Монголын төр дундаж давхаргаа татвараар дарамталж, унагахаар шийдэв үү


Монгол Улсын хүн амын 30 гаруй хувь нь нэн ядуу амьдралтай бол 60 орчим хувь нь дундаж давхаргад багтаж, 10 хүрэхтэй үгүйтэй хувь нь чинээлэг гэсэн ангилалд багтсан. Гэхдээ дундаж давхаргыг бүрдүүлдэг 60 орчим хувь нь дээд ангилал руу орох буюу чинээлэг боломж боломжгүй. Харин эсрэгээрээ нэн ядуу хэсгийг бүрдүүлдэг 30 хувь руу унах магадлалтай эрсдэлтэй дундаж давхарга хэмээн эдийн засагчид ч, улстөрчид ч тайлбарладаг. Учир нь, дэлхийн жишгээр дундаж давхарга гэдэг нь жилдээ 1-2 удаа өөрийн зардлаар тогтмол гадагшаа зугаалдаг, эм, эмчилгээний зардлаа бүрэн даах чадвартай, өөрийн гэсэн байртай гэсэн ерөнхий нэг шалгуурт багтсан байдаг.

Гэтэл манайд эсрэгээрээ. Байрны зээлтэй, цалин нь эрсдэлтэй, гадагшаа явах нь бүү хэл дотоодын аялал жуулчлалд ч оролцох чадваргүй, яаралтай эмчилгээнд явах боллоо гэхэд төлбөрөө төлөх чадваргүй тийм л дундаж давхарга байдаг. Дээр нь, ажлын байр тогтворгүй. Цалингийн өсөлт, бууралт нь хэвийн үзэгдэл байх жишээний. Ийм байхад үе, үеийн Засгийн газар “Дундаж давхарга хүчтэй болж байж улс орон хөгжинө. Тэднийг дэмжих хэрэгтэй” хэмээн уриалах нь бий.

Харамсалтай нь, энэ удаад Засгийн газар ч, УИХ ч дундаж давхаргаа унагах, тодруулбал татвараар дарамталж, орлогыг нь хумслах арга бодож олсон нь Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгосон явдал юм. Учир нь, ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэх татварын шатлалаар сарын 1.5 саяаас дээш цалинтай иргэдээс 10-25 хувийн татвар нэмж авна. Энэ нь хамгийн багадаа 2.2 сая төгрөгийн цалинтай иргэдээс сардаа Засгийн газар 105 мянган төгрөгийг нэмж авна гэсэн үг. Тэгвэл эдгээр иргэдийн хувьд олонх нь буюу 47 мянга нь уул уурхайн салбарынхан. Тэдний хувьд жилийн 365 хоногийн 250 хоногийг нь гэрээсээ алс хол амьдардаг. Өдөртөө төрийн албан хаагчид найман цаг ажилладаг байхад тэд 12 цаг ажилладаг. Тоос шороотой орчинд, газрын гүнд гэр бүлээ санагалзан савласан хоол идэж амьдардаг гэсэн үг. Ийм байхад төр цаг наргүй ажиллаж байгаа хэсгээ ийн татварын шатлал нэрээр мөлжих нь зөв үү.

Цаашлаад үүний ард гэр бүл салалт эрчимжиж, сэтгэл санааны хувьд гүн хямралд байдаг нь үнэн. Тиймээс ч сүүлийн үед уул уурхайн салбарынхны хөдөлмөрийн хуваарийг өөрчлөх хэрэг зүй ёсоор тавигдаж буй. Харамсалтай нь, Засгийн газар ч, УИХ ч тэдний энэ шалтгаан, бэрхшээлийг хүндэтгэж үзсэнгүй. Тэр дундаа гэр бүлийн гишүүдийн нэг нь л ажил хийхгүй бол эргээд гэртээ үлдсэн үр хүүхэд, ар гэрийн амьдралаа зохицуулах үүрэг хоёрдагч хүнд нь буюу гэр бүлийнх нь гишүүдэд үлддэг гашуун дүрэмтэй. Аав нь ажлаа хийж, ээж нь үр хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь авч асрах бүхий л ачааг үүрдэг байгаа юм. Ийм нөхцөлд тэдний орлогыг, цалинг их бага хэмээн хэмжих аргагүй. Нэг хүний цалингаар бүхэл бүтэн гэр бүл амьдардаг гэж үзвэл шүү дээ. Дээр нь, энэ 47 мянган ажилтнууд бүгд зээлтэй. Үгүй ядах нь ээ л, хилийн чинадад мэргэжил боловсрол дээшлүүлж, өөрийнхөө ирээдүйд авах цалингийнхаа төлөө төлбөр төлж, цаг хугацаагаа зарцуулсан хүмүүс. Тэгж байж уул уурхайн хөрөнгө оруулагчдаас боломжийн цалин авах эрх нь үүссэн. Гэтэл төр “Та нар өөрсдийгөө боловсруулах нь буруу байжээ” гэсэн утгатай тулган шаардалтыг хийх нь зөв үү.

Ийм байхад дундаж давхарга яаж хөгжиж, батжиж, амьдралын баталгаатай болох юм бэ. Ер нь бол төр Олон улсын валютын сангийн нэрээр ингэж дарамт үүсгэх нь зөв үү. Учир мэдэх эдийн засагчид, улстөрчид бүгд дор бүрнээ “Олон улсын валютын сан зардлаа тана. Татвараа нэм гэсэн ч яг иргэдийн цалин руу, амьдрал руу ор гэж хэлдэггүй. Чиглэл өгдөг. Татвар хувьчилж нэмэх шийдвэр нь цэвэр Засгийн газрын шийдвэр байсан” хэмээн хэлсээр байгаа. Харин Засгийн газар бүх бурууг Олон улсын валютын санд өгчих санаатай тайлбар хийгээд байдаг.

Мөн дэлхийн улс орнуудад ч ийм шаталсан татварын систем байдаг гэж тэд тайлбарласан. Гэтэл судлаад үзэхээр Японд гэхэд жилийн орлого нь 161 сая төгрөгөөс дээш, Сингапурт 512 сая төгрөгөөс дээш, Малайзад 200 саяас тус бүр илүү гарч байж шаталсан татварын систем үйлчилдэг байх жишээний. Манайд гэтэл энэ харьцуулалт нь 24 саяас 60 сая төгрөгийн босгоор яригдаж байна. Иймд Засгийн газрыг ч, УИХ-ыг ч туйлын эмзэг дундаж давхаргаа татаж унагааж, нэн ядуугийн ангилал руу оруулахыг хүсээгүй л бол татварын харгисласан бодлогоо эргэж харахыг хүсье. Эс бөгөөс дэлхий нийтэд ч, ард түмэнд ч “Дундаж давхаргагүй, нэн ядуу иргэд нь нийт хүн амын 90 хувийг эзэлж байна” хэмээн зарла. Товчхондоо, төрийн хулгайг татвар нэрээр хийхээ больцгоо УИХ-ын гишүүд ээ. Тэр дундаа эрх баригч нам болох МАН-ын мөрийн хөтөлбөрт чинээлэг дундаж давхаргыг бий болгоно гэсэн зорилтоо ч устгах хэрэгтэй биз ээ.


Энэ мэдээ таалагдаж байвал: