МУ-ын Филармонии гоцлол дуучин Б. Монголхүү ОХУ-ын алдарт дуучин Надежда Обуховойгийн нэрэмжит VIII дахь удаагийн олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Гуравдугаар байрыг эзэлжээ.
Энэхүү уралдаан нь ОХУ-ын Липецк хотод энэ сарын 22-25 хооронд зохиогдсон бөгөөд манай улсаас МУ-ын Филармонии гоцлол дуучин Б. Дэлгэрбаяр, мөн
Б. Уранзолбоо, Д. Олонбаяр нар оролцжээ. Надежда Обуховойгийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Орос, Монгол, Англи, Солонгос, Хятад, Казакстан, Израиль, Болгар, Армени, Вьетнам, Аргентин зэрэг улсын дуучид өрсөлджээ.
Мөн Б. Монголхүү нь энэ сарын 13-21 ны хооронд ОХУ-ын Тихвин хотод зохиогдсон алдарт хөгжмийн зохиолч
Н. Римский-Корсаковын нэрэмжит XI дахь олон улсын уралдаанд дуурь, романс гэсэн 2 төрөлд тусгай байр мөн МУ-ын Төрийн Соёрхолт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б. Шаравын “Хайрхан уулын бараа” бүтээлээр “Эх орны шилдэг бүтээл”-ын шагналыг хүртжээ.
Үүнээс гадна олон улсын уралдаанд удаа дараа оролцож эх орныхоо нэрийг гаргаж байсан удаатай. Түүний амжилтаас дурьдвал 2016 онд ОХУ-ын Курск хотноо зохиогдсон нэрт хөгжмийн зохиолч Г. Свиридовын нэрэмжит олон улсын уралдаанд II байр, 2017 онд ОХУ-ын Красноярск хотноо зохиогдсон П. Словцовагийн нэрэмжит олон улсын уралдаанд II байр, 2016 онд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохиогдсон нэрт дуучин Б. Штоколовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд III байр, 2016 онд ОХУ-ын Владикавказ хотноо зохиогдсон нэрт дуучин
П. Лисицианы уралдаанд IV байрыг эзэлсэн билээ.