Нийгэм / 2019/09/16 / 1

“Цэвэр агаартай-Автомашингүй өдөр”-ийг улирал бүр зохион байгуулна



“Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” арга хэмжээ өчигдөр болж өндөрлөлөө. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нарын албаны хүмүүс оролцлоо.




Тус арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал болохыг онцлоод нийтийн тээврийг хөгжүүлэх, түрээсийн орон сууцны хөтөлбөрийг өргөжүүлэх шаардлагатай байгааг тодотгосон юм.

Мөн Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч  Д.Мөнхжаргал хэлэхдээ "Улаанбаатарчууд бидний тулгамдсан асуудал, бидний үр хүүхдийн эрүүл мэндийг сүйтгэж байгаа асуудал бол агаарын бохирдол гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Агаарын бохирдлыг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цэвэр агаартай автомашингүй өдрийг бид тэмдэглэж байна.

Агаарын бохирдлын 20 гаруй хувийг үүсгэгч нь автомашины утаа байдаг. Автомашины утаа жилээс жилд нэмэгдэж байна.
Улсын хэмжээнд жилд дунджаар 10 хувиар машины тоо нэмэгдэж байна. Тийм учраас зуны улиралд ч гэсэн азотын давхар исэл гэх мэт 270 гаруй нэр төрлийн хорт бодис, элементүүдийн хэмжээ буурахгүй байгаа юм.

Тиймээс бид нийслэлийнхээ иргэд, үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаар энэ үйл ажиллагаанд нэгдэн ажиллаж байна.
Энэ жилийн хувьд онцлог жил байгаа. Есдүгээр сарын 15-ны энэ өдөр шинэ галлагааны нэг шат ахисан системд шилжиж байна.
Өнөөдрөөс эхлэн иргэд маань сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлж байгаагаараа онцлогтой байна.
Нийслэлийн иргэн бүр агаарын бохирдлыг бууруулахад нэг алхамыг хийж хувь нэмрээ оруулъя хэмээн уриалж байна" гэв.



“Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” өдөрлөгийн үеэр 5000 дугуйчдын парад, Нийслэлийн Спортын хорооноос 9 дүүргийн Биеийн тамир, спортын хороодтой хамтран Д.Сүхбаатарын талбайн баруун талын авто замын дагуу “Спортлог Улаанбаатар” биеийн  тамир, спортын өдөрлөг зохион байгуулж 730 гаруй хүн оролцсон байна. 





Мөн 1000 гаруй сайн дурын залуус оролцож, иргэдэд мэдээлэл түгээж ажиллажээ. Түүнчлэн СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн дүрслэх урлагийн ангийн 40 гаруй сурагчид гар зургийн үзэсгэлэнгээрээ оролцсон нь олны анхаарлыг ихээхэн татаж байв. 





Үзэсгэлэнгийн зорилго нь иргэд, хүүхэд багачуудад цэвэр агаартай хотод амьдрахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг уран зургаар дамжуулан илэрхийлж тэднийг татан оролцуулах аж.

Үзэсгэлэнгийн үеэр хөрөг зураг зурах, хүүхдүүдэд зураг зурах техник заах, нүүрэн дээр зураг зурах зэрэг үйлчилгээг явуулсан байна.

“Цэвэр агаартай-Автомашингүй өдөр”-ийг улирал бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.



  • zochin · [43.242.242.165] · 2019/09/18

    Автомашингүй өдөр болгосноор юу өөрчлөгдсөн юм. харин ч ажил хөөцөлдөж байгаа хүнийг бухимдуулж түгжирсэн тэнэг шийдвэр. Амьдрал нь тэгширсэн, ажил нь амжилттай яваа амрах зугаацах шаардлагатай иргэд бидний дунд хэд байгаа билээ. Өвөл хаяанд тулчихсан байхад зугаацаад л байх уу.