Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийнхээ эхэнд Оюу толгойн цахилгаан эрчим хүчний станц барих ажил удааширч байгааг онцоллоо. Энэ талаар Ц.Даваасүрэн сайд хэлэхдээ "Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэрээс эрчим хүчээ авна гэж заасан. Гэтэл одоогоор тус компанийн удирдлага Монгол Улс дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ ав гэж шаардлага тавих аваас авах ёстой гэсэн тайлбар хийж байна. Оюу толгой төсөл анхнаасаа хөрөнгө оруулалтын гэрээндээ цахилгаан станц барих үүрэг хүлээсэн. Энэ үүргээ л биелүүлэх шаардлагатай" хэмээн хэллээ. Тэрээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Өнгөрсөн хугацаанд Оюу толгойн зүгээс эрчим хүчээ хаанаас татаж авах санал тавьж байсан юм бэ?
-“Рио тинто” компани буюу "Оюу толгой” төсөлд гурван чиглэлээр эрчим хүч барих тухай заасан. Энэ нь өөр дээрээ барьж болно. Монгол Улсаас авч байна. Гурав дахь этгээдээс авч болно. Гэтэл өөр дээрээ цахилгаан станц барьж болно гэдэг зөвшөөрлийг 2012 онд өгчихсөн байсан. Яамнаас зөвшөөрлөө авчихсан. Дараа нь 2014 онд Таван толгойд хамтрах гэрээ байгуулсан байсан. Ингэхдээ өөр дээрээ барих гэрээгээ цуцалсан байдаг. Юу ч хийгээгүй байж гэрээ нь дууслаа. Адаглаад ТЭЗҮ боловсруулаад ажил хийсэн байсан бол "Бидний ажлыг зогсоолоо" гэж болно. Гэтэл юу ч хийгээгүй. Манай яам аль аль төслийг нь дэмжээд явж байсан. “Оюу толгой”-д сонголт хийх бүхий л боломж байсан. Гэтэл одоо хаана барих вэ гэж ярьж байна. “Оюу толгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй.
-“Таван толгой”-той хамтрах асуудлаар хэлэлцээр хийж байсан болов уу?
-“Рио тинто”-той Таван толгой төслийнхэн уулзаж байсан юм билээ. Хамгийн гол нь баталгааг “Рио тинто” гаргаж өгөөгүй.
-“Таван толгой”-н станцыг барих асуудал ямар шатанд яваа вэ?
-"Таван толгой”-н станцаа манай тал барих шийдвэр гаргасан. Харин “Рио тинто” цахилгаан станц барих гурван хувилбарын алийг сонгох нь тэдний асуудал юм. “Оюут олгой” гэрээгээ зөрчөөд байна.
-Багануурын станцын төсөл яаж шийдэгдэв?
-Багануурын станцын тухайд өндөр технологийг тавих гээд байгаа нь буруу биш. Манайд системийн доголдол үүсэх юм. Тохирохгүй технологи байгаа юм. Бид хөрөнгө оруулагч талтай ярьж, техникийн шийдэл тохирохгүй байгааг хэлнэ.