АмЧам буюу Америкийн худалдааны танхимын энэ удаагийн уулзалтад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар оролцож салбарынхаа талаар мэдээлэл өгч, олон нийтийн анхаарал татаад буй асуултуудад хариуллаа. Энэ үеэр “Оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын буюу “Дубайн гэрээ”-г цуцлах тухай УИХ-аас томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлтийн талаарх түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- Оюутолгой дээр хангалттай улс төр хийж, хангалттай зовоож байгаа. Одоо "Оюу толгой"-оор улс төр хийхээ болих хэрэгтэй.
- Монголын төр тухайн цаг үедээ шийдвэрээ гаргаад, олон улсын гэрээ, конвенцэд үндэслэн хэлэлцээр хийсэн. Монголын төр бол төр.
- “Оюу толгой”-оос “Рио Тинто” гараад явчихлаа гэж бодъё. Хэн орж ирэх вэ?
- Гүний уурхайн бүтээн байгуулалтын төсөл дээр дэлхийн 15 том банк ажиллаж байгаа. Энэ бол тоглоом биш. Сэтгэлийн хөөрлөөр шийдчих асуудал биш.
- Гадаадын хөрөнгө оруулагчдад итгэж, сэтгэл гаргаж, хүндэтгэлтэй, ухаантай хандах ёстой.
- Гэрээг төгс гэж хэлэхгүй. Засах хэрэгтэй. Ширээний ард суугаад, хэлэлцээд, ухаалгаар ярих ёстой. Хар муйхраар явж болохгүй.
- Хайгуулын 17,000 тусгай зөвшөөрөл олгосноос ганцхан Оюутолгойн орд л илэрсэн. Энэ орд Монголыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлж буй. Роберт Фрийдланд Оюутолгойн энэ ордыг нээсэнд нь бид талархах ёстой.
- Дахиад хэд хэдэн Оюутолгой байгааг үгүйсгэхгүй. Тиймээс хайгуулаа урагшлуулах хэрэгтэй.
- “Оюу толгой”-г зогсоохгүй, гэрээг цуцлахгүй. “Оюу толгой” төслийг Засгийн газар зогсооно гэж байхгүй.
- “Оюу толгой” төсөл урагшлах ёстой. Цахилгаан станцаа хугацаандаа барьж, гүний уурхайн үйлдвэрлэлээ эхлүүлэх ёстой.
- Ямар ч тохиолдолд сайдын хувьд салбараа хамгаална. “Оюу толгой”-н гэрээнд санаа зоволтгүй.