жилийн түүхэн замнал, соелд сууриласан нийгэм байх ёстой болохоос Ардчлал гэх Америкийн цагаачдад тохирсон нийгэм угаасаа огт биш юм. Иймд нэн даруй залруулга шинэчлэл шаардлагатай.


  • Батболд · [202.21.108.94] · 2019/09/29

    Бид Оростой харилцах гэж огт төөрөлдөөгүй шүү балай Баярхүү гуай минь.Манай улсын бодлого дэндүү тодорхой.Харилцан ашигтай хөгжье гэж л байгаа.Оросын их гүрний гэх хэт дээрэнгүй бодлогын улмаас хоёр орны харилцаанд ямар ч ахиц гарсангүй.Биднийг үргэлж хараа хяналтандаа байлгах гэж улайрч ирэв.Орос өнөөдөр дэлхийн бүх оронтой тэр дундаа хил залгаа бүх оронтойгоо хэрүүл маргаантай, заримынх нь газар нутгийг булаан авч түрэмгий бодлого явуулж байна.Ийм байхад Оростой хэвийн харилцаа тогтоож болох уу? Манай бараа бүтээгдэхүүнд олон жил өндөр татвар ногдуулж хясаж боож ирлээ.Одоо ч энэ нь хэвээрээ үргэлжилж байна.Баярхүү та согтуу биш бол үнэн бодитой юм бичнэ шүү.


  • ondor nastan · [182.160.33.80] · 2019/09/29

    ter huseed baigaa ih tom salbartai ni hamt mah ekcportloh, il dald uurhainuudaa ch hamtarsan bolgooch dee.. guya dagaj huzuu gej...