Улаанбуудайны урамшуулал Ч.Улаан сайдын толгойг “аврав”


Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч амаралтын өдрүүдээр газар тариалангийн бүс нутагт ажиллаж, энэ жилийн ургацын байдалтай танилцлаа. Энэ үеэр Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланчидтай уулзахдаа  улаанбуудайн урамшууллыг нэмэгдүүлж тонн тутамд нь 100 мянган төгрөг болгохоор амлачихлаа. Одоо 50 мянган төгрөг байсан энэ урамшууллыг нэг дахин нэмэгдүүлж байгаа нь энэ.  

Тэрбээр тариаланчдын урамшууллыг ингэж огцом нэмэгдүүлэх болсон  шалтгаанаа  стратегийн хүнсний бүтээгдэхүүн гурилын үнийг тогтвортой байлгах, хангамжийг сайжруулах үүднээс энэ жилийн нөхцөл байдал  болон тариаланчдын хүсэлтийн дагуу нэмж байгаа гэдгээ хэлсэн. 

Ерөнхий сайдын энэ өгөөмөр амлалт энэ жилийн хувьд гурилын үнийг тогтвортой байлгах боломжийг бий болгох нь гарцаагүй. Салбарын сайд Ч.Улааны “хар” толгойгоороо хариуцах ачааны нэг нь энэ гурилын үнэ байсан билээ.  Түүнийг нь Ерөнхий сайд нь шийдээд өгчихлөө.  

Одоо махны үнэ ханш гэж нэг айхтар ороолж жороолоод байгаа “барам” байгаа. Энэ үнэ ханш Улаан сайдын суудалд айхтар халтай ч болж мэднэ.  Өдий үеэр дээд зах нь сайндаа 3500-аас хэтэрдэггүй  хонины гулууз гэхэд 7500 төгрөгөөс буухгүй байна.  Мах хамгийн хямдардаг есдүгээр сард одоо байгаа энэ үнэ 200-300 төгрөгөөр өссөн гэдгийг “Хүчит шонхор”-ынхон хэлнэ билээ.

Энэ намрын тухайд урьдчилсан балансаар 420.0 мянган тонн буудай хурааж авахаар байна. Ингэснээр  дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. Харин үүний урамшуулалд 42.0 тэрбум төгрөг хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл  21.0 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр хэрэгтэй гэсэн үг. Тариаланчдад амласан энэ эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэдэг нь харин анхаарал татна.

Энэ намрын хувьд монголчуудын мөнгөний хэрэглээ урьд урьдынхаас их байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  ард нийтийн санал асуулга явуулахад 30 тэрбум төгрөг хэрэгтэй.  Үүнийг ямар эх үүсвэрээс гаргах нь тодорхойгүй байгаа. Ямартай ч Засгийн газрын нөөц хөрөнгийн үлдэгдэл хүрэлцэхгүй гэдгийг ЗГХЭГ-ын дарга нь хэлсэн. Мөн Сангийн сайд нь төсвөө хэмнэх замаар зохицуулж болно гэсэн санаа илэрхийлж АН-ынханы  ам хэлний бай болоод байгаа. Үнэхээр ч төсөв бол хөдөлшгүй, батлагдсан хууль гэсэн үг.  Зөвхөн УИХ нь хэлэлцэж  тодотгол хийх дархан эрхтэй.  

Урьдах 30 тэрбумаа шийдээгүй байтал дараагийн 21 тэрбум төгрөг нэмэгдэж байна. Үүнийг тариаланчдадаа зориулж байгаа боохоор татаж цааргалах аргагүй. Өөрөөр хэлбэл зорилго нь зөв гэсэн үг.  Харин төсөвт л тодотгол хийж байж эх үүсвэрийг нь батлах гарц ганц  байгаа байх.

Манай улс ОУВС-тай байгуулсан гэрээндээ нэмэлт зардал гаргахгүй байх үүрэг хүлээсэн. Амьдрал баян юм болохоор  яаж  ч болохгүй зардлууд гарч л таарах юм байна.

 Г.Тулга

Zaluu.com


Энэ мэдээ таалагдаж байвал: