Ардчилсан Намын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд, Д.Мурат нарын тус намаас сонгуульд нэр дэвших эрхийг дөрвөн жил хасах шийдвэр гаргажээ.
Энэхүү шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэгт сая танилцуулсан байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тухайд удаа дараа намын бодлогын эсрэг үйлдэл гаргасан учир ийнхүү хөөсөн ажээ.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахын эсрэг байр суурьтай байсан гурван гишүүндээ улс төрийн хариуцлага тооцно гэж байсан. Гэвч гурван гишүүнийг гурвууланг нь намаас хөөвөл АН УИХ-д бүлэгтэй байх боломжгүй болох учраас ийнхүү нэг гишүүнийг хөөж, нөгөө хоёрт нь нэр дэвших эрхийг нь хасах арга хэмжээ авч байгаа аж.