АТГ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах асан Б.Э-г цагдан хорьжээ. Тэрбээр У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад түүний туслахаар ажиллаж байжээ. Дараа нь тэр МИАТ-д удирдах албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд энд байхдаа 600 сая төгрөгийн авлигын хэрэг, төрийн албан тушаал наймаалцсан байж магадгүй гэх үндэслэлээр баривчлагдаад байгаа аж.
Зарим эх сурвалж болон цахим орчинд Б.Э-г Ерөнхий сайдын зөвлөх, туслах гэхчлэн мэдээлжээ.
Харин энэ мэдээллийн талаар Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр "Манайд хоёр "Э" бий. Нэг нь гадаадад томилолттой явж байна. Нөгөөх нь ордонд ажил дээрээ сууж байна. Бидэнтэй холбоогүй шүү" хэмээн цахим хуудсанаа бичжээ. Эндээс харвал Б.Э нь одоо Ерөнхий сайдын ажлын албанд ажилладдаггүй бололтой. Тэгэхээр нэгэн цагт туслахаар нь ажиллаж байсан гэдэг нь илүү бодитой мэдээлэл байж мэдэх юм.
Албан бус мэдээллээр, АТГ-т саатуулагдсан Э нь У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүн байх үед түүний туслахаар ажиллаж байсан Б.Энхбаатар байж магадгүй гэсэн мэдээлэл байна. Тэрбээр одоо МИАТ-ын дэд даргаар ажилладаг аж.
Харин энэ талаар АТГ-аас тодруулахад "Шалгаж байгаа нь үнэн. Маргааш хэвлэлийн хурал хийнэ энэ үеэрээ мэдээлэл өгнө" гэжээ.