Аливаа үндэстний хоол хүнс, ахуйн соёл, эрүүл аж төрөх дадал зуршил ямархуу түвшинд байгааг дэлхийд тунхаглаж байдаг элэг, ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа Монгол улс нэгдүгээрт жагсаж эхэллээ.

Монгол Улсын Эрүүл мэндийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамтран зохион байгуулж буй “Хүний хөгжил ба амьдралын хэв маяг” үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эхэлсэн бөгөөд тус зөвлөгөөний үеэр дээрх мэдээлэл яригдсан юм. Зөвлөгөөнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын халдварт бус өвчний асуудал хариуцсан төрөлжсөн багийн Нарийн бичгийн газрын дарга Ник Банатвала болон Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Олон улсын байгууллага, салбарын яамд, орон нутгийн Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн 150 гаруй хүн оролцож байна. Монгол Улс жилдээ 57.2 тэрбум төгрөг /24 сая ам.доллар/-ийг халдварт бус өвчний эмчилгээнд зарцуулдаг ажээ. Нас барж буй таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай байгаа төдийгүй тэдгээрийн 75 хувь нь элэг, ходоод, умайн хүзүүний гэсэн амьдралын хэв маяг, дадал зуршилтай холбоотой, сэргийлэх боломжтой хорт хавдар байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид онцоллоо. Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ.

 

Б.Занданхүү

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг