Монголбанкнаас өчигдөр мэдэгдэл гаргаж “Капитал” банкийг татан буулгах шийдвэр гаргаснаа танилцуулсан. Олон нийт “Капитал” банкийг УИХ-ын гишүүн Б.Ундармаагийнх гэж ойлгодог. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас сэтгүүлчид зарим зүйлийг тодруулах гэсэн боловч “Би “Капитал” банкинд ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Гэхдээ ийм шийдвэр гарахад улс төрийн нөхцөл байдал нөлөөлсөн гэж бодож байна” гэснээс өөр тайлбар өгсөнгүй. Түүний тайлбараас “Би “Капитал” банкинд ямар ч хувьцаа эзэмшдэггүй” гэдэг нь анхаарал татлаа.
АТГ-аас саяхан төрийн өндөр албан тушаалтнуудын 2018 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг танилцуулсан. Энэхүү танилцуулгаас харвал УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Капитал” банкны 99.97 хувь буюу нэг сая 300 мянган ширхэг хувьцааг эзэмшдэг юм байна.